Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00175

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Завхан аймгийн …… газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, …….., ……. багт оршин суух, Ж………т холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний дагуу 1,027,535 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б……., хариуцагч Ж……… /цахим/-аар, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Завхан аймгийн …..ын газар нь хариуцагч Ж…………ээс сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,027,535                 төгрөг гаргуулах тухай нэхмэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Завхан аймгийн ………. сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч А………..тэй 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 дугаартай ……… сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагчид 1,000,000 төгрөгийг олгосон байна.

3. Нэхэмжлэгч Завхан аймгийн ……..ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А………. нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ………… сумын Засаг даргын Тамгын газраас сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний дагуу малжуулах төсөл зориулалтаар 1,000,000 төгрөгийг 0.25 хувийн хүүтэйгээр, 1 жил /12 сарын/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Тухайн зээлийн буцааж төлөөгүйн улмаас ………… сумын Сум хөгжүүлэх санд зээл, зээлийн хүү 1,027,535 төгрөгийн хохирол учирсан байна.

…А……….. нь нас барсан байх тул барьцааны гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар түүний гэр бүлийн гишүүн Ж………..ээс дээрх хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч Ж……….. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …манай нөхөр А....... .......... сумын сум хөгжүүлэх сангаас мөнгө авсан гэж байна. Би мэдэхгүй байна. Мөнгө орсон данс байхгүй гарын үсэг нь манай нөхрийн гарын үсэг биш байгаа тул би зөвшөөрөхгүй байна гэв.

4. Завхан аймгийн ………. сумын Засаг дарга А…….., хариуцагч А………..нарын хооронд ……….. сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийн тус тус хүлээнэ, мөн хуулийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч нь үндсэн болон ашигласан хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөхөөр хуульчилсан байна.

Хариуцагч нь одоог хүртэл зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,027,535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ……… аймгийн ……… сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй байна.

5. Нэхэмжлэгч Завхан аймгийн ........ын газар нь зээлдэгч А......... нь нас барсан тул дээрх сум хөгжүүлэх сангийн зээлдэгч нас барсан учир барьцааны гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар түүний гэр бүлийн гишүүн Ж…………ээс дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Учир нь зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн үүргийг түүний өв залгамжлагч /хууль ёсны болон гэрээсллийн/ өвлөж авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцаж төлнө.

Тодруулбал: Зээлдэгчийн өвлөн авсан эд хөрөнгө, мөнгө хөрөнгө нь зээлийн үүргийг барагдуулах баталгаа болдог тул өвлөгчөөс зээлийг нэхэмжлэх нь хууль ёсны юм. Харин өвлөгдөх эд хөрөнгө нь зээлийн үлдэгдлээс бага бол зөвхөн өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүрэг хүлээж дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр А…………г нас барсан талаар хэрэгт баримтгүй ч талуудын тайлбараар тогтоогдсон. Мөн өв залгамжлагчаар тогтоогдсон баримт хэрэгт авагдаагүй ч хариуцагч шүүх хуралдаанд өв залгамжлагчаар тогтоогдсон гэж байгаагаас үзхэд түүнээс дээрх зээлийг гаргуулах нь зүйтэй байна.

6. Хариуцагч Ж………… нь сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг А………..гийн гарын үсэг биш гэж маргаж, улмаар нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба уг гэрээнд зурагдсэн гарын үсэг нь А………..гийн гарын үсэг биш гэж тогтоогдсон боловч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч А…………гийн ………. тоот дансанд А……… төслийн зээл олгов /………-Төрийн сан, За. Алдархаан Сум.Хөг.Сан ……../ гэж бичигдсэн А…………гийн ………. банкны харилцах дансы харлцагчийн баримтаар тогтоогдож байх тул А………. нь энэ үүргээ биелүүлж төлөх үүрэгтэй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдаанаас өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг хариуцагч зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн .........ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,211 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж………….ээс сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,027,535 төгррөгийг гаргуулж, Завхан аймгийн ……….. сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ..........ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Ж............ээс 29,211 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай. 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ