| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000000152 |
| Дугаар | 2025/ДШМ/52 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/52
2025/ДШМ/52
Ж.Ө, Ж.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.Ундармаа
Хохирогч: Б.Б
Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг, С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр
Яллагдагч: Ж.Ө, Ж.Б
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/807 дугаартай шүүгчийн захирамжтай яллагдагч Ж.Ө, Ж.Б нарт холбогдох 2412000000152 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Ж.Өгийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт, А аймгийн И сумын Э багийн Н Х гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, У овогт Жын Б /РД:0000000/
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, А аймгийн И сумын Т багийн Б хорооллын 0-0 тоотод оршин суух, Урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Жын Ө /РД:000000000/,
Яллагдагч Ж.Ө, Ж.Б нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сард А аймгийн Э сумын 0 багийн Э гэх газраас иргэн Ч.Хийн 17 тооны үхэр буюу олон тооны мал сэм аргаар, хууль бусаар А аймгийн И сумын нутаг руу мориор тууварлаж, үнэ төлбөргүйгээр, бүр мөсөн захиран зарцуулах эрхэндээ шилжүүлэн авч хулгайлсны улмаас 14.100.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах, мөн яллагдагч Ж.Ө, Ж.Б нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө А аймгийн Эрдэнэбулган сумын 0 багийн Хын Д гэх газраас Б.Б эзэмшлийн 20 тооны сарлагийн үхэр буюу олон тооны мал хулгайлах, яллагдагч Ж.Ө нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн И сумын Т багийн 0 хороололд байх хохирогч Ц.Пийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд зүүн зовхи, хацар, нүдний алимны цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Ж.Ө, Ж.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 зааснаар зүйлчилж, мөн Ж.Өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/807 дугаартай шүүгчийн захирамжид: А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ө, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2412000000152 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт прокурорын тогтоолоор 1 тооны морь битүүмжлэгдсэн болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Ж.Өд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... Прокуророос шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах байдлаар эсэргүүцэл бичиж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, ...өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-т “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа ...энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.” гэж заасны дагуу мөрдөгчөөс хэргийн материал танилцуулах талаар яллагдагч Ж.Б, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн нарт 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад 95118541 дугаарын утаснаас холбогдож мэдэгдэн, хариуг тэмдэглэл болгон үйлдэж хэрэгт хавсаргасан байдаг. Харин хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангаагүй гэх үндэслэлийн тухайд мөрдөгч хэргийн материал танилцах талаар өмгөөлөгч, яллагдагч нарт 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэж, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэргийг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр прокуророос яллах дүгнэлтийг үйлдэж, хэргийг шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн байдаг. Эндээс үзвэл яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Мөрдөн шалгах байгууллага болон прокурорын шатанд танилцах бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “... нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны талаарх материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна” гэж заасны дагуу хохирогч Ч.Хэд хэргийн материал танилцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс яллагдагч нарын хэрэг учрал болсон цаг хугацааны маршрут тогтоох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ү.Ораас мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийсэн нь хохирогчид хамаарах ажиллагаа гэж үзэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 807 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив./ Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.
Яллагдагч Ж.Ө давж заалдах гомдолдоо ... Ж.Ө миний бие 2024 оны 06 сарын дунд үед И сумын нутагт хээр малд явж байхад цагдаагийн хошууч М намаг баривчлан авчирч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийн хэргээр шийтгүүлсэн. Үүний маргааш өглөө Мөнхтулга баривчлах байрнаас гарган авч цагдаагийн газар өрөөнд оруулан чи хоршооллоос олон тооны мал хулгайлсан байна гэж хулгайн хэрэгт гүтгэж дарамт шахалт үзүүлэн огт мэдэхгүй хулгайн хэрэгт тулгаж энэ хэргээ хүлээ хүлээхгүй бол тулгаж яллагдаг гэдгийг мэдэх үү чамайг шоронд явуулчхаад эхнэр охидоор чинь оролдоно гэж занал хийж байсан. Энэ үед хошууч М Э бас нэг цагдаагийн хамт гурвуулаа байсан. Би өсвөр насны гурван охинтой хүн хошууч Мөнхтулга цагдаа намайг дарамталж хүүхдүүдийг минь тэр тусмаа охин хүүхдүүдийг минь занал хийснээс болж сэтгэл санаагаар унаж байнгын айдастай байх болсон. Би энэ талаар эхнэр, том хүүдээ, ах, дүү нартаа, өмгөөлөгчдөө, сумын хэсгийн төлөөлөгчдөө хэлсэн байгаа. Үүнээс хойш 2 хонгийн дараа М цагдаа намайг ахин баривчлах байрнаас дахин авч гаран цагдаагийн хашаанд байх хогийн цэг дээр аваачиж нэг танихгүй залуу дагуулан ирж нэн залуугийн 20 тооны үхрийг хулгайлсан байна. Хохирлыг нь төл 19 сая төгрөгөөр үнэлэгдсэн хурдан төл яаж төлөх вэ хаашаа хэн руу ярих уу миний утсаар ярь гэж Мгийн утсаар эхнэр лүгээ ярьсан. Болсон явдлыг ярихад яанаа тийм юм байж болдог юм уу гэж байсан. Эхнэр намайг хулгайн хийгээгүй И сумын нутгаас гарах боломжгүй цахим гавтай учраас байнгын хяналтад байдаг. Маргааш нь дахин өрөөндөө аваачин өмгөөлөгчөө дууд гэхэд нь би Б.Алтанчимэг өмгөөлөгчийг дуудуулан ирсэн. Хийн 17 тооны үхрийн талаар мэдэх юм аа ярь гэж байсан. Би тэр хэргийн талаар огт мэдэхгүй байсан тул мэдэхгүй байна гэж байцаалт өгсөн боловч Бтэй бүлэглэн сэм аргаар хууль бусаар олон тооны малыг бүр мөсөн эрхэндээ шилжүүлэн авсан гэж хэрэг үүсгэсэн байна. Тэгээд 8 хоногийн баривчлах ял дуусаад гарахад Мөнхтулга намайг тосож аваад цагдаагийн гадаа хамт сууж байгаад ганц шил архи уух уу аваад өгий гэж байсан би уухгүй гэж хэлсэн. Тэгээд сумандаа очоод Бтэй очиж уулзаад Хийн 17 тооны талаар асуухад болсон явдлыг ярьсан. Ч.Г манайхаас миний хүрэн халзан морийг унаад явсан явсан юмаа хэдэн үхэр туугаад ирсэн тэр үхэрт хайнагийн үнээнүүд байсан буцаагаад туучихсан. Ч.Г А хоёрт үхэр өгөх байсан бор үнээ хар бяруу хоёрыг машинаар ачиж Гын аав Чийн хашаанд буулгаж өгсөн бусад үхэр манай өвөлжөөний эхэнд байгаа гэж ярьсан. Тэгж Б Г, Г, А нар Хийн 17 тооны үхрийн эзэн холбогдогч мөн юм байна гэж мэдсэн. Энэ хүмүүс одоо чөлөөтэй явж байгаа. Энэ Хийн 17 тооны буюу олон тооны малын хулгайн хэргийг илчилж хэлэх боломж олдохгүй байгаад харамсаж байна. Б өмгөөлөгч С.Пүрэвсүрэнтэй хамт дэслэгч Э мэдүүлэг авахад өмгөөлөгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гээд мэдүүлэг өгүүлээгүй гэж дэслэгч Энхбат Бг мэдүүлэг өгөөгүй гэж ярьж байсан.Өмгөөлөгч нь хууль дүрэм яриад урдаас дайраад байна гэж ярьж байсан. 2025 оны 05 сард хэлэлцүүлгийн хурал болсон энэ хурал дээр зорчих эрх хязгаарлах ял цахим гавын талаар болсон. Б үг хэлэхдээ Ө ахтай хамт хулгай хийсэн асуудал байхгүй гэж хэлж байгаа. Б өөрөө яаж ямар холбогдолтой хэнтэй бүлэглэж энэ хэргийг үйлдсэн талаар яриагүй. Иймд энэ хулгайн хэргийн холбогдогч Б, Г, А нартай нүүрэлдэж уулзах хүсэлттэй байна. Прокурорт энэ хэргийн өргөдөл бичсэн үндэслэлгүй байна гэсэн хариу ирсэн. Миний бие 2021 оны 12 сарын 23-нд 4 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж 2022 оны 06 сард цахим гав зүүсэн 2024 оны 10 сард үлдсэн 1 жил 9 сарын ялыг хорих ялаар солиулсан. Хорих 423-р ангид ял эдэлж байгаад 2025 он 04 сарын 09-нд тухай хэргийн дуудлагаар ирж одоог хүртэл цагдан хоригдож байна. Иймд энэ хэргийн бодит үнэнийг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү ... гэжээ.
Прокурор Ж.Ундармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Тайлбар хэсэг дээр дэлгэрэнгүй ярьсан учраас нэг л зүйлийг хэлээд, дүгнэлтээ хэлээд явна гээд С.Пүрэвсүрэн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, надтай яриагүй гэж байх шиг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд мөрдөгчөөс мэдэгдэнэ гэсэн заалт байгаа. Мөрдөгчийн зүгээс утсаар мэдэгдээд холбогдох тэмдэглэлийг үйлдээд хийсэн байгаа. Энэ жишиг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжсэн асуудал байгаа учраас холбогдох журмын дагуу мөрдөгчийн зүгээс мэдэгдсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Энэ хэрэг чинь 3 хэрэг нэгтгэгдэж шүүхэд шилжсэн байгаа. Бусдын олон тооны малыг хулгайлах 2 тусдаа хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд явж байгаад, хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулах гэсэн 3 хэрэг нэгтгэгдэж орж ирсэн. Хэрэг бүртгэлтийн шатанд өнөөдрийн давж заалдах шатны шүүх дээр ярьж байгаа ажиллагааг огт яриагүй явж байгаад өнөөдөр орж ирээд маш олон ажиллагаанууд яриад байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Тэгэхээр хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзээд байгаа анхан шатны шүүхийн 807 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Мөрдөгчөөс мэдэгдсэн тухай тэмдэглэлийг үйлдсэн, 10 минут ярьсан тухай тэмдэглэлээ хавсаргах ёстой гэж байна. Өнөөдөр манайд утсаар ярьсан тэмдэглэлийн хуулгыг авч хэрэгт хийсэн тийм тохиолдол байхгүй, ийм байдлаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж прокурорын зүгээс үзэж байна ... гэв.
Хохирогч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар байхгүй ... гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Үүний үндэслэл нь 32.1 дүгээр зүйлд зааснаар мэдэгдэнэ, энэ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Мэдэгдсэн тэмдэглэл байна, үүнийг бодиттой баримт гэж харахгүй байна. Надад мэдэгдээгүй, мэдэгдээгүй учраас бодитой баримт гэж харахгүй байна. Хэзээ ч мөрдөгчтэй 10 минут утсаар яриад сууж байдаг өмгөөлөгч байхгүй байх. Хэргийн материалтай танилц, би хотод байна гэхэд хэдэн минут орох юм бэ, хэд гэсэн дугаар луу яриад байгаа юм бэ, тодорхойгүй учраас миний болон миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж байна. Энэ бол нийтлэг зөрчил шүү ... гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Оролцогчийн эрхийг хангаж, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 29-ний өдрийн 807 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж, хэргийн оролцогчдын эрхийг хангах нь зүйтэй байна гэсэн саналтай байна ... гэв.
Яллагдагч Ж.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хэргийг буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү ... гэв.
Яллагдагч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас яллагдагч Ж.Ө, Ж.Б нарыг бүлэглэн 2024 оны 05 дугаар сард А аймгийн Эрдэнэбулган сумын 0 багийн Э гэх газраас иргэн Ч.Х 17 тооны үхэр буюу олон тооны мал сэм аргаар, хууль бусаар А аймгийн И сумын нутаг руу мориор тууварлаж, үнэ төлбөргүйгээр, бүр мөсөн захиран зарцуулах эрхэндээ шилжүүлэн авч хулгайлсны улмаас 14.100.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах, мөн яллагдагч Ж.Ө, Ж.Б нарыг бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө А аймгийн Эрдэнэбулган сумын 0 багийн Хоршооллын Дугараг улаан гэх газраас Б.Б эзэмшлийн 20 тооны сарлагийн үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 зааснаар, яллагдагч Ж.Өг согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн И сумын Т багийн Х хороололд байх хохирогч Ц.Пийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд зүүн зовхи, хацар, нүдний алимны цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцахыг мэдэгдэнэ ... гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ... энэ тухай тэмдэглэл үйлдэнэ ... гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогчид хэргийн материал танилцах талаар мэдэгдээгүй, өмгөөлөгчид мөрдөгч хэргийн материал танилцах талаар мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн боловч уг тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өмгөөлөгч уг тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөхгүй байгаа нөхцөлийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл тухайн тэмдэглэлд өмгөөлөгчтэй хэд гэсэн дугаарын, ямар үүрэн холбооны утсаар, хэдэн цаг, хэдэн минутад ярьсан болох нь тодорхойгүй, өмгөөлөгч мөрдөгчтэй утсаар яриагүй, хэргийн материал танилцах талаар мэдэгдээгүй гэж мэтгэлцэж байгаа бөгөөд үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул мөрдөгчийн тэмдэглэлийг дангаар нь үнэлж өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан байна гэж дүгнэх үндэслэлгүй энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгч санал гаргасан байхад уг саналыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул дээрх ажиллагааг хийлгэх шаардлагатай байна.
Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/807 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүх яллагдагч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй тул яллагдагч Ж.Өгийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/807 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА