Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 450

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

хохирогч: Э.Цогтбаяр;

шүүгдэгч: Ц.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номхон овогт Цэрэнгийн Энхтайванд холбогдох эрүүгийн 1809013610380 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын худалдаа, эдийн засагч мэргэжилтэй, “Эх булаг” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 42  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РО84080119 регистерийн дугаартай, Номхон овогт Цэрэнгийн Энхтайван.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.Энхтайван нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гадна хохирогч Э.Цогтбаярыг  “дэлгүүрээс архи хулгайллаа” гэж маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Энхтайван мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-нд Цэргийн баярын өдөр байсан. Бааранд сууж байтал “манай дэлгүүрээс архи хулгайллаа” гэсэн мэдээлэл худалдагчаас ирсэн. Мэдээллийн дагуу очиж шалгаад гарч ирэхэд Цогтбаяр хүнтэй зодолдож байсан. Би салгаад “хулгайлсан архины мөнгөө төл” гэсэн. Эхнэр нь ирээд асуудал үүсгэсэн. Цогтбаяр урьд нь өөрөө хүнд зодуулсан байсан. Манай эхнэрийг доромжлоод байхаар нь Цогтбаярыг 1 удаа цохисон. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Цогтбаяр мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Мягмарсүрэн гэх найзтайгаа хамт пабад орж пиво уусан. Гараад Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс ундаа авах гээд орсон. Миний шээс хүрээд тэндээс хурдан гараад явсан. Гадаа гараад шээж байтал араас нэг хүн ирээд өшиглөөд унагаасан. Энхтайван намайг цохисон. Цохиулснаас хойшхыг нь сайн санахгүй байна. Орж гараад байгаа юм. Гомдол саналын хувьд миний хамар битүүрээд байгаа. Гомдолтой байна. Хамраа янзлууламаар байна. Хамраа янзлуулахад 1450000 төгрөг болно гэж “Ай Эм Жи Жи” эмнэлэгийн эмч хэлсэн. Шүүгдэгчээс 400.000 төгрөг авсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Цогтбаяр /хх-ийн 4-5, 37/, гэрч Б.Цэрэндулам /хх-ийн 6, 57/, А.Цэцэгсүрэн /хх-ийн 7/, Б.Долгоржав /хх-ийн 8/, Г.Мягмарсүрэн /хх-ийн 9/, Д.Уламбаяр /хх-ийн 11/, С.Алтанзул /хх-ийн 12/, Н.Эрдэнэбат /хх-ийн 13/, Б.Саранхүү /хх-ийн 58/ нарын мэдүүлэг, Ц.Энхтайваны гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10, 14, 36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3858 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/, хохирлын баримтууд /хх-ийн 21-23/, Ц.Энхтайваны хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-33, 51-56/, хохирол төлсөн баримт /хх-ийн 50/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.Энхтайван нь 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Хүнсний 4” дэлгүүрийн гадна Э.Цогтбаярыг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Э.Цогтбаярын /хх-ийн 4-5/: “... 2018 оны 03 дугаар сарын 18-ны оройн 20 цагийн үед найз Мягмарсүрэнтэй уулзаж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн дэргэд байрлах пабад үйлчлүүлсэн. Бид хүний 2 шил пиво 0,5 граммын архи нэг шилийг уусан. Бид хоёр Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс архи авах гэж орсон. Миний шээс хүрээд гарч дэлгүүрийн гадаа шээсэн. Гэтэл дэлгүүрийн ажилтан гэх согтуу залуу гарч ирээд намайг “архи хулгай хийсэн байна” гээд над руу дайрсан. Би “хулгай хийгээгүй” гэж хэлсэн. Гэтэл намайг шууд өшиглөөд газарт унагааж зодсон…” гэх мэдүүлгээр,

 

     гэрч Б.Цэрэндуламын /хх-ийн 34-35/: “... 2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө ажлынхаа өрөөнд сууж байхад дэлгүүрт маргаан болоод байхаар нь гараад очтол хоёр залуу барилцаад зогсож байсан. Манай нөхөр Энхтайван очиж салгасны дараа “манай худалдагч наад хүн чинь архи хулгайлсан” гэхээр нь “архиа өг эсвэл төл” гэсэн чинь тэр залуу төлөх гэж зогсож байснаа буцаад гараад явсан. Удалгүй нөгөө залуугийн эхнэр нь ирээд “манай нөхөр архи хулгайлаагүй. Яахаараа төлдөг юм” гээд орилоод дайраад байсан. Тэр үед манай нөхөр дундуур орж ирээд нэг цохих шиг болсон. … Архи алдагдаагүй байсан. Зодуулсан гэх залуугийн араас орж ирсэн хүн “Улаанбаатар” архи аваад тооцоогоо хийсэн байсан. Зодуулсан гэх залуугийн найз нь архины мөнгө өгөх гээд байхаар нь би архи хулгайлсан юм байх гэж бодсон юм …” гэх мэдүүлгээр,

    

     гэрч А.Цэцэгсүрэнгийн /хх-ийн 7/: “... 2018 оны 03 дугаар сарын 18-нд би дэлгүүрийн зааланд ажлаа хийгээд зогсож байхад “Улаанбаатар” архины зай гарсан байхаар нь касснаас “Улаанбаатар архи гарсан уу” гэж  асуухад “үгүй” гэсэн. … Архи алдагдаагүй. Тэр залуу архи хулгайлаагүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

     гэрч Б.Долгоржавын /хх-ийн 8/: “... 2018 оны 03 дугаар сарын 18-нд дэлгүүрийн касс дээр сууж байсан. Хойд лангуунаас худалдагч Цэцэгсүрэн “архи алга боллоо” гээд гарч яваад эргээд ороод ирсэн. … Архи алга болоогүй байсан. Олон хүн дотор “Улаанбаатар” архи авсан хүн бичүүлээд гарсан байсан…” гэх мэдүүлгээр,

 

     гэрч Д.Уламбаярын /хх-ийн 11/: “... 2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчим Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс Энхтайван гарч ирээд нэг залууг барьж аваад “архины тооцоотой” гээд дагуулаад орсон. Тэгтэл архи хулгайлсан гэх залуугийн эхнэр ирээд “манай нөхөр архи хулгайлсан юм уу, камер шүүнэ” гээд байсан. … Архи хулгайлсан гэх залуу цаашаа явж байхдаа Цэрэндулам эгч рүү салаавч өгөөд байхаар нь Энхтайван нэг цохих шиг болсон...” гэх мэдүүлгээр,

 

     гэрч Н.Эрдэнэбатын /хх-ийн 13/: “... 2018 оны 03 дугаар сарын 18-нд 23 цагийн үед Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн контороос гарч ирэхэд дэлгүүрт хүмүүс бужигналдаад байсан. Энхтайван бид 2 тэд нарыг гаргасан. … Энхтайван, Цэрэндулам нартай нөгөө залуу хэрэлдээд байж байсан. Урт үстэй залуу нь Цэрэндуламыг “май муу гичий минь” гээд орилоод байсан. Энхтайван тэр залууг нэг цохисон чинь хувцсаа тайлаад дайраад байсан.  ...” гэх мэдүүлгээр,

 

     Ц.Энхтайваны гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 14, 36/: “… 2018 оны 03 дугаар сарын 18-нд орой пабад сууж байгаад 23 цагийн орчим Хүнсний 4 дүгээр дэлгүүрт ажил дээрээ очсон. Манай худалдагч “нэг хүн архи хулгайлаад гарчихлаа, би найзыг нь барьсан”  гэхээр нь найзтай нь цуг нөгөө залууг хайгаад гарсан чинь дэлгүүрийн үүдэнд зодолдоод байж байсан. Архиа төлүүлэх гэж маргалдсан. Цааш юу болсныг сайн санахгүй байна. Маргалдаж байхдаа хүн цохисон байж магадгүй...” гэх мэдүүлгээр,

               Ц.Энхтайваны буруутай үйлдлийн улмаас Э.Цогтбаярын биед “хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн шанаа хүзүүнд зулгаралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий  мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №3858 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн16/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

               Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийг зодсон болохыг хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Хүнсний 4” дэлгүүрийн гадна шүүгдэгч Ц.Энхтайван нь “дэлгүүрээс архи хулгайлсан байж магадгүй” гэж хий хоосон хардаж Э.Цогтбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Дээрх шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Ц.Энхтайваны гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Энхтайваны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон хор уршгийн 395.000 төгрөгийн зардалыг шүүгдэгч Ц.Энхтайван 400.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнээс нэмж гаргуулах зардалгүй болно.

 

Харин хохирогч Э.Цогтбаяр “цаашид мэс засал хийлгэх 1.410.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх боловч энэ талаарх баримт байхгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Номхон овогт Цэрэнгийн Энхтайваныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхтайваныг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч Э.Цогтбаярын “мэс засал хийлгэх 1.410.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Энхтайванд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ