| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 102/2018/00122/И |
| Дугаар | 210/МА2018/00791 |
| Огноо | 2018-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2018/00791
| 2018 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2018/00791 |
Ч.Мандахын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00112 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Мандахын нэхэмжлэлтэй, хариуцагч Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-д холбогдох
Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчМфикскапитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Мандахын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Мандах миний бие 2008 оны 02 сарын 04-ний өдөр Мфикскапитал ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48а байр 1 тоот 378 м.кв орон сууцыг 310 000 ам.доллароор худалдан авахаар тохиролцсон. Дээрх гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгэгч нь байрыг 2009 оны 06 сарын 19-ний өдөр бүрэн дуусган ашиглалтад оруулах, гэрээний 5.1-д заасны дагуу захиалагч нь захиалсан орон сууцны үнийг төлөх, гүйцэтгэгч нь захиалагчид сууц эзэмших эрхийн бичгийг олгох үүрэг хүлээсэн. Ч.Мандах би захиалсан байрны төлбөр болох 310 000 ам.долларыг 2010 оны 03 сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлсөн, Мфикскапитал ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагчийн нэр дээр гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд Ч.Мандахыг орон сууцны өмчлөгч болно гэж харилцан тохиролцсоны дагуу миний бие өөрийн худалдан авсан гарааш, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэгч Мфикскапитал ХХК нь Ч.Мандахыг байрны төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болсон болохыг хүлээн зөвшөөрснөөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00645 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ч.Мандах миний биеийг Хан-Уул дүүргийн 11-р хороо, 3-р хэсэг, Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1 тоот 378 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу дээрх орон сууц болон гараашийн хууль ёсны өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахаар Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 03 сарын 20-ны өдөр бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Хан-Уул дүүргийн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзаж, 48а байрны 1 тоот орон сууц нь Мфикскапитал ХХК-ийн өмчлөлд Ү-2206014256 дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000107546 тоот гэрчилгээ олгогдсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д зааснаар буцаав, мөн 2010 оны 09 сарын 02-ны өдөр Капитрон банк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу зөвшөөрөл авах, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 3/27649 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэх 2017 оны 04 сарын 03-ны өдрөөр огноолсон бүртгэгчийн хариуг 2017 оны 04 сарын 06-ны өдөр авснаар миний өмчлөлийн орон сууц Параскай ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болохыг мэдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Мфикскапитал ХХК, Капитрон банк ХХК нь 2010 оны 09 сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1 тоот орон сууцыг барьцаалахдаа хууль ёсны өмчлөгч болох Ч.Мандах миний зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд Капитрон банк ХХК болон Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48а байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Мфикскапитал ХХК-ийн тайлбарт: Иргэн Ч.Мандах нь 2008 оны 02 сарын 04-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1 тоот 378 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, төлбөрт 310 000 долларыг 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бүрэн төлсөн. Иргэн Ч.Мандахыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00645 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 сард ашиглалтад оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд Мфикскапитал ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани Капитрон банк ХХК-аас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, үндсэн зээл 15 тэрбум төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27 орчим тэрбум төгрөгийг төлсөн. Үүний нэг болох Параскай ХХК нь Капитрон банк ХХК-тай 2008 оны 11 сарын 14-ний өдөр 08/150 тоот зээлийн гэрээ, 08/150 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, иргэн Б.Инжинаашийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 56 дугаар байрны 03 тоот орон сууц, компанийн борлуулалтын орлого, 10 нэр төрлийн хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2009 оны 12 сарын 11-ний өдөр 08/150 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Үүнээс хойш буюу 2010 оны 09 сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж Параскай ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Мфикскапитал ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1 тоот 378 м.кв орон сууцыг Капитрон банк ХХК-ийн шаардлагаар Ч.Мандахад мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэвч Капитрон банк ХХК нь зээлийн барьцаанд орон сууцуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь 2010 оны 09 сард орон сууц нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан ч иргэд 2009 оны 12 сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Ч.Мандах нь тэдний нэгэн адил орон сууцыг ашиглаж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч Капитрон банк ХХК-ийн тайлбарт: Параскай ХХК нь Капитрон банк ХХК-тай 2008 оны 11 сарын 14-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 600 000 ам.долларын Жайка төслийн зээлийг жилийн 7.71 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Түүнчлэн 2010 оны 09 сарын 02-ны өдөр Капитрон банк ХХК болон Параскай ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 11 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Мфикскапитал ХХК-тай зээлийн барьцааны гэрээг байгуулан дор дурдсан хөрөнгүүдийг барьцаанд авсан. Үүнд Мфикскапитал ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн гудамж, 48а байр, 000107546 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014256 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 м.кв талбайтай, 1 тоот орон сууц, 000106169 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014162 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 м.кв талбайтай, 2 тоот орон сууц, 000106168 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014163 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 м.кв талбайтай, 3 тоот орон сууц, 000106167 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014164 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 м.кв талбайтай, 4 тоот орон сууцнуудыг барьцаалсан. Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Капитрон банкны хувьд 08/150 тоот барьцааны гэрээг 2010 оны 09 сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Иргэн Ч.Мандах нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 181/Ш32017/09070 тоот захирамжаар тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас харахад Мфикскапитал ХХК нь 2010 оны 05 сарын 13-ны өдөр 48а байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, Капитрон банк ХХК нь 2010 оны 09 сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох Мфикскапитал ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Ч.Мандах нь дээрх барьцааны эрхээс хойно иргэний шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Капитрон банк ХХК нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх гэрээ байгуулагдаж, үнийг бүрэн төлснөөр үүсэхгүй, хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсдэг. Өөрөөр хэлбэл аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн улсын бүртгэлд тусгагдсаны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тодорхойлдог. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т ...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. Капитрон банк ХХК нь Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1-4 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь Мфикскапитал ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь заалтыг баримтлан Мфикскапитал ХХК болон Капитрон банк ХХК-ийн хооронд 2010 оны 09 сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48а байрны 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 08 сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 264 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мфикскапитал ХХК, Капитрон банк ХХК-аас 1 264 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мандахад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх өмчлөгчийг тодорхойлохдоо хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үнийг төлснөөр үүсэх тухай зохицуулалтыг буюу Иргэний хуулийн 112 дугаар зүйлиин 112.1 дэх заалтыг хэрэглэсэн. Шүүхийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж байгаа боловч мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх зохицуулалтын дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үнийг төлснөөр үүссэн гэж хуулийг буруу тайлбарласан. Учир нь үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүсэх зохицуулалт нь үл хөдлөх хөрөнгөтэй огт холбоогүй зохицуулалт бөгөөд харин лизинг бүхий харилцаанд зориулагдсан зохицуулалт юм. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалт нь ийнхүү тусгай зохицуулалттай учир энэ харилцаанд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх зохицуулалт хэрэглэгдэх учиргүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 00645 дугаар шүүгчийн захирамжаар өмчлөх эрхтэй болсон байх тул Капитрон банк ХХК-ийн зүгээс сүүлд эрх нь үүссэн өмчлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагагүй.
Нэхэмжлэгчийн хувьд барьцааны эрхээс хойно өмчлөх эрх нь үүссэн байх тул Капитрон банк ХХК-ийн хувьд барьцааны гэрээг байгуулах үед мэдэгдэх шаардлага байгаагүй бөгөөд мэдэгдэх боломжгүй байсан. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 болон 13 дугаар зүйлийн 13.1 дэх зохицуулалтыг шүүхийн зүгээс буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь дээрх зохицуулалтад байгаа гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх хэмээх ойлголтод Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар түрээслэх болон хязгаарлагдмал эрхийг хамааруулахаар байна. Харин нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэг хязгаарлагдмал эрх, түрээсийн эрхийг хэрэгжүүлж байгаагүй, тус эрхүүдийг олж авсан этгээд биш юм. Мөн шүүхийн хувьд хязгаарлагдмал эрх болон өмчлөх эрхийг адилтган авч үззж хуулийг тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд томоохон алдаа болсон. Иймээс Капитрон банкны хувьд хязгаарлагдмал эрхийг хэрэгжүүлээгүй, эрхгүй этгээдэд мэдэгдэх шаардлага байгаагүй. Түүнчлэн шүүх хариуцагч "Мфикскапитал" ХХК-ийг буруутгахдаа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн гэжээ. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан зохицуулалтаас харахад гуравдагч этгээдэд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх тухай зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэгэнт бий болсон үр дагавар буюу барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны эрх үүссэний дараа хийгдэх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулсан болохоос барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрөл авах тухай зохицуулаагүй юм. Иймд Сухбаатар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Мандах нь хариуцагч Мфикскапитал ХХК, Капитрон банк ХХК-д холбогдуулан Мфикскапитал ХХК, Капитрон банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ч.Мандах нь хариуцагч Мфикскапитал ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 48А байрны 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай орон сууцыг захиалж, 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний үнэ 310 000 ам.долларыг төлж барагдуулсан байна.
Тэрээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 00645 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 48А байрны 1 тоот, 378 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Мфикскапитал ХХК нь зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр өмчлөлийн зүйлийг нь барьцаалсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч Мфикскапитал ХХК нь Капитрон банк ХХК, Параскай ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 90 хувийн гүйцэтгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 48А байрны 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай орон сууцыг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Капитрон банк ХХК-д барьцаалсан. Уг барьцааны гэрээ байгуулагдах үед маргаан бүхий орон сууц нь Мфикскапитал ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан байна. /хх 75/
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мфикскапитал ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 48А байрны 1 тоот, 378 м.кв талбай бүхий орон сууцыг Капитрон банк ХХК-д барьцаалах эрхтэй бөгөөд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 112 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эд хөрөнгийн өмчлөх эрх хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, үл хөдлөх хөрөнгийн хувьд хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхээр Иргэний хуулийн 110, 111 дүгээр зүйлд тогтоосон.
Капитрон банк ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээг улсын бүртгэлд буруу ташаа бүртгэсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул барьцааны эрхийг олж авсан этгээд болох Капитрон банк ХХК-ийг шударга эзэмшигч буюу барьцааны эрхийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар шударгаар олж авсан этгээд гэж үзнэ.
Шүүх барьцааны зүйлийг барьцаалах эрхийг олж авсан хэлцэл болох Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь хуульд нийцээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Мандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Капитрон банк ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 264 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.МӨНХЗУЛ