| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0549/Э |
| Дугаар | 562 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 562
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Д.Нямбат,
Шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт М-н П-т холбогдох эрүүгийн 1808024220690 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө М үхрийн фермд малчинаар хамт ажилладаг М.Б-тай айлын үхэр саахгүй байж байгаад сүүгүй болгосон гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж М.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, М үхрийн фермд малчинаар хамт ажилладаг М.Б-тай айлын үхэр саахгүй байж байгаад сүүгүй болгосон гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж М.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн...У гэж хүн 0017 оны 09 дүгээр сараас үхрийн фермд ажилд орох санал тавиад ажилд орсон. Тэгэхэд П, эхнэр О хоёр малчнаар ажиллаж байсан. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр П, О, манай нөхөр Б бид нар айл руу явж сонгино тариад тэндээ архи ууцгаасан. Тэр шөнө гэртээ унтаж байтал П орж ирээд агсам тавиад та нар сэтгэлд нийцэхгүй байна гээд би чиний сэтгэлд нийцнэ гэж яадгийг гээд маргаж байтал миний нүүрэнд нэг удаа гараараа цохисон. Шалтгаан гэвэл П тэнд ажиллаад мал нь их болсон болохоор У ах мал ихтэй болсон учраас нүүлгэх гэж байсан юм, оронд нь манайх үлдэх гэж байтал П дахиад нэг жил ажилламаар байна гэж гуйсан юм билээ. Бодвол бид хоёрыг үлдээх гэж байна гэж ойлгосон байх тэрийгээ эрүүл үедээ хэлэхгүй согтуу үедээ хэлж агсам тавьсан юм...гэх мэдүүлэг /хх-8-9/
- гэрч Г.У-ын мөрдөн байцаалтад өгсөн:...П түүний эхнэр О нарыг би сарын таван зуун мянган төгрөгөөр цалинжуулж жилд нэг тугалтай үхэр бонуст нь өгдөг юм. Түүнээс хойш тасралтгүй 15 жил надтай хамт ажилласан мал нь өсөөд их болчихоор нь би гэрээгээ цуцлаад энэ оны 06 дугаар сард ажлаа өгөх гэж байсан юм. Тэгээд би зургаан сарын өмнө Б гэдэг эмэгтэйг нөхөр Б-н хамт малчнаар авч ажлуулж эхэлсэн юм. Би урьдчилгаа болгож нилээн хэдэн цаас өгөөд малчнаар ажлуулж байтал архидаад байхаар нь би сүүлд 2018 оны 05 дугаар сарын 09-нд ажлуулахаа болилоо гээд явуулсан юм. Урьд өдөр нь архидаад үхрээ саахгүй зодоон цохион үүсгэсэн байсан юм. Би Б-тай уулзаад би чамаас үлдэгдэл болох 420.000 төгрөгөө авахаа болилоо наад мөнгөө П-т зодуулсан эмчилгээндээ зарцуул гэж хэлсэн...Тухайн зодоон болдог өдөр би хотод гэртээ байсан. Хамар нь шалбарсан согтуу, халамцуу байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-13/,
- гэрч О.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн...Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үнээний фермийнхээ ажлынхаа хажуугаар ногоо тарьж байгаа хүмүүс дээр нөхөр П, хамт ажилладаг малчин Б, түүний нөхрийн хамт очиж сонгино тарьсан. Тэгээд тэндээ сонгино тарьж байгаад архидсан. Орой бид дөрвийг гэрт хүргэж өгсөн. Гэртээ байж байтап нөхөр П гараад явсан. Тэгээд би гэртээ үнтаж байтал гадаа орилоон болж эхэлсэн би юу болсон юм бол гээд босож байтал Б гаднаас согтуу байдалтай нүүр ам нь цус болчихсон орж ирээд танай нөхөр П намайг цохичихлоо гээд ороод ирэхээр нь би гараад нөхрөө хайсан чинь Б-гийн нөхөртэй маргалдаад зогсож байхаар нь нөхрийг гэртээ аваад ороод...гэх мэдүүлэг /хх-14/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 6117 дугаартай...М.Б-гийн биед тархи доргилт, хамрын ясны баруун зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчний мурийлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-16/,
- шүүгдэгч М.П-ын мөрдөн байцаалтад өгсөн:...би Б-тэй гэрт нь маргалдаж байтал эхнэр Б нь дундуур орж хэл амаар доромжлоод байхаар нь би нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. ...гэмтлийг би гараараа цохиж учруулсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Б надаас 1.200.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс би 800.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 400.000 төгрөгийг малчнаар ажлуулж байсан Утай ярилцаад шийдсэн. Бид хоорондоо эвлэрсэн, хохирлоо бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-26-27/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч М.П-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-9-10/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч М.П-нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.П-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.П нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР