Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 448

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ;

шүүгдэгч: Л.Баттөмөр (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорхон овогт Лхагважаргалын Л.Бт холбогдох эрүүгийн 1709004460144 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын 1 дүгээр баг, Алаг гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн задгай тоотод түр оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эдэлж дууссан, ПЙ87060574 регистерийн дугаартай,  Хорхон овогт Лхагважаргалын Л.Б. 

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.Л.Б нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд иргэн Л.Болорсүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа түлхэж газарт унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баттөмөр мэдүүлэхдээ: Гэм буруу дээр маргахгүй. Хэргээ хүлээн зөвшөөрнө. Миний буруутай үйлдлээс шалтгаалж Болорсүхэд гэмтэл учирсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Болорсүх /хх-ийн 1-10/, гэрч Ш.Цанжид /хх-ийн 15-17/, Ж.Нямхүү /хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9457 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/, Л.Баттөмөрийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34, 39, 51-52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Баттөмөр нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд Л.Болорсүхийг “намайг хүнд муу хэлж, нэр төр унагаалаа” хэмээн буруутган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Л.Болорсүхийн /хх-ийн 9/: “... 2016 онд буюу өнгөрсөн жил Төмөрөө /Л.Баттөмөр/ манай тогны утсыг хулгайлах гэж байгаад баригдсан юм. Хөрш Норов гэх хүн 2017 оны 07 дугаар сарын 20-нд манайхаас сүү авахдаа Төмөрөөг “хаяа муутай айл, нүүхгүй энд яагаад байгаад байгаа юм” гэж хэлж байхыг Нямхүү гэгч сонсоод 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төмөрөөд хэлсэн байсан. Тухайн үед би үнээ сааж байгаад Нямхүүтэй тааралдаад “нүүрэлдье” гэтэл Төмөрөөг дууудчихаад зугтаад яваад өгсөн. Төмөрөөгийн эхнэр Охиноо гэрээсээ гарч ирээд “чи манай нөхөрийг Норовтой нийлж хулгайч гэж ярьсан байна” гээд байж байтал цаанаас Төмөрөө гарч ирээд “чи муу яах гээд надаар оролдоод байгаа юм бэ, муу янхан” гэх мэтээр доромжилж байгаад намайг мангасдаад, дээлний энгэрээр боож хавсарч унагасан. ...Төмөрөө уурлаад “хүний нэр төр унагалаа, муу янхан, банзал чамайг ална” гээд байсан ...” гэх мэдүүлэгээр,

 

гэрч Ж.Нямхүүгийн /хх-ийн 22/: “… 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр даагаа услах замаараа Баттөмөрийн гэрт очоод “Болорсүх та нарыг хаяа муутай айл, дандаа хулгай хийдэг гэж байна лээ, та нар учраа олоогүй юм уу” гэтэл Баттөмөр, Цанжид хоёр “Болорсүх чамайг тэгж ярьж явсан” гэж бидэнд ойлгуулсан гэж хэлсэн. Би гараад Болорсүхийн үхрийн зэлэн дээр очоод Болорсүхэд “чи өөрөө Баттөмөрийг хулгай хийдэг, хаяа муутай айл” гэж ярьж байснаа яагаад намайг гээд ойлгуулсан юм бэ” гэтэл Болорсүх урдаас муухай орилоод нөхрөө дуудаад байсан…” гэх мэдүүлгээр, 

 

Л.Баттөмөрийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 18-20, 48/: “... 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой би ажлаа тараад гэртээ байхад манай хөрш Нямхүү орж ирээд “… Болорсүх чамайг хулгайч, хаяа муутай айл гэж ярьж байна лээ” гэж хэлсэн. Би “ярьж л байг” гэж хэлсэн. Нямхүү манайхаас гарч Болорсүхийн хажууд очоод “Болороо чи Төмөрөөг хулгайч гэж ярьж муу хэлсэн чинь үнэн биздээ” гэхэд Болорсүх “үгүй би тэгж хэлээгүй, чи өөрөө хэлээ биздээ” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Болорсүх Нямхүүтэй муудсан уурандаа над руу ирээд “Нямхүү та хоёр намайг гүтгэлээ, би чамайг хулгайч гэж хэлээгүй” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би “чи л намайг тэгж хэлсэн гээ биз дээ” гэхэд “чамайг алаад хаячихъя” гээд янз бүрээр хэлээд хэл амаар доромжлоод, гэртээ орох гэтэл араас ирж үснээс зулгаагаад байхаар нь би нүүрийг нь гараараа мангасдаад түлхээд унагаасан...” гэх мэдүүлгээр,

 

Л.Баттөмөрийн буруутай үйлдлийн улмаас Л.Болорсүхийн биед “тархи доргилт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9457 тоот дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

 “Намайг хүнд муу хэлж, нэр төр унагаалаа” хэмээн Л.Болорсүхийг буруутган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Л.Баттөмөрийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Л.Баттөмөрийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Л.Болорсүх нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.

 

Шүүгдэгч нийтийн ашиг сонирхолд тустай ямарч ажлыг цалин хөлсгүйгээр хийх учиртай тул шүүх шийдвэртээ хийх ажлыг тусгайлан заах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэ тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэхийг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хорхон овогт Лхагважаргалын Баттөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баттөмөрийг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баттөмөрт оногдуулсан  260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баттөмөр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Баттөмөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ