| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01568/И |
| Дугаар | 316/ШШ2025/01081 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 316/ШШ2025/01081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сум 1 дүгээр баг Дэлгэрхаан, Дэлгэрхаан 5 толгойн гудамж, ******* тоотод оршин суух хаягтай гэх, Халх овогт Х*******ын С*******э /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Н.Д*******ыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.С*******э түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Х******* овогтой С*******э нь Б.Г*******ийн нэр дээр байдаг өөрийн Toyota Prius 30 маркийн, ******* улсын дугаартай, суудлын автомашинаар 2025 оны 06 сарын 28-с 29-нд шилжих шөнө үүрээр 04 цаг 10 минут орчимд Энхтайваны гүүрнээс 120 мянгат орон чиглэлд 1-р эгнээгээр зорчиж байх үед эсрэг урсгалд явж байсан Nissan Fugo маркийн улсын дугаартай, суудлын автомашины жолооч Н.Д******* нь урд талдаа явж байсан Hyundai Sonata маркийн ******* улсын дугаартай автомашиныг мөргөж, мөргүүлсэн Hyundai Sonata маркийн ******* улсын дугаартай автомашин жолоодлогоо алдан эсрэг урсгалд явж буй миний унаж явсан автомашины урдаас маш хүчтэй мөргөж осол гаргасан. Н.Д*******ын буруутай үйлдлийн улмаас миний автомашин болон миний эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан бөгөөд энэ нь замын цагдаагийн газрын хэргийн газарт хийсэн үзлэг, холбогдох актаар тогтоогдсон. Тус ослын улмаас миний эрүүл мэндэд учирсан хохирлын гэмтлийн зэрэг хөнгөн гарсан учраас эрүүгийн хэрэг үүсэх боломжгүй байсан тул холбогдох прокурорын газраас хэргийг хаасан байдаг. Хэрэг гарснаас хойш хариуцагч Н.Д******* нь холбоогүй, утсаа авахгүй, одоог хүртэл эд хөрөнгөд болон эрүүл мэндэд учруулсан хохирлоо барагдуулаагүй тул дараах бодит хохирлыг шүүхийн журмаар шаардаж байна. Үүнд: Автомашинаараа хүргэлт хийж амьжиргаагаа залгуулдаг байсан. Эрүүл мэндийн үйлчилгээ, зардлууд, автомашины гэмтлийн үнэлгээ гэх мэт төлбөрүүдийг бүгдийг би өөрөөсөө төлж байсан. Иймд эгч Б.Г*******ийн нэр дээр байдаг өөрийн Toyota Prius 30 маркийн, ******* улсын дугаартай, суудлын автомашинд үнэлгээ хийлгэсэн төлбөр 1,125,000 төгрөг, явах эд ангийн оношилгоо 50,000 төгрөг, машин ачилт, ачилтын хоногийн төлбөр нийт 410,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол болох шинжилгээний болон эмчилгээний төлбөр нийт 2,109,458 төгрөг, мөн осол гарснаас хойш эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон учраас ажил хийж орлого олох боломжгүй байсан тул 7,8 дугаар сарын зээлийн төлбөр/нэг сарын зээлийн төлбөр 694,500 төгрөг/ нийт 1,389,000 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээний зардалд төлсөн 1,500,000 төгрөг, нийт 6,583,458 төгрөгийг хариуцагч Н.Д*******аас гаргуулахаар шүүхэд хандсан ч гэрийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Иймд хариуцагч Н овогтой Д*******ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х.С*******э нь Н.Д*******ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Д******* нь хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 200 байр, 22 тоот хаягт бүртгэлтэй боловч энэхүү хаягаа өөрчилж одоо түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/44502 дугаартай шүүгчийн захирамж болон гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Х.С*******ийн хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Н.Д*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг, мөн тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүйг тус тус дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 200 байр, 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Н овогтой Д******* /РД: ТГ86012456/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Д*******ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Х.С*******эд мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ