| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2212000000111 |
| Дугаар | 2025/ДШМ/49 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 21.1.2., 21.14.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/49
2025/ДШМ/49
Б.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Яллагдагч өмгөөлөгч: В.Удвал, Э.Мөнх-Эрдэнэ
Яллагдагч: Б.А
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/811 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Ат холбогдох 2212000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт А аймгийн Э сумын 7 дугаар баг, Тын 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Гэзэгт овогт Бын А /РД:0000000000000/
Яллагдагч Б.А нь Ж.Дг А аймгийн Б сумын У нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,
иргэн Дийн Цг А аймгийн Б сумын У нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ээс 1990 оны 01 дүгээр сар хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 31, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,
Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг У нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,
Дамбаагийн Цэрмаагийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/811 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэзэгт овогт Батболдын Ат холбогдох эрүүгийн 2212000000111 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэрч зөвшөөрсөн тохиолдолд түүнийг яллагдагчтай нүүрэлдүүлж мэдүүлэг авч болдог. Гэвч энэ тохиолдолд гэрчийг зөвшөөрөх үгүйг мэдээгүй, түүний эзгүйд тулгаж, яллагдагчтай нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нь удаа дараа мэдүүлэг өгсөн байхад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс яллагдагч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах хүсэлтийг гаргаж байгаа нь гэрчид нөлөөлөх гэсэн далд хэлбэрийн оролдлого бөгөөд мэдүүлгийн нотлох баримтын мөн чанар, хүчин чадлыг сулруулах гэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж буй хэлбэр бөгөөд хэрэв гэрч зөвшөөрөхгүй тохиолдолд шүүгчийн захирамж биелэгдэх шинж чанараа алдана. Дархан-Уул аймгийн “Архивын тасаг”-аас баримт гаргуулж авах ажиллагаа нь ач холбогдолгүй бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж болсон “шүүхэд хуурамч нотлох баримтыг хэн, хэний итгэмжлэлээр гаргаж өгсөн, улмаар эрх зүйн ямар үр дагавар үүссэн зэрэг асуудлыг шийдвэрлэхэд огт хамааралгүй. Үүний талаар гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байгаа бол заавал мөрдөн байцаалтын шатанд бус шүүхийн хэлэлцүүлэгт дуудан ирүүлж, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Гэрч Ж.Д нь “Архивын тасаг”-аас үйлчилгээ авахдаа хураамж төлсөн талаарх баримтыг хэрэгт хавсаргах нь мөн л “шүүхэд нотлох баримтыг хэн, хэний итгэмжлэлээр, ямар үүрэг, хариуцлага хүлээн байж гаргаж өгсөн асуудлыг шийдвэрлэхэд хамааралгүй юм. Иймд шүүхийн захирамж үндэслэлгүй буюу хэргийн шийдвэрлэлтэд төдийлөн ач холбогдолгүй нөхцөл байдлыг тодруулж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байтал анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/811 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Эсэргүүцлийг өмнө нь бүрэн эхээр нь танилцуулсан учраас нэмж тайлбарлах зүйл алга. Прокурорын хувьд мөрдөн шалгах байгууллагын бүрдүүлж ирсэн баримтад дүгнэлтээ хийж, хэргийг шүүхэд шилжүүлэх зүйтэй байна гэсэн үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг дэнслүүлж байгаа. Түүнээс биш бүрдүүлсэн материал нь дутуу байхад Б.А гэдэг хүнийг гарцаагүй яллах ёстой гэсэн ийм байдал байхгүй. Анхнаасаа яагаад энэ гомдол мэдээлэл бүртгэгдэх болсон юм. Яагаад мөрдөн шалгах ажиллагаа явах болсон юм гэдэг асуудал үндэслэл нь байгаа. Түүнээс зүгээр ажлаа хийж явсан өмгөөлөгчийг татаж авч ирээд яллах гээд асуудал биш юм. Иймээс эсэргүүцлээ бүхэлд нь дэмжиж байгаа учраас анхан шатны шүүхийн 2025.09.02-ны өдрийн 811 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хүсэлтийг хязгаарлаагүй, анхан шатны шүүхээс хэлэлцүүлэг эхлэхэд талуудаас гаргах санал хүсэлт байна уу гэж асуудаг. Энэ процесс нь байгаа учраас анхан шатны шүүхээс дахиад цагаатгаж шийдвэрлэх эрх хэмжээ нь байгаа. Мөн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө талуудын гаргаж өгсөн хүсэлт байна. Энэ бүх эрх нь байгаа учраас прокурорын зүгээс Б.А өмгөөлөгчийн эрхийг боомилсон, хязгаарласан үйлдэл байна гэж үзэхгүй байна. Нөгөө талаар өмгөөлөгч, прокурор бидний хооронд таарамжгүй харилцаа байхгүй. Хувь өөрийн сэтгэлийг илэрхийлэхийн тулд чөлөөтэй сэтгэж үгээр илэрхийлдэг. Тэгэхээр прокурорыг тэгж хэлж болохгүй гэж хэлж болохгүй байх. Би эсэргүүцэлдээ дурдахдаа энэ хүнийг шууд буруутгасан ч юм уу, үндэслэлгүйгээр нэр төрд нь халдаж, эсвэл хэт нэг талыг бариад, прокурор албан тушаалаар яллах гээд байгаа тийм агуулга байхгүй. Тэгэхээр эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна ... гэв.
Яллагдагч өмгөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.02-ны өдрийн 811 дугаартай шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хуулиар олгосон эрхэд үндэслэсэн, хууль ёсны захирамж байна. Гол үндэслэл нь яагаад н.Цийн Д аймгийн архивын лавлагааг авхуулъя гээд байна гэхээр Б.А гэдэг хүний сэдэл, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэл,санаа, зорилгыг заавал тогтоосон байх ёстой. Гэтэл н.Ц нь малчнаар ажиллаж байгаагүй гэдгийг лавтай сайн мэдэж байж, тухайн хүний гэмт хэргийн санаа, сэдэл бүх юм тогтоох ёстой. н.Цийн мэдүүлгээр Б.Аийг буруутгаж байгаа. Өөрөө лавтай мэдэж байсан юм байна. Малчнаар ажиллаж байгаагүй гэдгийг мэдэж байсан байна. н.Цийн мэдүүлэг худлаа байна, зөрүүтэй байна, эргэлзээгүй нотлох баримт биш байна гэдгийг нотлох ач холбогдолтой баримт учраас уг нотлох баримтыг авахуулахаар хүсэлт тавьж байгаа. Хүсэлт тавьсан процесс хуульд заасны дагуу явагдсан байгаа гэж үзэж байна. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж шийдвэрлэсэн асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах гэсэн, гэрчид нөлөөлөх гэсэн далд хэлбэр, оролдлого байна гэж үзэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас прокурорын эсэргүүцэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангасан шийдвэр байна. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүхийн 2025.09.02-ны өдрийн 811 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байгаа учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Яллагдагч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Би архиваас н.Цэрмаагийн лавлагааг гаргуулсан, тэгэхэд Д.Ц гэсэн баримт гарч ирсэн, тэрийг би хуурамч гэж мэдэх боломж байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн 2025.09.02-ны өдрийн 811 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Аийг Ж.Дг А аймгийн Б сумын У нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, иргэн Дийн Цг А аймгийн Б сумын У нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ээс 1990 оны 01 дүгээр сар хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 31, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, Ж.Дгийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 37, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Н.Д нарыг Ж.Д, Т нараар ятгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг У нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, Дийн Цийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 64, 1985 оны дугаар сарын 09-ний өдрийн 87, 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31, 1987 оны дугаар сарын 25-ны өдрийн 25, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолуудыг түүнтэй холбогдолгүй буюу хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн гэрч Б.Т, Ж.Б нарыг ятгаж, хэлж төөрөгдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Лын Ц гэх хүнтэй хамт ажиллаж байсан талаар нь А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрч Д.Ц, яллагдагч Б.А нарыг нүүрэлдүүлэн байцаах, Д аймгийн архивын тасгаас 2018 оны 09 дүгээр сараас өмнө Д.Цгийн ажиллаж байсан байдалтай холбоотой лавлагааг хэн авсан бүртгэл баримтыг нотлох баримтаар хэрэгт хавсаргах, уг ажиллагаатай холбоотой гэрч Д.Цгаас дахин мэдүүлэг авах Ж.Дгийн архиваас үйлчилгээ авахдаа хураамж төлсөн баримтын хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргах шаардлагатай гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ... гэж хуульчилжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, бэхжигдсэн байх ба анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, үндэслэлтэй дүгнэж, нотлох баримтууд хоорондын харилцан хамааралд зөв дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл Д.Ц, Ж.Д нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчээр мэдүүлэг авч улмаар уг мэдүүлгийг хэрэгт бэхжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх дээрх мэдүүлгүүдийг тал бүрээс нь бүрэн бодитой, бусад нотлох баримтуудтай шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.
Хэрэгт авагдсан хураамж төлсөн баримт ямар нэгэн эргэлзээтэй, шалгаж тодруулах, Д аймгийн архивын тасгаас 2018 оны 09 дүгээр сараас өмнө Д.Цгийн ажиллаж байсан байдалтай холбоотой лавлагааг хэн авсан бүртгэл баримтыг нотлох баримтаар хэрэгт хавсаргах зэрэг ажиллагаа шаардлагатай тохиолдолд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг ба уг зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд шүүх, шүүгчээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болно.
Анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэсэн атлаа уг ажиллагааг хийснээр хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, шүүх хуралдаанаар ямар учир нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа талаарх үндэслэл, дүгнэлтээ шүүхийн шийдвэрт бичээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.
Харин анхан шатны шүүх дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож ирүүлсэн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсныг буруутгах үндэслэлгүй.
Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/811 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Аийн хувийн байдлыг харгалзан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/811 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б.Ат хэрэг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Л.НЯМДОРЖ