Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/1110

 

2025            9          17                                                                                2025/ДШМ/1110

Г.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1463 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.С-д холбогдох эрүүгийн 2308035780437 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овгийн Г-ийн С-, .........., /РД:............./, урьд:

- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдсэн;

Шүүгдэгч Г.С- нь 2021 оны 11 дүгээр сард бусдын өмчлөлийн “Тоуоtа Наrrier” маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр ашиглаж байхдаа явцдаа тус тээврийн хэрэгслийн барьцаалж зээл авах эрх олгосон бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, улмаар тус хуурамч бичиг баримтыг ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК барьцаалан зээлдүүлэх газрыг төөрөгдөлд оруулан “Тоуоtа Наrrier” маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалбар болгон зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг авсан, мөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт “Тоуоtа Prius 30” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т- овогт Г-ийн С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 жил 5 сар 25 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3  жил 9 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-гийн 2025 оны 01 дүгээр сарын сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-гээс 13,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “......” ХХК, хууль ёсны төлөөлөгч Х.Лхагвадоржид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-гийн асрамжид байгаа насанд хүрээгүй 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн А-, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн А-, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Э-, 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн Э- нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгож, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүгдэгч Г.С-гийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэтэл хүүхдүүдийг Г.С-гийн эцэг Н.Г-т хариуцуулж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн гэм буруутай маргах зүйл байхгүй ба хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Иймд хийсэн хэргийнхээ гэм бурууг ухамсарлаж гэмшиж байгааг минь болон үр хүүхдүүдээ өсгөж, асран хамгаалах ба настай ааваа асарч тойлох боломжоор хангаж хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч миний хувьд хэргийн зүйлчлэл гэм бурууд маргадаггүй. Харин шүүгдэгчийн бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эх болохыг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна. Энэ тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял нь хэвээр үргэлжлэх боломжтой бөгөөд дээрх 2 ялыг зэрэг эдлээд мөн хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлээд явах бүрэн боломжтой нөхцөл бүрдэх юм... Хохирол төлбөрийн хувьд тодорхой хэмжээний хохирлыг нэмж төлж байгаа бөгөөд үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсон байгаа. Шүүхээс дахин нэг боломж олгоод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугийн зарчим, шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд залилах гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг харгалзсан. Удаа дараа ял шийтгүүлсэн байх боловч засрал хүмүүжлийг олоогүй байдал зэргийг харгалзаад шүүхээс шүүгдэгч Г.С-д 3 жил, 9 сар, 25 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.С- нь бусдын өмчлөлийн “Тоуоtа Наrrier” маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр ашиглаж байхдаа явцдаа тус тээврийн хэрэгслийн барьцаалж зээл авах эрх олгосон бичиг баримтыг хуурамчаар үйлдэн тус баримтаа ашиглан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-д барьцаалан зээлдүүлэх газрыг төөрөгдөлд оруулан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Тоуоtа Наrrier” маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалбар болгон зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг авсан, мөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин “Тоуоtа Prius 30” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг авч “......” ХХК-д 20,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн Х.Л-ийн бичгээр гаргасан “...Г.С- нь өмнө нь манай барьцаалдан зээлдүүлэх газарт гар утас монетон ээмэг бөгж, тээврийн хэрэгсэл барьцаалан зээл авч миний итгэлийг олж авсан... тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаанд тавьж 20,000,000 төгрөгийн зээл авсан... шалгаж өгнө үү...” гэсэн агуулгатай гомдол /1хх 6/,

хохирогч“......” ХХК-ны “...шүүгдэгч Г.С-гийн дансанд мөнгө шилжүүлсэн...” байдлыг нотолж буй ХААН банкны ......, ...... дугаар дансны хуулгууд /1хх 34-39, 142-250, 2хх 1-20/,

шүүгдэгч Г.С-гийн “......” ХХК-ны барьцаалдан зээлдүүлэх газарт гар утас, бөгж гэх мэт эд зүйл барьцаалан зээл авч байсан талаарх зээлийн гэрээнүүд /1хх 43-50/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №373 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 02227012 дугаартай “тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэх баримт хуурамч...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжилгээний явцыг харуулж буй гэрэл зургууд /1хх 64-70/,

“...“Тоуоtа Наrrier” маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц-гийн Э-ийн эзэмшилд байдаг...” талаарх тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1хх 131/,

хохирогч “......” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Л-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Г.С- орж ирээд .... УНК улсын дугаартай усан цэнхэр өнгийн “Тоуоtа Наrrier” маркийн тээврийн хэрэгслийг гэрээ хийж 10,000,000 төгрөг авмаар байна гэж хэлэхээр нь би 10,000,000 төгрөг байхгүй байна, чи өөр газраар үйлчлүүл гэхэд С- байгаа мөнгөө боломжоороо өгчих, одоо гэрээгээ 10,000,000 төгрөгөөр хийгээд 2-3 хоногийн дотор үлдэгдэл мөнгөө авч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд, 2,500,000 төгрөгийг ХААН банкны ...... тоот дансаар, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийг ХААН банкны ...... тоот дансаар нийтдээ 10,000,000 төгрөгийн барьцаанд тавьж зээлийн гэрээ хийгдсэн. ...Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын эхээр тухайн тээврийн хэрэгслийн эзэн гэх залуу гарч ирээд “...би машинаа авмаар байна, Г.С- гэх эмэгтэй түрээсийн гэрээ хийж миний машиныг түрээслэн унаж байсан, ямар шалтгааны улмаас танай ломбард өөр хүний нэр дээр байдаг машиныг барьцаанд авч байгаа юм бэ...” гэж асуухаар нь би тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг үзүүлсэн чинь “...наадах чинь хуурамч байна...” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 55-56, 58-59, 61-62/,

яллагдагчаар Г.С-гийн: “...Би машин түрээсийн газраас машин түрээсэлсэн. ...сүүлдээ өр зээлээ дийлэхээ байгаад машин түрээсийн газарт машиныг чинь барьцаанд тавьчихсан байгаа гэж үнэнээ хэлсэн. Л-ид ч үнэнээ хэлсэн. .... УНК улсын дугаартай “Тоуоtа Наrrier” маркийн автомашин бол мөн л түрээсийн автомашин, тухайн автомашиныг би зараас харж байгаад өдрийн 120,000 төгрөгөөр түрээсэлсэн байсан. ...” /1хх 92-93/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар “Залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ хөдөлбөргүй нотлогдсон байна.

Шүүгдэгч Г.С-гийн бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаалах эрхтэй мэтээр “......” ХХК барьцаалан зээлдүүлэх газрыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Тоуоtа Наrrier” маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 10,000,000 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Тоуоtа Prius 30” маркийн .... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 10,000,000 төгрөгийг авч, нийт 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн  “...хуурч, баримт бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт үндэслэлтэй, шүүгдэгч Г.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх 02227012 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх хуурамч баримт бичгийг ашигласан Г.С-гийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг... ашиглах” гэмт хэрэгт холбогдуулсныг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна, “Залилах” гэмт хэргийн  “...хуурч, баримт бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж..” гэсэн шинжийг агуулж байна гэж давж заалдах шатны  шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нар нь “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

              Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялуудаас шүүгдэгч Г.С-д хүнд ялын төрөл болох хорих ялыг сонгон 1 жил 4 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдалд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрх хэмжээнийхээ хүрээнд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчид учруулсан хохирлоос 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан үзээд, түүний бага насны 3 хүүхдийн эхтэйгээ байх зэрэг эрхийг нь үндэслэн анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, урьд шийтгэгдсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” агуулгатай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.С-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 107 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Шүүгдэгч Г.С- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан, шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 13,000,000 төгрөгийн хохирлоос давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад 3,000,000 төгрөг төлсөн болохын дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1463 дугаар шийтгэх тогтоолын:  

            - тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

            - тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

          - тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. ” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдэж, шүүгдэгч Г.С- болон түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Г.С-гээс шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 13,000,000 төгрөгийн хохирлоос 3,000,000 /гурван сая/ төгрөг төлснийг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-гийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 107 /нэг зуун долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

            5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ

 

                              ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

                              ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА