Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/50

 

2025/ДШМ/50

 

 

        

     Ж.Г, Б.Э, Б.Б нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тулга

Яллагдагчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, В.Удвал

Яллагдагч: Б.Э

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

            А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/804 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт холбогдох 1812000710341 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

            Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “А” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 3 дугаар баг Урлах ухаан байр 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бийн Э /РД:000000/,

 

            Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Э сумын 0 дүгээр баг 0 дүгээр байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Жын Г /РД:0000000/,

 

            Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр У хотын С дүүрэгт төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “А” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0-р багийн 0-р 0 айлын байрны 0 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Бын Б /РД:0000000000/, 

 

Яллагдагч А аймгийн Э сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Г, мөн тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Э нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.А, Ц.Э, Б.Б нарын Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод аялах аяллын зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргах зорилгоор дээрх иргэдтэй утсаар ярьж, албан өрөөндөө дуудаж Засаг даргын нөөц хөрөнгөнөөс эмчилгээний зардал хүсэх тухай хүсэлт бичүүлж авсан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн тус сумын Засаг даргын зөвлөлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, Д.А, Ц.Э, Б.Б нарт тус тус 150.000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлүүлж, улмаар уг шийдвэрийн дагуу тус сумын Засаг даргын орлогч Т.Гоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж гаргуулан, уг захирамжийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эийн Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аы Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Бийн Хаан банкны дансанд тус тус 150.000 төгрөгийг Э сумын Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжүүлүүлж бусдад давуу байдал бий болгосон,

яллагдагч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн прокурорын газрын уулзалт, мэдүүлгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Г, Б.Э нарын өөрт нь болон бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

А аймгийн Прокурорын газраас Ж.Г, Б.Э нарт холбогдох хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/804 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Жын Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бын Б нарт холбогдох 1812000710341 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Г, Б.Э, Б.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... Шүүгчийн захирамжийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хэргийн үйл баримтын хувьд “Ж.Г нар нь эмчилгээ хийлгэх шаардлагагүй буюу аялал зугаалгаар явж байгаа хүнд эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхэд нь үзүүлсэн тусламж, дэмжлэг мэтээр төсвийн мөнгөн хөрөнгөөс бодит байдлыг зориуд нууж, үндэслэлгүйгээр олгосон” нөхцөл байдал тогтоогддог. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад шаардлагатай мөнгөн тусламж хүсээгүй, өөрөөр хэлбэл эмнэлгийн тусламж авах шаардлагагүй хүнд аялал, зугаалгаар явах зардлын мөнгийг нь олгож, өөртөө нэр хүнд олох зорилгоор зориуд өөр агуулгаар буюу эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд нь дэмжлэг үзүүлсэн мэтээр төсвийн мөнгөн хөрөнгийг олгосон үйл баримтыг гэмт хэрэг гэж үзэн, шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шүүх хангаж, А аймгийн Э сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 09 сарын 27-ны өдрийн “Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргах, уг журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх, уг журмыг хүчингүй болгосон эсэх талаар 2011-2015 онд А аймгийн Э сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах үндэслэлээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь 2011 оны 09 сарын 27-ны өдрийн “Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах журам” нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагагүй хүнд эрүүл мэндийн тусламж, дэмжлэг үзүүлэх нэрийдлээр, аяллын зардлыг нь төсвийн хөрөнгөнөөс гаргаж олгосон үйл баримттай хамааралгүй, ач холбогдолгүй баримт бөгөөд мөнгө хүлээн авсан иргэн аяллын зориулалтаар ашигласан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнийг нь яллагдагч нар өөрсдөө санаачилж, арга замыг нь зааж өгч өргөдөл бичүүлж авсан асуудлыг гэмт хэрэг мөн эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхэд дээрх журам ач холбогдолгүй тул тус журам хүчин төгөлдөр байгаа эсэхийг гэрчээс мэдүүлэг авч тогтоох гэдэг нь нотолгооны ач холбогдолгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байтал хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/804 дугаартай, хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тулга би  Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт холбогдох 1812000710341 дугаартай хэрэгт давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.Эсэргүүцлийг 3 үндэслэлээр бичсэн байгаа. Нэг дэх үндэслэл нь хэрэгт авагдсан байгаа баримтын хүрээд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Яагаад заавал аялах гэж байгаа хүнд эмчилгээний гэсэн утга бичсэн, энэ нь дансны гүйлгээнээс харагдаж байгаа. Яагаад тийм утгатай гүйлгээ хийгээд байгаа юм бэ. Яагаад үүний дагуу биеэ эмчлүүлнэ гэсэн өргөдөл бичүүлээд байгаа юм бэ. Тэр улсууд Оросын холбооны улс руу аяллаар явж байсан. Энэ дунд яагаад халхавчилж эрүүл мэндийн  зардал гэж олгоод байгаа юм бэ. Үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа. Тиймээс шүүхэд шилжүүлээд, мэтгэлцээний үндсэн дээр нэг талд нь шүүхээр шийдвэр гаргуулъя. Шүүх эцсийн шийдвэрийг дэнсэлдэг учраас, өмгөөлөгч тал бол энэ хүмүүсээ буруугүй гэж байна. Гэтэл яагаад заавал үнэн зөвөөр нь аяллын зардал гэж олгохгүй, эрүүл мэндийн зардал гэж гаргаад байгаа юм бэ. Энэ юу нь болохгүй байгаа юм бэ. Өөр нэр томьёо өгч гүйлгээний утга хийгээд байгаа юм бэ. Бид гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Тиймээс гэм буруугийн асуудлыг шүүхээр цэг тавиулахыг хүссэн. Тиймээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлээд, нотлох баримтыг шинжлэн судлаад, шийдвэрээ гаргуулъя гэсэн агуулгатай байгаа. Эсэргүүцэлд заагдсан үндэслэлүүдээ бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна ... гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Миний хувьд эмчилгээний журмаар ч, аяллын журмаар ч мөнгө олгож болохоор А аймгийн Э сумын ИТХ-ын 2011.09.21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан гэж үзэж байна. Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах журамд тодорхой байна. Нутаг дэвсгэрийн хувьд А аймгийн Э сумын Засаг дарга, мөн Тамгын газрын дарга нар журамд заасны дагуу ажлаа хийж байна. Энэ нотлох баримтуудыг тодруулахгүйгээр, хавтаст хэрэг хавсаргаж хийхгүйгээр, үүнтэй холбоотой гэрч нарыг асуухгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай болоод байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2.1-т заасан хэргийг прокурорт буцаах буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал гарч ирж байгаа. Үүнийг Улсын Дээд Шүүхээс юу гэж тайлбарласан гэхээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг мөрдөн байцаалтаар хийнэ гэж, мөн зөрчилтэй хийгдсэн, огт хийгдээгүй аль нэг ажиллагаа хамаарна гэсэн байгаа. Тэгэхээр бид хийгдээгүй ажиллагааг хийлгэх гээд байна шүү дээ. Тийм учраас Улсын Дээд Шүүхийн 2019.12.13-ны өдрийн 491 тоот тогтоолд нөхцөл байдлыг тодорхой заагаад өгсөн байна. Мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн байна. Мөн огт хийгдээгүй ажиллагаа байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Ер нь хэрэгт авагдсан баримт болон одоо нэмэлт хийгдэх, нотлох баримт авах гэж байгаа ажиллагаа, урдаас шаардлагагүй, хэрэггүй гэж дүгнэх хууль зүйн боломж байхгүй. Хэрэгт авагдаж байгаа нотлох баримтууд, хийгдэх ажиллагаануудыг бүгдийг нь хийж цуглуулах ёстой гэсэн зарчимтай. Тэгээд гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар, мэтгэлцээний үндсэн дээр хийнэ гэж байгаа. Бидний зүгээс уг нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргаж өгөх боломжгүй, гаргаж өгөх боломжит цаг хугацаа нь өнгөрсөн. Тэгээд мэдэгдээгүй байсан нөхцөл байдал гарч ирж байгаа учраас одоо гаргуулах гэж байгаа баримтыг давж заалдах  шатны шүүхээс авах  шаардлагагүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй. Урдаас шүүх ийм баримт хэрэгтэй, ийм баримт хэрэггүй гэж шийдэх нөхцөл байдал байхгүй. Хэргийн оролцогч хүсэлтээ тавилаа, хэрэгт ач холбогдолтой чухал нотлох баримт байна гэж анхан шатны шүүх үзээд бүрдүүлье гэж шийдвэрлэж байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, шинээр нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах гэсэн заалт байгаа. Шүүх хуралдааны үеэр зөвхөн зөрчилтэй холбоотой асуудлыг 60 хонгоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой. Түүнээс хэргийн оролцогч өөрөө эрхийнхээ хүрээнд нэмэлт мөрдөн байцаалтыг ажиллагаа хийлгэе, нотлох баримт цуглуулъя гэж байгааг ач холбогдолгүй юм гэж шийдвэрлэх боломжгүй юм гэж харж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

Яллагдагч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Г, Б.Э нарыг А аймгийн Э сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Г, мөн тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Э нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.А, Ц.Э, Б.Б нарын Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод аялах аяллын зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргах зорилгоор дээрх иргэдтэй утсаар ярьж, албан өрөөндөө дуудаж Засаг даргын нөөц хөрөнгөнөөс эмчилгээний зардал хүсэх тухай хүсэлт бичүүлж авсан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн тус сумын Засаг даргын зөвлөлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, Д.А, Ц.Э, Б.Б нарт тус тус 150.000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлүүлж, улмаар уг шийдвэрийн дагуу тус сумын Засаг даргын орлогч Т.Гоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж гаргуулан, уг захирамжийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эийн Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аы Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Бийн Хаан банкны дансанд тус тус 150.000 төгрөгийг Э сумын Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжүүлүүлж бусдад давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн прокурорын газрын уулзалт, мэдүүлгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Г, Б.Э нарын өөрт нь болон бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн  гэж дүгнэн, Ж.Г, Б.Э нарт   холбогдох хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Засаг даргын нөөц сангийн захиран зарцуулах журмыг хэрэгт хавсаргах, уг журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх, гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.

 Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд шүүх, шүүгчээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болно.

 

              Анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийх шаардлагатай гэсэн атлаа уг ажиллагааг хийснээр хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, шүүх хуралдаанаар ямар учир нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа талаарх үндэслэл, дүгнэлтээ шүүхийн шийдвэрт бичээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...  Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ... гэж хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, бэхжигдсэн байх ба анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, үндэслэлтэй дүгнэж, нотлох баримтууд хоорондын харилцан хамааралд зөв дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

  Харин анхан шатны шүүх дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож ирүүлсэн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/804 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

  Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ж.Г, Б.Э, Б.Б нарын хувийн байдлыг харгалзан, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.  

   

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/804 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  Ж.Г, Б.Э, Б.Б нарт хэрэг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Ч.ЭНХТӨР

 

                                                                                     Л.НЯМДОРЖ