Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00173

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................гийн ...............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............гийн ...................т холбогдох,

1,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.............., нарийн бичгийн дарга  Г.Эрдэнэжаргал  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д..............нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ……………. 1.2 тн буудай авсан, миний буудай 50-55 кг савалгаатай байсан. Нийт 98-н шуудай буудай үлдээсний 3-н шуудайг нь ………… гэдэг ахын эгч гэлүү дүү нь гэлүү 1 эгч над руу яриад авсан мөнгөө хэдхэн хоногийн дараа шилжүүлж байсан. ………… 1.200 кг буудай авна гэж байна гэж тухайн үед ……….. гэгч эгч над руу утсаар асуухад нь өгчихөө ………….ын найз найдвартай гэж хэлснээр өгсөн гэдгээ эргээд хэлэхдээ буудай чинь дорхноо борлоно юунд нь яардаг юм бэ ………..ы хүмүүс ч хэцүүдээ сүүлд чи авч чадах л байгаадаа хэрэг төвөг хийдэг хулгай хийдэг хүмүүс ч авч байх шиг байна гэхэд нь би ………. хариуцаж төлүүлнэ гэсэн гэтэл чи өөрөө өгч байгаа бол эгч нь хариуцахгүй шүү надад ямар ч хамаагүй шүү сүүлд та л өгсөн гээд намайг хэрэгтээ оролцуулаад байв гэхэд нь гайгүй байхаа олон сая саяар нь авч байгаа бишдээ гээд баярлалаа баяртай гээд утсаа салгацгаасан. ……… нь 2023 оны 4 сард ямааны ноолуураа зараад өгнө гэсэн юм. 32 шуудай буудайг жиндээ хүрэхгүй байна гээд 1.200 кг-аар тооцож 1кг нь 1600 төгрөгөөр бодож ……….. авсан юм. Уул нь яс хилэндээ хүрч байсан, анхнаасаа л залилаж. Би ч айлын хашаанд үлдээсэн хүн чинь өөрөө гуйж танихгүй айлд үлдээчихээд хардах хайшаа ч юм гэж бодоод өө ямар сонин юм гэж хэлэхээс өөр үг олдоогүй. Өдөр нь эзэнгүй байдгийг нь мэдсээр байж үлдээсэн болохоор хэнийг гэхэв дээ, тэд би бид авч үлдэе гэсэн биш. ……….ын мэдүүлэгт зохиомол тоо хэлж хаана ч байхгүй ханшаар зарсан болгож байгаагаас түүний хэн болох нь харагдаж байгаа болно. Газар дээрээ ч цэвэр буудай тэр тусмаа тэжээлд зориулан шимтэй нь шинээр нь хадгалах үүднээс ногооноор нь шахуу хурааж хатаалганд өгч асар их зардал гаргадаг учраас 750 бүү хэл 1600 төгрөгөөр ч ашиг гаргаж чадаагүй учраас ахиж завхан луу буудай ачихаа больсон. Би Завхан аймаг руу 3 удаагийн ачилтаар нийт 45 тн буудай ачиж очиж бэлэн мөнгө болон малнаас зарсан. Би эхний ачилтын тугалтай үнээнүүдийг хөгшин бас туранхай гэж мэдэхгүй 4 хөлөн дээр явж байгаа болохоор нь л би гоё үнээтэй болж байна үржүүлээд олон болгоно гээд баярлаад байсан чинь техник хардаг айлдаа буулгатал ууралцгаагаад наадуул чинь өвчтэй мал байх халуун намраар шахуу ясан дээр тохсон арьс байна гээд амтай болгон нь буцаагаад өг гэж байсан мэдээж тэд үхсэн. Дараагийн ачилтаа залуу үнээгээ сайн мэдэхгүй ч мэддэг хүн болоод гунж дөнжин үнээ авна хөгшин үнээг авахгүй буцаана гэж хэл гэсний дагуу хэлсэн ихэнх нь хэлсний дагуу авчирсан ч ганц 2 хөгширч яваа үнээ байна гэхдээ онд орчих юм шиг байна гээд ихэнх нь онд орсон тугалнууд нь үхээд дууссан. Иймд ……….аас 1,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц........... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц........... нь иргэн Д.............ээс 25 кг-аар 32 ширхэг шуудай улаан буудай худалдан авсан. ...яагаад гэхээр би тухайн үед 25 килограммын уутаар 32 ширхэг шуудай авч очиж уудалсан юм. Тиймээс 32 ширхэг буудайны үнэ 1,200,000 төгрөгийг төлнө гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д…………т хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр түүний ........... дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д…………ийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Д…………ийн хариуцагч Ц…………аас 1,920,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

2. Нэхэмжлэгч Д………. нь хариуцагч Ц………..т холбогдуулан 1.2 тонн буудай худалдсаны үнэ нийт 1,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

3. Нэхэмжлэгч Д………… нэхэмжлэлийн шаардлагадаа: ………. 1.2 тн буудай авсан, миний буудай 50-55кг савалгаатай байсан. …2023 оны 4 сард ямааны ноолуураа зараад өгнө… …32 шуудай буудайг жиндээ хүрэхгүй байна гээд 1.200 км-аар тооцож 1кг нь 1600 төгрөгөөр бодож авсан. Иймд ………..аас 1,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц………. хариу тайлбартаа: … иргэн Д..........ээс 25 кг-аар 32 ширхэг шуудай улаан буудай худалдан авсан. ...яагаад гэхээр би тухайн үед 25 килограммын 32 ширхэг шуудай авч очиж уудалсан юм. Тиймээс 32 ширхэг буудайны үнэ 1,200,000 төгрөгийг төлнө гэжээ.

4. Нэхэмжлэгч Д…………, хариуцагч Ц…………т улаан буудайг зээлээр худалдан борлуулсан болох нь талуудын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Д…………. нь харилцан тохиролцсон хугацаанд биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч Ц………. нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд Ц………. үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Д……….худалдсан барааны үнэ 1,920,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Ц………. дээрх шаардлагаас 1,200,000 төгрөгийг төлнө гэж маргасан.

5. Нэхэмжлэгчийн худалдсан барааны төлбөрийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь талуудын хооронд зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, 1.2 тонн улаан буудайг зээлээр худалдан борлуулсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй, амаар тохиролцсоны дагуу 1.2 тонн буудайг өгсөн гэдэг байдал нотлогдохгүй байна.

Харин зохигчдын хооронд 800 килограмм 32 ширхэг шуудай буудай авсан болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбар болон хэрэгт авагдсан Завхан аймгийн ……..ын газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай ……….ын тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал: нэхэмжлэгч Д………., хариуцагч Ц……….т 1.2 тонн буудайг өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба харин 32 ширхэг шуудай буудай буюу 800 кг буудай өгч авалцсан байдал хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд “…32 шуудай буудайг жиндээ хүрэхгүй байна гээд ….1 кг нь 1600 төгрөгөөр бодож өгсөн…” гэх тайлбарт, хариуцагчийн өгсөн хариу тайлбарт “…25 килограммын шуудайгаар 32 шуудай буудай авсан…” гэх тайлбар,

хэрэгт авагдсан Завхан аймгийн ……….ын газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай ……….ын тогтоолд гэрч Н……….ийн /2024.05.13-ны өдөр өгсөн/ “…шуудай болгон ижил хэмжээтэй байгаагүй, миний бүртгэлээр 2.795 кг буудай байсан байна. Тухайн буудайг …….. 15 шуудай буюу 490 кг, ……… 11 шуудай буюу 325 кг, …….. 491 кг, ………. 2 шуудай 91 кг, ………ы уурын зуухны хүн 30 шуудай буудай буюу 750 кг, ……… 8 шуудай буюу 240 кг, ………. 208 кг, ……… дахиж 200 кг тус тус авсан байна…” гэх мэдүүлэг,

гэрч Ц……… /Ц………/-ын “……….. гэх айлын хашаанд очиж 30 шуудай буюу 750 кг улаан буудай авсан. Намайг буудай авахад ……..гийн эхнэр ……. нэг дэвтэр дээр миний авсан улаан буудайны хэмжээ, миний утасны дугаарыг тэмдэглэж авсан. Би ……..гийн эхнэрт өөрийнхөө нэрийг “Уурын зуухны хүн” гэж тэмдэлүүлсэн. …уурын зуухны хүн гэдгээр нь ………. намайг илүү сайн танина. Би тухайн үед …… сумын уурын зууханд ажилладаг байсан. …” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг зөвшөөрч байгаа болно. 

Харин зохигчидын хооронд хэдэн килограмм буудай худалдсан талаар маргаж байна.

Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг заагаагүй тул уг гэрээг амаар байгуулж болно.

Дээрх Завхан аймгийн ……….ын газрын тогтоолд тэмдэглэгдсэн гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгч Д…….. нь ………т 280 кг буудай, ……….ад 690 кг буудай, ………д 280 кг буудай, ………д 497 кг буудай, ………д 500 кг буудай, ………..д 325 кг буудай, уурын зуухны хүн буюу ………т 800 кг буудай, ………д 91 кг буудайг тооцоход нийт 3.463 килограмм буудай болж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нийт 5,0 сая гаруй төгрөгийн буудай үлдээсэн гэснийг дурдах нь зүйтэй. 

Иймд хариуцагчийг 25 килограммын уутаар 32 ширхэг шуудай буудай авсан гэж үзэж нийт 800 килограмм буудайг 1600 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 1,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д………..т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдаанаас өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц………..аас хангасан хэсэгт улсын тэмдэгтийн хураамж бодож нэхэмжлэгч Д……….т олгох нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц………..аас 1,280,000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д………..т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ