Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 316/ШШ2025/01075

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* овогт Ц*******гийн Э******* /РД:*******/ -ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ш*******-д холбогдох,

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах,ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э*******, түүний өмгөөлөгч Г.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие нь 1995 оноос Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тооцооны нягтлангаар ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон. Улмаар хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Ц*******ын 2025 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийн Б/276 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан. Үүний дараагаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/277 дугаартай Түр ажлын байранд авах тухай" тушаалаар ...ахлах нягтлан бодогчийн албан тушаалд 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Гэтэл тус эмнэлгийн даргаар хууль бусаар томилогдсон /захиргааны шүүхэд маргаж байгаа/ А.Ш******* нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар тухай" гэсэн тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Тус тушаалд ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгааг огт дурдаагүй ба зөвхөн Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын газрын даргын 2025.05.15-ны өдрийн үүрэг чиглэлийг үндэслэл болгосон байна. Миний зүгээс Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын газрын даргын 2025.05.23-ны өдрийн 344 дугаартай албан бичгээр... "үүрэг чиглэл өгөөгүй бөгөөд энэ нь төрийн аудитын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй болохыг мэдэгдэж байна" гэсэн бичиг хийж өгсөн болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025.05.20-ны өдрийн Б/149 дугаартай Хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ш******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Э******* нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/49 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Би түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Ц.Э******* нь Нэгдсэн эмнэлгийн ахлах санхүүчээр 1995 оноос2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. Түүний ажлын байрны чиг үүрэг нь байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийн бодлого дотоод журам, дотоод хяналтын тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүгийн өдөр тутмын гүйлгээг үнэн зөв бүрэн хөтлөх, санхүүгийн эрсдпийг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг байгууллагын санхүүгийн нөөцийг үр ашигтай, зохистой зарцуулахад чиглэсэн байдаг. Тэгэхээр эмнэлгийн санхүү хууль, дүрмийн хүрээнд үр нөлөөтэй, ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэжлийн, санхүүгийн сахилга баттай, төсвийн мөнгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд санхүүг зохистой байдлаар зарцуулан эмнэлгийн үйлчилгээг хүргэхэд ач холбогдолтойгоор зарцуулах юм.

Гэтэл энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс манай байгууллага өр төлбөртэй, санхүүгийн баримтын бүрдэл дутуу, бүртгэл тайланд дутуу тусгах, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан эмнэлгийн өр төлбөр ихэсгэхэд хариуцлагагүй хандсан байдаг. Тухайлбал:

1.Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага өр төлбөр үүсгэхгүй байх. заалтыг зөрчиж 2024 онд 2.6 тэрбум төгрөгийн өглөг үүсгэсэн, 2025 оны эхний хагас жилийн байдлаар 3,3 тэрбум төгрөгийн өглөг үүсгэж түүнд дүн шинжилгээ хийгээгүй үйл ажиллагаа хэвийн явах нөхцөлийг алдагдуулсан. 2 Төсвийн тухай хуулийн 16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; гэх заалтыг зөрчин Эрүүл мэндийн сайдын 2025 оны төсөв батлах тухай 07 тоот тушаалаар 309 орон тоо батлагдан ирсэн байхад удирдлагыг зөв мэдээллээр хангаагүй 2025 онд орон тоог 320 орон тоотойгоор баталж цалингийн санг хэтрүүлсэн цалингийн өглөгийг их хэмжээгээр үүсгэсэн.

3.Төсвийн тухай хуулийн 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэх заалтыг зөрчин эмийн зардлаас багаж техник хэрэгслийн зардалд 2,500,0 мянган төгрөгийг, бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлаас хогхаягдал зайлуулах зардалд 900,0 мянган төгрөг нийт 3,400,0 мянган төгрөгийг зардпыг бүлэг хооронд гүйлгэн зориулалт бусаар зарцуулж гүйцэтгэлийг бодитоор тайлагнаагүй.

4. Анхан шатны баримтын бүрдэл дутуу 23,484,0 мянган төгрөгийн ажил үйлчилгээг гүйцэтгэж, бүртгэл тайланд тусгасан.

- Хууль эрх зүйн туслалцаа, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, нэгж үйлчилгээний үнэ тариф тодорхой бус зэрэг анхан шатны нотлох баримтгүйгээр зөвхөн Хамтран ажиллах гэрээ-г үндэслэн хуулийн зөвөлгөө өгөх, өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Өмгөөллийн ******* ХХК-тай 22.000.000 төгрөгийн гэрээ хийж ,12.500.000 мянган төгрөгийг урьдчилгаа шилжүүлсэн, 9,750 мянган төгрөгийн өглөг үүсгэсэн.

5. Эмийн зардпаас багаж техник хэрэгслийн зардалд 2,500,0 мянган төгрөгийг, бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлаас хог хаягдлын зардалд 900.0 мянган төгрөгийг зориулалтын бус зарцуулсан байна.

6.Томилолтоор ажилласан байгууллагын холбогдох албан тушаалтаны гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй албан томилолтын хуудсаар тус эмнэлгийн даргын үүргийгтүр хариуцан гүйцэтгэгч Б.Ц*******од 1,234,0 мянган төгрөгний томилолтын зардлыг тооцож олгосон.

7. ХХК нь Хүчилтөрөгчийн үйлдвэрийн генератор болон агаарын компрессорын урсгал засвар, сервис үйлчилгээ хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ-г 2024 оны 01 сарын 30-ны өдөр байгуулсан байдаг.

Гэрээний дагуу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж 2024 оны ОЗдугаар сарын01-ны дотор дээрхи ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын хөлсөнд

12.850.000 төгрөг төлөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн боловч хүчилтөрөгчийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаанд оруулаагүй, гүйцэтгэлийг нь хараагүй, хүлээж аваагүй байтлаа 12.850.000 төгрөгийг тус компанид ажил эхлэхээс өмнө шилжүүлж байгууллагыг хохироож байна. Энэ байдлаас үүдэж Нэгдсэн эмнэлэг нь Дархан-Уул аймгаас баллонтой хүчилтөрөгч зөөвөрлөн хэрэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд 100,000,000 /зуун сая/ төгрөгний зардал өнөөдрийн байдлаар гаргасан байна.

Түүний гаргасан алдаа, дутагдал, зөрчил нь ахлах санхүүчийн хувьд байж боломгүй үйлдэл бөгөөд нилээд олон хуулийн заалтыг зөрчсөн, байгууллагыг хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан байдаг тул холбогдох асуудлыг хуулийн байгууллагаар хянуулахаар манай байгууллага гомдол гаргасан байгаа болно.

Ц.Э******* нь хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэртээ гараад эргээд байгууллагадаа түр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэтгэвэрт гараад ажлын байрны сул орон тоо гарсаны дараа Б.Ц******* дарга нь хууль зөрчин ажилд томилсон байдаг.

Миний тушаалд дурдсан Аудитын байгууллагын чиглэл гэдэг нь санхүүгийн зөрчил дутагдал гарган байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулсан, санхүүгийн сахилга алдагдсан зэрэг шалтгааны улмаас тэтгэвэр тогтоолгон сул орон тоон дээр түр хугацаагаар томилогдон ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан тул дээрх алдаа дутагдалтай холбогдуулан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгч Ц.Э*******ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

-Тус тушаалд ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгааг огт дурьдаагүй

- Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үүрэг чиглэлийг үндэслэл болгосон ба энэ талаар Сэлэнгэ аймаг дахь төрийн аудитаас тодруулахад Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2025 оны Б/149 дүгээр тушаалын үндэслэлд дурьдсан үүрэг чиглэл өгөөгүй бөгөөд энэ нь төрийн аудитын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй болохыг мэдэгдэж байна гэсэн. Иймд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарлсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг санхүүгийн зөрчил дутагдал гарган байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулсан, санхүүгийн сахилга алдагдсан алдаа дутагдалтай холбогдуулан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж маргасан байна.

Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/277 дугаартай тушаалаар Ц.Э*******ыг мөн өдрөөс эхлэн тус тус эмнэлэгийн санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилж ажиллуулжээ.

2.Ажил олгогч нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.5,83 дугаар зүйлийн 83.3,83,4,83.6, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, хөдөлмөр нийгмийн хамгаалаын сайдын 2021 оны А/191 тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох, ээлжийн амралын цалин тогтоох журам-ын 2.8 дахь хэсэг Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үүрэг чиглэл зэргийг үндэслэн ажилтан Ц.Э*******ыг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогчийн заасан ажлын байранд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноос үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд хамаардаг.

Шүүх хуралдаанд тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хуульчилсан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах хороо байгуулагдаагүй болох нь Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар 17-ны өдрийн 02/333 дугаар албан бичгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 5 дэх тал),

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Ажил олгогч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын түр орлон гүйцэтгэгч А.Ш******* нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/149 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.5,83 дугаар зүйлийн 83.3,83,4,83.6, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, хөдөлмөр нийгмийн хамгаалаын сайдын 2021 оны А/191 тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох, ээлжийн амралын цалин тогтоох журам-ын 2.8 дахь хэсэг Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үүрэг чиглэл зэргийг баримталж, ажилтан Ц.Э*******ыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч нь ажилтныг чөлөөлсөн дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа Ц.Э******* нь Нэгдсэн эмнэлгийн ахлах санхүүчээр 1995 оноос2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. Түүний ажлын байрны чиг үүрэг нь байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийн бодлого дотоод журам, дотоод хяналтын тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүгийн өдөр тутмын гүйлгээг үнэн зөв бүрэн хөтлөх, санхүүгийн эрсдпийг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг байгууллагын санхүүгийн нөөцийг үр ашигтай, зохистой зарцуулахад чиглэсэн байдаг.Гэтэл энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс манай байгууллага өр төлбөртэй, санхүүгийн баримтын бүрдэл дутуу, бүртгэл тайланд дутуу тусгах, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан эмнэлгийн өр төлбөр ихэсгэхэд хариуцлагагүй хандсан.Үүнд:

- 2024 онд 2.6 тэрбум төгрөгийн өглөг үүсгэсэн, 2025 оны эхний хагас жилийн байдлаар 3,3 тэрбум төгрөгийн өглөг үүсгэж түүнд дүн шинжилгээ хийгээгүй үйл ажиллагаа хэвийн явах нөхцөлийг алдагдуулсан.

-Эрүүл мэндийн сайдын 2025 оны төсөв батлах тухай 07 тоот тушаалаар 309 орон тоо батлагдан ирсэн байхад удирдлагыг зөв мэдээллээр хангаагүй 2025 онд орон тоог 320 орон тоотойгоор баталж цалингийн санг хэтрүүлсэн цалингийн өглөгийг их хэмжээгээр үүсгэсэн.

-Эмийн зардлаас багаж техник хэрэгслийн зардалд 2,500,0 мянган төгрөгийг, бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлаас хогхаягдал зайлуулах зардалд 900,0 мянган төгрөг нийт 3,400,0 мянган төгрөгийг зардпыг бүлэг хооронд гүйлгэн зориулалт бусаар зарцуулж гүйцэтгэлийг бодитоор тайлагнаагүй.

-Анхан шатны баримтын бүрдэл дутуу 23,484,0 мянган төгрөгийн ажил үйлчилгээг гүйцэтгэж, бүртгэл тайланд тусгасан.

-Хууль эрх зүйн туслалцаа, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, нэгж үйлчилгээний үнэ тариф тодорхой бус зэрэг анхан шатны нотлох баримтгүйгээр зөвхөн Хамтран ажиллах гэрээ-г үндэслэн хуулийн зөвөлгөө өгөх, өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Өмгөөллийн ******* ХХК-тай 22.000.000 төгрөгийн гэрээ хийж ,12.500.000 мянган төгрөгийг урьдчилгаа шилжүүлсэн, 9,750 мянган төгрөгийн өглөг үүсгэсэн.

- Эмийн зардпаас багаж техник хэрэгслийн зардалд 2,500,0 мянган төгрөгийг, бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлаас хог хаягдлын зардалд 900.0 мянган төгрөгийг зориулалтын бус зарцуулсан байна.

- Томилолтоор ажилласан байгууллагын холбогдох албан тушаалтаны гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй албан томилолтын хуудсаар тус эмнэлгийн даргын үүргийгтүр хариуцан гүйцэтгэгч Б.Ц*******од 1,234,0 мянган төгрөгний томилолтын зардлыг тооцож олгосон.

- ХХК нь Хүчилтөрөгчийн үйлдвэрийн генератор болон агаарын компрессорын урсгал засвар, сервис үйлчилгээ хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ-г 2024 оны 01 сарын 30-ны өдөр байгуулсан.

-Гэрээний дагуу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж 2024 оны ОЗ дугаар сарын01-ны дотор дээрхи ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын хөлсөнд 12.850.000 төгрөг төлөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн боловч хүчилтөрөгчийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаанд оруулаагүй, гүйцэтгэлийг нь хараагүй, хүлээж аваагүй байтлаа 12.850.000 төгрөгийг тус компанид ажил эхлэхээс өмнө шилжүүлж байгууллагыг хохироож байна. Энэ байдлаас үүдэж Нэгдсэн эмнэлэг нь Дархан-Уул аймгаас баллонтой хүчилтөрөгч зөөвөрлөн хэрэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд 100,000,000 /зуун сая/ төгрөгний зардал өнөөдрийн байдлаар гаргасан гэж тайлбарласан байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Ц.Э*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг санхүүгийн зөрчил дутагдал гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.

Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгож, ажил, үүргийг гүйцэтгэх нөхцөлөөр хангах тухай талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг.

Ажил олгогч буюу Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын түр хавсран гүйцэтгэгч Б.Ц******* нь 2024 онд ажилтан Ц.Э*******тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан, эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-т заасан үндэслэлээр цуцалж болно.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2 дугаар зүйлд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон. Ажилтан хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлээс сонгож оногдуулах, эсхүл мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчиж 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил үйлдсэн, эсхүл хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан нэрлэн заасан зөрчлийг гаргасан байх шаардлагатай.

Гэтэл ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн аль үүргээ биелүүлээгүй, ямар зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан нэрлэн заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бичмэл нотлох баримтууд болон хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж, тушаалын хууль зүйн үндэслэлийг буюу нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасныг нотлоогүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан зүйл, заалтыг баримтлаагүй тул хариуцагчийн ажилтан Ц.Э*******ыг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүх зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлж, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар нэхэмжлэгч Ц.Мө*******ыг санхүү бүртгэл, төлөвлөлтийн албаны ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учраас уг тушаалыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж хуульчилсан.

Ажил олгогч хууль бусаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Ц.Э*******ы ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгч Ц.Э*******ыг ажилд нь эгүүлэн тогтоож, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн, мөн ажилтны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан нь ажил олгогчийн хууль зүйн үндэслэлгүй тушаалын үр дагавартай шалтгаант холбоотой гэж үзэж, нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Э******* нь ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө буюу 2025 оны 05 дүгээр сард 759,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 759,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 607,200 төгрөгийн цалин, хөлс авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 2 дахь тал),

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн авч байсан болон түүний гаргаж өгсөн цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцвол:

2025 оны 3,4,5 дугаар сарын цалин 2,131,700 төгрөг + 2,136,700 төгрөг + 971,227 =5,239,627 төгрөг, 5,239,627 төгрөг : 3 сар = 1 сарын дундаж цалин, хөлс 1,746,542 төгрөг, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6,827,387 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн. Иймээс нэхэмжлэгч Ц.Э*******ы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Ц.Э******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар /ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70,200+126.242=133.442 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 133442 төгрөгийг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгээс гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Мөн хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э*******ыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүү бүртгэл, төлөвлөлтийн албаны ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,955,741 /зургаан сая есөн зуун тавин таван төгрөг долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э*******д олгож, үлдэх 6,955,741 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э*******ы ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгээс 133,442 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ