Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00792

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00792

 

 

Коко десерт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17ы өдрийн 181/ШШ2018/00176 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Коко десерт ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бумбагранд констракшн ХХК-д холбогдох

2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээ болон 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцуулж,  хохиролд 178 150 000 төгрөг гаргуулах, хариуцагчаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, уг газрыг чөлөөлүүлэх тухай үндсэн,

зээлийн гэрээний үүрэгт 1 440 171 961 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрэврагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Коко десерт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Коко десерт ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрлэл, орон сууцны барилга барих зорилгоор Бумбагранд констракшн ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2 жилийн хугацаатай Хамтран ажиллах гэрээ байгуулж, үйлдвэрийн 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг барьцаалж, баталгаа болгон 300 000 000 төгрөг авч, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор гэрээнд заасны дагуу 288 м.кв үл хөдлөх хөрөнгө, өргөтгөл 150 м.кв талбай бүхий үйлдвэрийн байр, 1200 м.кв талбай бүхий авто зогсоолыг эзэмшил газрын хамт бүрэн чөлөөлж өгсөн. Бумбагранд констракшн ХХК нь гэрээт хугацаандаа гэрээний үүргээ зөрчиж, огт биелүүлээгүй тул манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар болон цаашид гэрээний хугацааг сунгах эсэх, сунгах тохиолдолд хэрхэн хамтран ажилллах, ямар нөхцлөөр сунгах талаар тайлбар хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч бодитой хариу ирүүлээгүй, гэрээнд улирал, 6 сар тутамд тайлан тавьж байх талаар тохирсон боловч ямар ч тайлан тавьж байгаагүй, гэрээний үүрэгт Ч.Гомбосүрэн гэгч гуравдагч этгээд орж ирсэн.

Коко десерт ХХК-ийн зүгээс гэрээг цаашид сунгахгүй, манай эзэмшил газар дээр барилгын ажил эхлүүлэхгүй байх тухай мэдэгдэл өгсөн, гэрээнд заасны дагуу мэдэгдлийг удаа дараа хүргүүлсээр байтал тус компани нь дур мэдэн барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Ч.Гомбосүрэн бол гэрээний нэг тал биш, гэтэл бичиг баримтуудыг Ч.Гомбосүрэнгийн нэр дээр авсан, барилга эхлэх зөвшөөрөл хүртэл Ч.Гомбосүрэнгийн нэр дээр байсан, энэ нь хожмын өдөр иргэн Ч.Гомбосүрэн Коко десерт ХХК-ийн өмнө ямар ч үүрэг хүлээхгүй гэсэн үг юм. Энэ байдлаас бидний хоорондох зөрчил үүссэн. Бид хамтран ажиллах гэрээний баталгаа болгож 300 000 000 төгрөг авсан нь үнэн. Нэмж 16 000 000 төгрөг аваагүй.

Бумбагранд констракшн ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ноцтой зөрчсөнөөс манай компанид багагүй хэмжээний хохирол учирсан тул 2015 оны 11 сарын 28-ны өдөр 015/1103 тоот албан бичиг хүргүүлж, 2015 оны 12 сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, мөн өдрөөс манай эзэмшлийн газар болон бусад объектыг чөлөөлж албан ёсоор хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн. Хамтран ажилах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1., 9.1. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1. дэх заалтуудыг үндэслэн хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцуулж, газар чөлөөлүүлэх, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээний 3.2-т хамтран ажиллах гэрээний 3.3.,5.3, 6.4 дэх заалтууд биелэгдэхгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд барьцааны гэрээг үл маргах журмаар цуцална гэж заасны дагуу барьцааны гэрээг цуцалсанд тооцож Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулан өгнө үү.

2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот хамтран ажиллах гэрээний ерөнхий нөхцөл болох 3-р зүйлийн 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7 дахь заалтууд, энэ гэрээний дагуу Бумбагранд констракшн ХХК-ийн хүлээсэн үүрэг болох 6.1, 6.2, 6.3, 6.4 6.5 дахь заалтууд мөн хамтран ажиллах гэрээний 7-р зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд Мончингэстэй ХХК-ийн үйлдвэрлэлийн байрыг түрээсэлсэн төлбөрт 120 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Энхзоригийн оффисын байрыг түрээсэлсэн төлбөрт 51 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд ТЭБО ХХК-ийн ажлын байрыг түрээслэсэн төлбөрт 7 150 000 төгрөг, нийт 178 150 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Бумбагранд констракшн ХХК-тай байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээ болон 2013 оны 10 сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцуулж,  хохирол 178 150 000 төгрөг, хариуцагчаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулан, уг газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Бумбагранд констракшн ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2013 оны 09 дүгээр сард Коко десерт ХХК нь манай компанитай хамтран ажиллах гэрээг хийх үед банкинд өртэй, эдийн засгийн байдал нь хүндэрсэн байснаа тайлбарлаж биднээс 300 000 000 төгрөгийг Ш.Алтантуул бэлнээр авч, газрын гэрчилгээгээ барьцаалсан. Энэ мөнгөөр Капитрон банкны зээлээ төлж зээлийн барьцаанд байсан эзэмшил газраа чөлөөлж манай компанитай хамтарч сайн дураараа ирээдүйд олох ашгийн төлөө барилга барихаар болсон. Манай компани гэрээндээ чин үнэнч байж тус эзэмшил газар дээр байсан объектуудыг тэдний хүсэлтийн дагуу буулгаж, асар их барилгын хог хаягдлыг зөөж, цэвэрлэн барилга байгууламж барихад саадгүй болгон, бүх зардлыг гаргаж, 2013 оны өвлийг өнгөрөөж 2014 оны хавраас тус газарт цогцолбор хотхон барих зураг төсөл, макет болон эдийн засгийн тооцоог хийх, барилга байгууламж барихад шаардагдах инженер техникийн нөхцлүүдийг гаргуулах, хот төлөвлөлтийн газраас тус хотхон хорооллын архитекторын даалгавар гаргуулах, барилга болон байгууламжийн ажлын зургийг гарган Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр хянуулан магадлалын хэсэгчилсэн болон ерөнхий дүгнэлт гаргуулах зэрэг ихээхэн цаг хугацаа, зардалтай ажлуудыг жилийн дотор хийж гүйцэтгэсэн. Ингээд 2015 оны 06 дугаар сард албан ёсоор барилга байгууламж барих эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч барилгын ажлаа эхлүүлж газар хөдлөлтийн хүчитгэсэн нил суурь, зоорийн давхрын ажлыг гүйцэтгэн барилгын ажил жигдэрч байтал Коко десерт ХХК нь ямар нэгэн үндэслэлгүйгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар шалгуулж саад учруулсан.

Хамтран ажиллах гэрээг байгуулсанаас хойшхи хугацаанд нэхэмжлэгчийн хууль бус шаардлага, үйл ажиллагаанаас болж барилгын ажил хэвийн үргэлжлээгүй, мөн 2013 оноос Монгол улсын эдийн засаг хямарч барилгын салбар бүхэлдээ зогсонги байдалд шилжиж ямар ч банк барилгын салбарт зээл олгохгүй байгаа нь давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл үүсгэсэн. Иймд бид Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандан өөрийн үйл ажиллагаагаа хянуулахад биднээс үл хамаарч хүндрэл учирч байгааг тогтоож 2016 оны 05 дугаар сард давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцлийн гэрчилгээг олгосон болно.

Гэрээний талууд 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр Бумбагранд констракшн ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хамтран барилга барих талбайг чөлөөлөх, цэвэрлэх үйл ажиллагааг явуулж барилгын талбайд байсан хуучин хүнд хийцтэй үйлдвэрлэлийн зорилгоор баригдсан актлагдсан 2 давхар барилгыг буулгах, барилгын талбайг чөлөөлөх, цэвэрлэх үйл ажиллагаанд 152 000 000 төгрөгийн зардлыг гаргасан. Мөн барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор 2014 оноос 2015 онд барилгын зураг төсөл хийлгэх, барилгын техникийн нөхцлийг авах, барилгын ажлын зураг, зохиогчийн хяналтын гэрээ, ажлыг эхлүүлэх зорилгоор техникийн нөхцөл авах, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, барилгын магадлалын ерөнхий дүгнэлтийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж улмаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр барилга эхлүүлэх зөвшөөрөл авсан болно.

Хамтран ажиллах гэрээний 3.1-д заасны дагуу уг газрыг барьцааны гэрээгээр барьцаалсан. Гэрээний 8.1-д давагдашгүй хүчин зүйлд ....өөрөөс үл хамаарах нөхцлийг хэлнэ гэж тодорхойлон гэрээний зорилго нөхцөл биелэх боломжгүй болсон тохиолдолд гэрээг дахин хянан үзэхээр тохиролцсон ба барилгын салбар уналтад орсон байгааг нэхэмжлэгч Коко дессерт ХХК сайн мэдэж байгаа. Мөн талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Тухайн үед Коко десерт ХХК нь газрын гэрчилгээ банкны
барьцаанд байгаа мөнгө өгч тус болооч гэсэн хүсэлтийн дагуу авсан
316
000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Бумбагранд констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Бумбагранд констракшн ХХК нь Коко десерт ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Бидний зүгээс энэ үүргээ хэрэгжүүлэхээр 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хамтран барилга барих талбайг чөлөөлөх, цэвэрлэх үйл ажиллагааг явуулсан. Энэ ажлыг хийхийн тулд барилгын талбайд байсан хуучин хүнд хийцтэй үйлдвэрлэлийн зорилгоор баригдсан актлагдсан 2 давхар барилгыг буулгах, барилгын талбайг чөлөөлөх, цэвэрлэх, үйл ажиллагаанд 152 000 000 төгрөгийн зардлыг гаргасан. Коко десерт ХХК-ийн захирал Ш.Алтантуул зээлийн гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг зээлж авсан. Мөн барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор 2014 оноос 2015 онд барилгын зураг төсөл хийлгэх, барилгын техникийн нөхцлийг авах, барилгын ажлын зураг, зохиогчийн хяналтын гэрээ, ажлыг эхлүүлэх зорилгоор техникийн нөхцөл авах, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, барилгын Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж улмаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр барилга эхлүүлэх зөвшөөрөл авсан болно. Энэ бүхний дараа үндсэн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд бэлтгэн нийлүүлэгчтэй болон барилгын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан нил суурь, зоорийн давхар болон 1 дүгээр давхрын давхар хоорондын ажлуудыг хийж гүйцэтгэн 1 440 171 961 төгрөгийн зардал гаргасан. Энэ зардал дотор Ш.Алтантуулын зээлсэн 316 000 000 төгрөг орж байгаа бөгөөд барилгын талбай чөлөөлөхөд 152 000 000 төгрөг, барилгын суурийг цутгахад 842 372 166 төгрөг нийт 1 440 171 961 төгрөгийн зардал гарсан. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасны дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна.

Талууд 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 316 000 000 төгрөгийг бэлнээр өгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Коко десерт ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4952 м.кв газрыг барьцаалан мөн өдөртөө барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд Коко десерт ХХК-аас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Ш.Алтантуулын зээлсэн 300 000 000 төгрөг, барилгын талбай чөлөөлөхөд 152 000 000 төгрөг, зураг төслийн магадлалын үнэд төлсөн 8 577 795 төгрөг, барилга угсралтын явцад зохиогчийн хяналтад 20 000 000 төгрөг, барилгын ажлын зураг төсөлд 117 222 000 төгрөг барилгын суурийг цутгах болон бусад зардалд 842 372 166 төгрөг, нийт 1 440 171 961 төгрөгийг гаргуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Коко десерт ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Коко десерт ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулахдаа ямар нэгэн зээлийн гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй болно. Бумбагранд констракшн ХХК нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан ажилаа огт хийгээгүй, гэрээний хугацаа дуусгасан. Бумбагранд констракшн ХХК-ийн удирдлагууд утсаа авахгүй алга болсон тул манай зүгээс дээрх 2 гэрээг цуцалсанд тооцож гэрээг дуусгавар болгож, гэрээнээс гарч байгаа тухайгаа удаа дараа албан тоотоор мэдэгдсэн. Барилгын тухай хуулийг ноцтой зөрчиж барилга эхлүүлэх, барих зөвшөөрлүүд, зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль тогтоомжийн дагуу аваагүй болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалт, комиссоос тавигдсан акт, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Бумбагранд констракшн ХХК суурийн ажилд 972 171 961 төгрөг зарцуулсан гэж байгаа боловч түүний задаргаа байхгүй, барилгыг буулгахад 152 000 000 төгрөг зарцуулсан гэж үзэх гэрээ байгаа ч түүгээр бүрэн нотлогдохгүй байна. Бумбагранд констракшн ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, барилга барих зөвшөөрлийг иргэн Ч.Гомбосүрэнгийн нэр дээр авсан, Бумбагранд констракшн ХХК-ийн нэр дээр барилга барих зөвшөөрлөө авсан бол ийм байдалд хүрэхгүй байсан.

Бумбагранд констракшн ХХК-ийн барилгын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зогсоосон, НМХГ зогсоосоор байхад цааш нь үргэлжлүүлэн барьсан, энэ нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр арматур авсан баримтаар нотлогддог. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэл өгсөөр байхад зоорийн давхрыг хийсэн, манай зүгээс ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, хамтран ажиллах гэрээний 7.5-д зааснаар суурийн ажилд зарцуулсан гээд байгаа 972 171 961 төгрөгийг өөрөө хариуцах ёстой, 300 000 000 төгрөгийг зээлж аваагүй, баталгаа болгож дэнчин хэлбэрээр авсан, гэрээний 3.8-д зааснаар энэ 300 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн 152 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь нотлох баримт байхгүй, бид байрнаасаа гарч газраа чөлөөлж өгсөн. Хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болж байна. Бидний зүгээс гэрээний хугацаа дуусч гэрээгээ цааш үргэлжлүүлэх талаар санал тавьж албан тоот хүргүүлсээр байхад Бумбагранд констракшн ХХК нь биднийг үл тоон хууран мэхэлж, биднийг хориглосоор байхад барилгын ажил гүйцэтгэж гэрээг цааш үргэлжлүүлэх боломжоо өөрсдөө үгүй хийсэн. Барилгын ажил явуулж болохгүй, явуулсан тохиолдолд хохирлыг манай компани хариуцахгүй гэж мэдэгдсээр байхад суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Хамтран ажиллах гэрээний 7.5., Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1., 479 дүгээр зүйлийн 479.3, 480 дугаар зүйлийн 480.1.1.-д зааснаар хамтран ажиллах болон барьцааны гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5., 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, Бумбагранд констракшн ХХК-аас 154 950 000 төгрөгийг, 8009/0091 нэгж талбарын дугаар бүхий газрын гэрчилгээний хамт гаргуулан нэхэмжлэгч Коко десерт ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Коко десерт ХХК-аас 889 673 603 төгрөгийг гаргуулан Бумбагранд констракшн ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 550 498 358 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Коко десерт ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 048 700 төгрөг, хариуцагч Бумбагранд констракшн ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 358 810 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Бумбагранд констракшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 932 700 төгрөгийг гаргуулж Коко десерт ХХК-д, Коко десерт ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4 606 318 төгрөгийг гаргуулан Бумбагранд констракшн ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн 1 дэх хэсэгт нэхэмэжлэгчээс 889 673 603 төгрөг, тэмдэгтийн хураамжид 4 606 318 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, мөн газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэгч компаниас үл хамаарах хариуцагчийн хууль бус, өөрийн илт буруутай үйлдлийн үр дүнд бий болсон хохирлыг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэхдээ хамтран ажиллах гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс бусдад учруулсан хохирол, гэрээнд оролцоогүй гуравдагч этгээдийн талуудын зөвшөөрөлгүй өөрийн сайн дураар гүйцэтгэсэн ажил түүнд зарцуулсан хөрөнгө, хохирлыг ямар этгээдээр төлүүлэх зэрэгт үндэслэлтэй дүгнээгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас хавтаст хэрэгт ирүүлсэн баримтууд нь иргэн Ч.Гомбосүрэнтэй холбоотой баримтууд бөгөөд нэхэмжлэгч Коко десерт ХХК-д ямар ч хамааралгүй. Энэ талаар хамтран ажиллах гэрээний 3.6-д тодорхой заасан. Гэтэл хариуцагч тал буюу Бумбагранд констракшн ХХК нь гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл барилга барих ямар ч зөвшөөрөл авч байгаагүй нь Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 07 сарын 25-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, мөн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 10 сарын 25-ны өдөр ирүүлсэн нотлох баримт хүргүүлэх тухай албан тоот зэрэг баримтаар бүрэн нотлогддог.

Барилгын тухай хууль болон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 3.2-т зааснаар хариуцагч Бумбаград констракшн ХХК-ийн нэр дээр ямар ч зураг төсөл хийгдээгүй, барилгын ажилтай холбогдох зөвшөөрөл техникийн нөхцлүүд авагдаагүй, барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой ямар ч гэрээ хэлцэл байхгүй байгаа нь манай газар дээр байгаа барилгын суурийн ажилд хариуцагч тал ямар нэг хөрөнгө зарсан гэж үзэх үндэслэлгүйг тодорхойлж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээр зогсохгүй нэхэмжлэгч буюу манай компанийн зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллах гэрээнд огт дурдагдаагүй гуравдагч этгээд үйл ажиллагаа явуулсан байдаг. Хамтран ажиллах гэрээний 7.5, барьцааны гэрээний 5.5-д заасны дагуу иргэн Ч.Гомбосүрэнгийн орон сууцны барилгын ажил эхлүүлсэн, суурь цутгасан, бусадтай гэрээ хийсэн асуудалд бид хариуцлага хүлээх үндэслэлгүй.

2015 оны 09 сарын 23-ны өдөр НМХГ-ын ахлах байцаагч Т.Энхтүвшингийн албан ёсны хяналт шалгалтаар барилгын тухай хууль болон, гэрээг зөрчсөн гэдгийг тодорхойлж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. НМХГ-ын актад хавсаргасан фото зурагт барилгын суурь цутгаагүй байсныг бүрэн нотолж байна. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж барилга эхлүүлэх зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн байхад хариуцагч тал болон иргэн Ч.Гомбосүрэн нар өөрсдөө дур мэдэн хууль болон гэрээний заалтууд зөрчиж, нэхэмжлэгчээс ирүүлсэн албан шаардлагыг үл тоож барилгын суурь цутгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Барилгын хөгжлийн төв 2017 оны 07 сарын 25-ны өдөр дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтийн 2-р хуудсанд дурдагдсан 581 095 808 төгрөгийг хариуцагч Бумбагранд констракшн ХХК зарцуулсан гэж үзэх гэрээ хэлцэл, ажил гүйцэтгэсэн, гүйцэтгүүлсэн акт, төлбөрийн баримт гэх мэт ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй болно. Мөн иргэн Ч.Гомбосүрэн болон Асар консалтинг ХХК-ийн хооронд 2014 оны 01 сарын 15-ны өдөр барилгын зураг төсөл гүйцэтгэх ажлын гэрээ байгуулагдсан. Барилгын хөгжлийн төв болон Асар консалтинг ХХК-ийн хооронд 2014 оны 07 сарын 08-ны өдөр барилгын зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу иргэн Ч.Гомбосүрэн гэрээний төлбөрт 8 577 795 төгрөгийг 2015 оны 03 сарын 13-ны өдөр Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГазарт тушаасан байдаг. Энэ баримтад хариуцагч Бумбагранд констракшн ХХК-ийн нэр, хаяг данс бичигдээгүй, нэхэмжлэгчийн зүгээс иргэн Ч.Гомбосүрэн болон Асар консалтинг ХХК-ийн өмнө 581 095 808 төгрөг болон 8 577 795 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ямарч нотлох баримт байхгүй. Дээрх хийгдсэн гээрээнүүдэд манай компани болон Бумбагранд констракшн ХХК-ийн нэр дурдагдаагүй бөгөөд бид дээрх төлбөрүүдийн өмнө хариуцлага хүлээх үүрэггүй. Мөн манай байгууллага дээрх эрсдлийг гаргахаас нь өмнө бичгээр олон удаа мэдэгдэж, Мэргэжлийн хяналтын байгуулагад гомдол гаргаж үйл ажиллагааг зогсоолгосон байхад өөрсдөө зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан тул дээрх хохирлыг манай компани хариуцах үндэслэлгүй.

Кокодесерт ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Пүрэврагчаа, гүйцэтгэх захирал Ш.Алтантуул бид 2013 онд хариуцагч Бумбагранд констракшн ХХК-ийн зүгээс хамтарч ажиллах тухай хүсэл зорилгоо илэрхийлсэний дагуу түүний удирдлага болох Г.Батсайхан, Г.Энхтүвшин нартай уулзсаны дараа 2013 оны 08 сарын 15-ны өдөр Бумбагранд констракшн ХХК-ийн зүгээс манай компанид хандаж 2 төрлийн саналыг бичгээр ирүүлсэн байдаг. Энэхүү 2 саналын нэгдүгээрт урдчилгаа төлбөргүйгээр үйлчилгээний 1 давхар барилга дээр нэмж орон сууцны 4 давхар барилга, хоёрдугаарт нь үйлчилгээний 1 давхар барилга дээр нэмж орон сууцны 3 давхар барилга үүн дээр 200 000 000 төгрөг өгөх гэсэн утгатай байсан. Бид харилцан хэлэлцэж байгаад хоёрдугаар саналыг сонгож, хамтран ажиллах гэрээнд үйлчилгээний 1 давхар барилга, орон сууцны 3 давхар барилга, 10 ширхэг автомашины гарааш, мөн 300 000 000 төгрөг авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хамтын ажиллагааны эрсдэлгүй байдлыг бий болгох зорилгоор иргэний хуулийн 233 дугаар зүйлд зааснаар харилцан гэрээ байгуулсаны нотолгоо болгож Бумбагранд констракшн ХХК нь 300 000 000 төгрөг өгөх, Кокодесерт ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг барьцаалахаар харилцан үүрэг хүлээж, гэрээ байгуулсан.

Бумбагранд констракшн ХХК болон түүний удирдлага нь 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 015/091 дугаартай албан тоотоор манай газар дээр барилгын ажил явуулахгүй эхлүүлэхгүй байх, эхлүүлсэн явуулсан тохиолдолд А тал түүний хохирлыг хариуцахгүй гэж албан ёсоор мэдэгдээд байхад энэ албан шаардлагыг үл хүндэтгэн гэрээнд огт хамааралагүй Ч.Гомбосүрэнгээр барилгын ажил эхлүүлж, биднийг арга буюу НМХГазар болон НХТЕТГазарт хандахаас өөр аргагүй байдалд хүргэж өөрсдөд нь байсан гэрээгээ үргэлжлүүлэх боломжоо өөрсдөө үгүй болгосон. Хариуцагч тал хамтран ажиллаж байгаа байгууллагаа үл хүндлээд зогсохгүй харилцан мэдэгдэлгүй 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулахаас эхлээд гэрээнд огт хамааралгүй гуравдагч этгээдийг оролцуулж хууран мэхлэх, ирээдүйд бидэнд асар их хор хохирол учируулж болох үйлдлүүдийг хийсэн нь биднийг шүүхэд хандахаас өөр замгүй болгосон юм. Иймд шийдвэрийн нэхэмжлэгч Кокодесерт ХХК-аас 889 673 603 төгрөг гаргуулж хариуцагч Бумбагранд констракшн ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 440 171 961 төгрөгөөс 889 673 603 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд талуудын хооронд маргаагүй барилгын талбайд байсан 2 давхар барилгыг буулгасан зардал болох 152 000 000 төгрөгийг орхигдуулан шийдвэр гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг "Коко десерт" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн ба марган мэтгэлцээгүй. Энэ асуудлаар мэтгэлцэхгүй үл маргах болохоо урьдчилан тооцоолж 178 150 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн гэж хуурамч баримтыг бүрдүүлэн шүүх хуралдаанд оролцсон.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 178 150 000 төгрөгийн асуудал нь хуурамч байна гэдгийг нотолсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04890 дугаартай шийдвэр, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01942 дугаартай шийдвэр шүүхийн цахим санд байна. Дээрх шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно. Хэрэв энэ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол "Кокодесерт" ХХК-д хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болон нэгэнт шүүхээр тогтоосон үйл баримтыг дахин үнэлэхгүй тул түүнийг үндэслэн шүүхийн шийдвэр гаргах боломжтой байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй тал нь тэмдэгтийн хураамж бүрэн төлөөгүй байхад шүүх үндсэн нэхэмжлэлийг хэлэлцээд түүнд хууль зүйн дүгнэлт өгч хууль зөрчихөөс гадна дутуу төлсөн тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсангүй. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй буюу зөвхөн шүүхэд төлөөлөх эрх авсан Ж.Пүрэврагчаа нэхэмжлэл гаргасан байхад түүнийг хэлэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг 152 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Коко десерт ХХК нь хариуцагч Бумбагранд констракшн ХХК-д холбогдуулан 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээ болон 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцуулж,  хохиролд 178 150 000 төгрөг гаргуулах, хариуцагчаас Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбайтай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, уг газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 1 440 171 961 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Коко десерт ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөх, хариуцагч Бумбагранд констракшн ХХК нь уг газар дээр орон сууцны зориулалттай 3 ширхэг, 12 давхар барилга барьж, 1, 2, 3, 4 давхрыг бүхэлд нь 10 ширхэг гараашийн хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үлдсэн хэсгийг өөрийн өмчлөлд авах үүрэг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 4952 м.кв талбай бүхий газрыг чөлөөлсөн, хариуцагч нь талбайд 36м х 16м хэмжээтэй барилгын зоорийн давхрыг 581 095 808 төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэсэн нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагч нь дээрх барилгын ажлын зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, дулааны техникийн нөхцөл, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг захиалагч Ч.Гомбосүрэнгийн нэр дээр авч, Ч.Гомбосүрэн нь зарим ажиллагаанд төлбөр төлсөн байна. Хэдийгээр иргэн Ч.Гомбосүрэн нь хариуцагч компанийн захирал Батсайханы эцэг түүнчлэн тус компанийн ерөнхий зөвлөхөөр ажилладаг гэж байгаа боловч тэрээр гэрээгээр тохирсон ажил үүргийг гүйцэтгэхэд холбогдох баримт бичиг бүрдүүлж, зохих зардал гаргаж, маргаан бүхий харилцаанд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн оролцжээ.

 

Зохигчид хамтран ажиллах гэрээтэй холбоотой үүссэн үр дагаврыг буцаах гэж байгаа тохиолдолд иргэн Ч.Гомбосүрэнгийн эрх ашиг хөндөгдөх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгчийн Мон Чингэстэй ХХК-д түрээсийн төлбөрт 120 000 000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4890 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь буруу байна.

 

Олон нийтэд нээлттэй шүүхийн шийдвэрийн цахим сан дахь цахим мэдээллийг хэргийн оролцогч этгээд бэхжүүлэх боломжгүй, үүнийг заавал шүүхийн туслалцаатайгаар хэрэгжүүлнэ. Цахим санд хадгалагдаж байгаа мэдээлэлд шүүх үзлэг хийх ёстой. Харин бичгийн хэлбэрээр бүрдүүлэх нотлох баримтыг зохих журмын дагуу гаргуулна. Шүүх тухайн шийдвэрийн талаар шаардлагагүй баримт, өөрөө бүрдүүлэх боломжтой гэж урьдчилан дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17ы өдрийн 181/ШШ2018/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Коко десерт ХХК-ийн 4 606 320 төгрөг, хариуцагч Бумбагранд констракшн ХХК-ийн 917 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ