| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2406090010539 |
| Дугаар | 2025/ДШМ/1123 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/1123
2025 09 18 2025/ДШМ/1123
Б.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Наранхүү,
хохирогч М.Б-,
шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Энхцэцэг
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1669 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Д-д холбогдох 2406090010539 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-гийн Д- /РД: ........./, ........., урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.Д- нь үргэлжилсэн үйлдлээр “банк бус санхүүгийн байгууллагын зээлд хураагдаж байгаа хямдхан “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч М.Б-ий Баянзүрх дүүргийн 25 дугаар “UB” товерын 1 давхарт кофе шопод байхад нь өөрийн эзэмшлийн “ХААН” банк дахь ...... тоот данс руу “ХААН” банкны ...... тоот данснаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч нийт 28,000,000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,
мөн хохирогч Ж.З-ыг Ховд аймгийн нутаг дэвсгэрт байхад нь утсаар холбогдож “банк бус санхүүгийн байгууллагын зээлд хураагдсан хямдхан тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хооронд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 12,500,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ...... дугаарын дансаар, мөн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 6,500,000 төгрөгийг “ХААН” банк дахь ........ тоот дансаар тус тус авч, нийт 19,000,000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:
Шүүгдэгч Б- овогт Б-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-ас нийт 45,500,000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.Б-д 26,500,000 төгрөгийг, хохирогч Ж.З-т 19,000,000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Энхцэцэг давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Д- нь бусдад зээлсэн мөнгөө буцааж авч чадалгүй иргэний хэргийн шүүхэд хэд хэдэн нэхэмжлэл гаргасан байгаагаас 1 хэрэг нь шийдвэрлэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад байгаа бол нэг хэрэгт иргэний хэрэг үүссэн ажиллагаанд байна. Энэ талаараа шүүхэд тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгсөн бөгөөд тухайн хэргүүд шийдвэрлэгдсэнээр хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Түүнчлэн хувийн байдал болох 2 хүүхдээ ганцаараа харж байгаа, бага охин нь 6 сартай нярай байна. Мөн шүүх хуралдааны турш миний үйлчлүүлэгч Б.Д- нь гэм буруугаа хүлээж байгаагаа илэрхийлсэн бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Д-д ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлууд буюу хохирлоо нөхөн төлөхийн тулд Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэгт байрлах шүүхүүдэд маргаан шийдвэрлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох шаардлагатай болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд хүүхдээ бусдаар харуулах зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр, зөвхөн Баянзүрх дүүрэгт зорчих эрхтэй байхаар хязгаарлаж, хэмжээг 1,6 жил байхаар оногдуулсан нь миний үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлөх боломжгүй нөхцөл байдлыг бий болгоод байна. Иймд миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа өөрөө хүлээсэн, нялх хүүхэдтэй, хүүхдээ өөрөө асрах шаардлагатай нөхцөл байдалд байгаа, түүнчлэн хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхийн тулд иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гаргаж хэргээ шийдвэрлүүлэх, шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах зэрэг боломжийг олгож, оногдуулсан ялын хэмжээг бууруулж, зорчих хүрээг өргөтгөж Улаанбаатар хотын дүүргүүдэд байхаар тогтоож, ялын анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нялх хүүхэдтэй. Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаатай холбоотой хүүхдээ ээжийндээ аваачиж харуулах шаардлагатай болдог. Манай гэр Баянзүрх дүүрэгт, ээжийн маань гэр Чингэлтэй дүүрэгт байдаг. Анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа зөвхөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон байгаа. ...” гэв.
Хохирогч М.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны үеэр “хохиролдоо машин суутгуулъя, машин өгнө” гэж хэлж байсан. Би тухайн машиныг хохирлоосоо хасуулж авахаар болсон. Мөн 8 дугаар сарын сүүлээр үлдсэн мөнгөө өгнө гэж хэлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар надад ямар ч машин, мөнгө өгөөгүй байна. Би түүнээс “машинаа өгөхгүй юм уу” гэж олон удаа асуусан. Эхлээд “өгнө” гэж хэлдэг байсан сүүлдээ гар утсаа унтраагаад алга болсон. Би өмгөөлөгчөөр нь дамжуулж л холбогддог. ...” гэв.
Прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай анги 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзээд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны буюу үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээж өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч нь зорчих хязгаарын бүсчлэлээс гарах шаардлагатай болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчдээ мэдэгдэж зохих арга хэмжээг авч болно гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Д- нь үргэлжилсэн үйлдлээр “банк бус санхүүгийн байгууллагын зээлд хураагдаж байгаа хямдхан “Toyota prius 41” загварын тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Б-ээс Баянзүрх дүүргийн 25 дугаар “UB” товерын 1 давхарт кофе шопод байхдаа 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “ХААН” банкны ...... тоот данснаас шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН” банк дахь ...... тоот дансаар авч нийт 28,000,000 төгрөгийн хохирол учруулж “залилах” гэмт хэргийг,
мөн хохирогч Ж.З-ыг Ховд аймгийн нутаг дэвсгэрт байхад нь утсаар холбогдож “...банк бус санхүүгийн байгууллагын зээлд хураагдсан хямдхан тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчоос 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хооронд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 12,500,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ...... дугаарын дансаар, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 6,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН” банк дахь ........ тоот дансаар тус тус авч, нийт 19,000,000 төгрөгийн хохирол учруулж “залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
“... М.Б-ий бичгээр гаргасан “...Б.Д- гэх хүнд 2ш приус 41 машин авахаар мөнгө шилжүүлсэн... одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна...” өргөдөл ...” /1-р хх 5/,
Хохирогч М.Б-ий “... Б.Д- 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин над руу залгаад “...prius 41 маркийн автомашин байна чи авах уу 15,000,000 төгрөгт “Нет капитал” банк бусаас зарах гэж байна” гээд цагаан өнгийн prius 41 маркийн автомашины зураг харуулсан. Би “ХААН” банкны ...... дугаарын данснаас Б.Д-ын ...... дугаарын данс руу 13,000,000 төгрөг шилжүүлсэн... 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Д- над руу дахиад залгаж дахиад нэг “... “Toyota prius 41” маркийн автомашин байна, авах уу бас 15,000,000 төгрөгийн үнэтэй байна...” гэхээр нь цалингийн зээл 15,000,000 аваад өөрийн “ХААН” банкны ...... дугаарын данснаас Б.Д-ын ...... дугаарын данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болсон машин ч байхгүй, мөнгө ч байхгүй, Д- одоо удахгүй гэж өдөр хоног хойшлуулаад өдийг хүрсэн. Нийт 28,000,000 сая төгрөг шилжүүлсэн, үүнээс 1,500,000 төгрөгийг буцаан гуйлган байж төлсөн. Би уг мөнгийг 2 удаа шилжүүлэхдээ Баянзүрх дүүргийн 25 дугаар UB товерын 1 давхарт кофе шопд байх үедээ шилжүүлж байсан. Би гомдолтой байна, би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх 11/,
Яллагдагч Б.Д-ын “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг зээлж авсан. Учир нь би хүмүүст 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд ашиг олох зорилготой байсан. Энэ талаар М.Б-д хэлж ойлгуулаад уг 28,000,000 төгрөгийг нь би нэг сарын дотор өгнө гэж хэлсэн. Тэгээд миний хаан банкны ...... дугаарын данс руу шилжиж орж ирсэн 28,000,000 төгрөгийг хүмүүст 200,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг хүртэлх мөнгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд тухайн үед Б- над дээр ирээд мөнгө хэрэгтэй байна гээд ирэх бүрд нь бэлэн мөнгө ойролцоогоор 500,000 төгрөг орчим өгч байсан. Тэгээд Б-ээс зээлсэн 28,000,000 төгрөгөө сарын дараа өгч чадахгүй болоод Б-д хэлэхдээ хүмүүст зээлсэн мөнгөө авч чадахгүй байна хойшлуулах талаар хэлж мэдэгдэж байсан. Б- хэлэхдээ хүлээж байя, хүмүүсээс мөнгөө авчих гэж байсан. ..... дугаарын данстай Б.О- нь надаас бага хэмжээгээр мөнгө зээлдэг байсан, тэгээд зээлсэн мөнгөө өгч чадахгүй бол “prius 41” маркийн тээврийн хэрэгсэл өгнө гэж хэлж байсан. Үүнийг мөн адил Б-д ойлгуулж хэлсэн. Би хүмүүст 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх зорилгоор Б-ээс мөнгө зээлж авсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би таньж мэддэг ойр дотны хүмүүс, найз нөхөд, хамаатан садан нартаа мөнгө зээлж байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 28/,
Гэрч Б.О-ийн “...Би Б.Д- гэх хүнийг танина. Миний багын найз бөгөөд Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр арван жилийн бүрэн дунд сургуульд хамт сурдаг байсан юм... Б.Д-ас 2023 оны эхээр яг хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байгаа бөгөөд ямар ч гэсэн тэр үед нийт 10 гаран сая төгрөгийг хэд хэдэн удаагийн үйлдлээр зээлийн гэрээ байгуулан зээлж авсан юм... би өөрөө Д-тай гэрээ байгуулан өөрийнхөө “ХААН” банкны ..... дугаарын дансаараа мөнгө хүлээн авсан... Надаас мөнгө олоод өгөөч гэж гуйсан Б- нь “...хэрвээ би чиний олж өгсөн мөнгийг төлж чадахгүй бол өөрийнхөө унаж байгаа “Toyota prius 41” загварын тээврийн хэрэгслийг өгье” гэж хэлсэн. Энэ тухай би Б.Д-д хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 77/,
“Нет капитал” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн NC-01/278-2025 дугаартай “...Б.Д- ажиллаж байгаагүй...” гэх албан бичиг /1-р хх 38/,
“...2023 оны 12-р сарын 20-ны өдөр ...... дугаартай дансруу “bb doogiid гэсэн утгаар 13,000,000 төгрөг... 2023 оны 12-р сарын 28-ны өдөр мөн утгаар 15,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдээлэлтэй хохирогч Б-ий дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх 39/,
“... 2023 оны 12-р сарын 20 болон 28-ны өдрүүдэд хохирогч Б-ээс нийт 28,000,000 төгрөг шилжүүлэн авсан...” гэх мэдээлэлтэй 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Д-ын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх 44-46/,
“...Банк бусаас машин гаргаж өгнө гэж нийт 19,500,000 төгрөг авсан...” гэсэн агуулгатай хохирогч Ж.З-ын бичгээр гаргасан өргөдөл /1-р хх 98-99/,
Хохирогч Ж.З-ын “...Б.Д- нь чамаас 5,000,000 төгрөг аваад “...чамд банк бусаас машин гаргаж өгнө...” гэж хэлэхээр нь би итгээд шилжүүлсэн... 7 хоногийн дараа “...7 хоногийн дараа банк бусаас машин гаргах гэсэн чинь миний найзын мөнгө багадаад байна чи дахиад мөнгө байвал шилжүүлчих” гэж хэлэхээр нь би 4,000,000 төгрөгийг найз болох Ц-ийн Б-ы /......./ дугаар руу ярьж шилжүүлж байсан. Ингэж явсаар байгаад 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн “ХААН” банкны ....... тоот данснаас ........ гэсэн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д- над руу залгаад одоо бүтэж байна “...чи над руу 5,000,000 төгрөг хийгээд өгөөч” гэхээр нь би ....... тоот данснаас ........ тоот данс руу шилжүүлсэн. Би Д- руу нийт 19,500,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх 106-107/,
Гэрч Ц.Б-ы “...би “ХААН” банкны ....... данс эзэмшдэг. Тухайн үед манай найз болох Ж.З- над руу утсаар яриад “...банк бусаас хураагдсан машин авахаар болсон. Чи надад түр хэдэн төгрөг зээлээч” гэсний дагуу би Ж.З-т мөнгө зээлэхээр болсон. Миний данснаас ...... тоот данс руу машины мөнгө гэж 3 удаагийн гүйлгээгээр 12,500,000 төгрөг хийлгэсэн. Уг ...... тоот дансны эзэмшигч нь Б.Д- гэх нэртэй хүн байсан. Сүүлд дуулахад манай найз машинаа авч чадаагүй тэр хүндээ залилуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 115-116/,
2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Д-ын “ХААН” банк дахь ...... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 117-118/,
Иргэн Ц.Б-ы эзэмшлийн ХААН банк дахь ....... тоот дансны хуулга /1-р хх 100-101/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Б.Д-д 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
“Залилах” гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.
Шүүгдэгч Д.Д- нь “банк бус санхүүгийн байгууллагын зээлд хураагдаж байгаа хямдхан “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгсэл зарна” гэж хохирогч М.Б-ээс нийт 28,000,000 төгрөг, мөн хохирогч Ж.З-аас “банк бус санхүүгийн байгууллагын зээлд хураагдсан хямдхан тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч нийт 19,000,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч М.Б-, Ж.З- нарыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан түүний үйлдэл “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхцэцэг “...ялын хэмжээг бууруулж, зорчих хүрээг өргөтгөж... ялын хэмжээг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын төрөл юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д оногдуулсан зорчих эрх ялын хүрээ хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь тухайн ялын онцлог болон эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг өргөтгөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоох нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1669 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА