Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01727

 

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01727

 

 

 

 

                               “П Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01372 дугаар шийдвэртэй, “П Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бид холбогдох, даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт нөхөн төлбөр 4 028 387 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хариуцагч Д.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээгээр 7 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1.60 хувийн хүүтэйгээр “Улаанбаатар хотын банк” ХХК-аас зээлдэн авсан байдаг. Д.Б нь зээл авах үедээ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн мөнгө хураагчаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1472 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 02 сарын 08-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй болж, үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь манай компанитай 2014 оны 06 сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Д.Б нь ажлаас чөлөөлөгдөж, зээлийн хугацаа 90 хоногоос дээш хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б-ё/2591 дүгээр албан тоотыг хүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3011602296 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 4 028 387 төгрөгийг “Улаанбаатар хотын банк” ХХК-д төлсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байх тул Д.Боос 4 028 387 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

            Хариуцагчийн тайлбарт: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээл 7.0 сая төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 1.60 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар өндөр настны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас зээлийн эдийн засагч ирж зээлийг чинь хаасан гэж гарын үсэг зуруулсан. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхээс дуудлага ирж шүүхэд очиж уулзахад нэхэмжлэл гаргасныг уншиж танилцсан. Бүхэл бүтэн 4 жилийн дараа мөнгө төл гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийг хаасан атал одоо шаардаж байгаад гайхаж байна. Хэрвээ би зээлтэй байсан бол 4 жил гаруйн хугацаанд нэхэх байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо миний хүү П.Цэрэнцогтох нь хөлний төв мэдрэлийн судас тасарснаас болж явж чадахгүй хэвтэрт байгаа, хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй гээд амьдралын хүнд нөхцөлд амьдарч байна. Манай нөхөр бид 2 хоёулаа тэтгэврийн зээл авч хүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч талаас ирсэн гэж 1 хуудас банкны үйлчилгээний баримттай танилцуулж хуулбарлаж өгсөн. Уг 1 хуудас нотлох баримтыг үзэхэд ямар ч хуулийн шаардлага хангаагүй, ямар байгууллагын дансны хуулга болох, хэнээс хаашаа шилжүүлэг хийсэн тодорхойгүй, миний нэр ус хаяг болох юу ч байдаггүй. Дээрх баримтыг хуурамчаар хийж Улаанбаатар хотын банкны Чингэлтэй салбарын дардсыг дарсан нь хууль бус гэж үзэж байна. Учир нь энэ баримт нь нөхөж хийсэн, банкны дардсыг хэзээ ч дарж болно шүү дээ. Нэхэмжлэгч талаас “Улаанбаатар хотын банк” ХХК болон “П Д” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, зээл хаасан бичиг баримтыг шаардсан. Гэтэл ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Хуульд зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотолсон баримтаа гаргаж өгөх журамтай. Гэтэл нэхэмжлэгч шаардлагаа нотолсон баримт гаргаж өгөөгүй, уг нотлох баримт нь байхгүй байхад шүүхэд заавал гаргаж өг гэж шүүгчийн захирамж гаргасныг ойлгохгүй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан Д.Боос 4 028 387 төгрөг гаргуулж, “П Д” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79 410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие “П Д” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хурал дээр шүүгч хувийн сонирхол гарган хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй нэхэмжлэгч талаас нотлох баримт шаардаж шүүх хурлыг хойшлуулсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Шүүгч илт шаардлага хангаагүй нотлох баримт дутуу байхад нэхэмжлэгч талд зөвлөгөө өгч “Улаанбаатар хотын банк” ХХК, “П Д” ХХК-ын хоорондох зээлийг хааж гарын үсэг, тамга тэмдэгтэй баримт бичиг олж ир гэж хурлыг хойшлуулсан. Гэтэл “П Д” ХХК-ийн авчирсан 1 хуудас хуулга хэний данс болох, хаанаас авсан нь тодорхойгүй байсан. 3 жил 5 сар болоход “П Д” ХХК надад 1 ч удаа амаар болон бичгээр болон ямар нэгэн байдлаар мэдэгдэл өгөлгүй гэнэт шүүхэд дуудагдсанд гомдолтой байна. “П Д” ХХК өмнө нь надад мэдэгдэл өгөх байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад дуусаагүй гэж илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би “Улаанбаатар хотын банк” ХХК, “П Д” ХХК-аас ямар ч мэдэгдэл хүлээж аваагүй, юу ч мэдэхгүй тул гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч “П Д” ХХК нь хариуцагч Д.Бид холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4 028 387 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ .., хариуцагч Д.Бийн өмнөөс Улаанбаатар хотын банкинд төлөгдсөн 4 028 387 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлаж, хариуцагч Д.Бийн “Улаанбаатар хотын банк” ХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 7 000 000 төгрөг зээлдэн авсан цалингийн зээлийн болон барьцааны гэрээ, мөн “Улаанбаатар хотын банк” ХХК, нэхэмжлэгч “П Д” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, цалингийн зээлийн эрсдэлийн даатгал гэх утгаар 4 028 387 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны хуулга зэрэг нотлох баримтууд гаргасан байдаг.

Дээр дурьдсан баримтууд,  талуудын тайлбараар Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчийн шаардах эрх нэхэмжлэгч “П Д” ХХК-д шилжсэн  гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэх 4 028 387 төгрөг хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүн мөн эсэх, хариуцагч өндөр настны тэтгэвэрт хэзээ гарсан, нийт гүйцэтгэвэл зохих үүрэг хэд байсан нь тодорхой биш байна.  

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

    ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                 А.МӨНХЗУЛ