Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00758

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00758

 

 

 

А.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 181/ШШ2018/00064 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамжаар Б.Наранчимэгт 71 477 200 төгрөг төлөхөөр болсон. Барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, хурааж, 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний байрыг Б.Наранчимэгт 37 000 000 төгрөгт тооцон өгч одоо надаас үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэргүйгээр гаргуулахаар удаа дараа мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнд, дараа нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус тус хариуг авсан. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн хариунд миний хаягийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 21а байр 7 тоот гэж буруу бичиж явуулснаас хугацаа алдаж 2017 оны 11 сарын 13-нд хүлээж авсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 156/04 тоот мэдэгдэх хуудсаар байраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740, 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дугаартай шийдвэрээр Арслангийн Алтанцэцэгээс 71 734 868 төгрөг гаргуулж Б.Наранчимэгт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А.Алтанцэцэгийн төлбөрт барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байрны 43 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилж хураан, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч А.Алтанцэцэг нь анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 1189 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 550 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2017 оны 05 сарын 10-ны өдрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагаагаар төлбөр төлөгчид 21 хоногийн хугацаа өгч, уг хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 37 000 000 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлж, үлдэгдэл зөрүү төлбөрийг төлбөр төлөгч А.Алтанцэцэгээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг хугацаанд төлбөр төлөгч нь төлбөрөөс огт барагдуулаагүй бөгөөд орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 9657 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Төлбөр төлөгч А.Алтанцэцэг болон өмчлөгч нарт орон сууцыг сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч чөлөөлөөгүй бөгөөд төлбөр төлөгчөөс орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ажиллагааны талаар Шийдвэр гүйцэтгэх албанд хандан гаргасан гомдлыг хянаж 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар албан бичгээр хариу өгсөн. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдэх хуудсаар хариу өгсөн. Төлбөр төлөгчийн хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн 5/1740, 4/768 тоот албан бичгүүд нь тус байгууллагад хандан гаргасан гомдол, хүсэлтэд хуулийн дагуу өгсөн хариу албан бичгүүд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2017 оны 5 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг болон уг ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий Өргөдөлд хариу өгөх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Алтанцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6054 дугаартай талуудын эвлэрлийн гэрээг баталсан захирамж, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 5-43 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авсан байна. Түүнчлэн шинжээчийн тогтоосон орон сууцны үнэлгээ болох 74 000 000 төгрөгийн 70 хувь буюу 51 800 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд, 50 хувь буюу 37 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцыг 37 000 000 төгрөгт тооцон авахыг төлбөр авагч Б.Наранчимэгт санал болгох хуралдааныг явуулсан байна.

Нэхэмжлэгч А.Алтанцэцэг нь санал болгох хурлын ажиллагааг эс зөвшөөрч гаргасан гомдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдэх хуудсаар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч С.Батбямба 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоолоор тус тус хариу өгчээ.

Дээрх тогтоолуудыг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн байхад шүүх уг шаардлагаас гадна 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь анх гаргасан шаардлагаа өөрчлөөгүй эсхүл нэмэгдүүлээгүй байх ба шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байна. Хэрэв нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагаанд гомдол гаргасан бол шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан өгч, тайлбар гаргаж, нотлох баримт бүрдүүлэн маргаан бүхий асуудлаар мэтгэлцэх боломж олгох учиртай.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлийг тодруулаагүй, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдэх хуудас, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, эсхүл 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага аль болох нь тодорхойгүй байхад нэхэмжлэлд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа бол уг гомдлоо хуульд заасан журмын дагуу гаргасан эсэх, хэрэв нэхэмжлэл гаргаж байгаа бол түүний ямар эрх ашиг зөрчигдсөнийг тодруулах ёстой.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 181/ШШ2018/00064 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ