| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2016/0571/э |
| Дугаар | 449 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Э.Халиун;
шүүгдэгч: Б.Энхбаяр (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батмөнхийн Энхбаярт холбогдох эрүүгийн 1809016300419 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3 дугаар гудамжны 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧЕ65102375 регистерийн дугаартай, Мянгад овогт Батмөнхийн Энхбаяр.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Энхбаяр нь 2018 оны 03 дугаар 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлхийн задгай тоотод хохирогч Р.Сайнбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн шилбэнд хутгалж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаяр мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Сайнбаяр /хх-ийн 11-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4539 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, Б.Энхбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 2-3, 14-15/, Б.Энхбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 21-32/, хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 35-37/, хохирогч Р.Сайнбаярын гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-ийн 44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2018 оны 03 дугаар 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Сэлхийн задгай тоотод хохирогч Р.Сайнбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн шилбэнд хутгалж хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Р.Сайнбаярын /хх-ийн 11-12/: “... Би 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн Сэлхийн задгай тоотод оршин суудаг өөрийн таньдаг ах Энхбаярын гэрт найз Баяраа, Нансаа гэх эмэгтэй нарын хамт байж байсан. … Би Энхбаяр ахтай юм яриад сууж байсан чинь Энхбаяр ах намайг “чи битгий орой над руу гар утсаар залгаад бай” гэж хэлээд намайг орон дээр сууж байхад түлхэж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд Энхбаяр ахын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод гэрээс нь гарах гэтэл хар өнгийн хутга бариад намайг “алнаа” гээд орилоод дайрсан. Тэгээд би шууд гэрээс гараад хашаан дотор зугтаагаад гүйж байхдаа шавар дээр халтираад уначихсан юм. Энхбаяр ах миний зүүн хөлийг гараараа барьж аваад хар иштэй хутгаараа 1 удаа бүлсэн ...” гэх мэдүүлгээр,
Б.Энхбаярын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 2-3, 14-15/: “... Сайнбаяртай юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна. Нэг харахад Сайнбаяр миний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон. Би “алнаа” гэж орилж босож ирээд гал тогооны тавиур дээр байсан хар өнгийн иштэй хутгыг авахад бүгдээрээ манайхаас гүйгээд гарсан. Сайнбаяр хашаан дотор зугтаж байгаад шавар дээр хальтирч унахаар нь би барьж аваад зүүн хөлнийнх нь булчин хэсэгт хутгаараа зүссэн. ...” гэх мэдүүлгээр,
Б.Энхбаярын буруутай үйлдлийн улмаас Р.Сайнбаярын биед “зүүн шилбэнд шарх” бүхий ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4539 тоот дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг хутгалснаа өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч хутгалуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Өөрийг нь зодсонд дургүйцэж Р.Сайнбаярыг хутгалж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Энхбаярын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Энхбаярын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Мянгад овогт Батмөнхийн Энхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ