Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/54

 

2025/ДШМ/54

 

 

        

М.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тулга  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Цэндсүрэн

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/226 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн  шүүгдэгч М.Мт холбогдох 2512000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

 Монгол Улсын иргэн, 190 оны 0 сарын 0-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Э сумын А багийн “Х” гэх газар оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хорих оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Б овогт Мын М /РД:00000/

Шүүгдэгч М.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 05 дугаар сарын 19- ний өдөр А аймгийн Э сумын Ө багийн нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/,..тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 А аймгийн Прокурорын газраас М.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/226 дугаартай цагаатгах тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар М.М нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

Прокурор эсэргүүцэлдээ ...Цагдаагийн алба хаагч Ч.А нь М.Мийг тээврийн хэрэгсэл жолоодон явах үед нь зогсоож согтуурал шалгах ажиллагаа явуулж, драгер багажаар шалгах үед иргэн М.М нь зайлсхийж, сайн дурын үндсэн дээр цусны шинжилгээ өгөхөөр болсон. Түүнээс биологийн буюу цусны дээж авч, шинжилгээг явуулахад 1.4 промиль спиртийн зүйл илэрч согтолтын хөнгөн зэрэг тогтоогдсон. Түүнчлэн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээд болох Н.М нь гэрчээр мэдүүлэхдээ “...М манай гэрт унтаад өглөө явсан. Удалгүй мотоцикпоо хураалгачихлаа. Өчигдрийн уусан архи гараагүй байна гэж хэлсэн...” талаар дурдсан. Мөн яллагдагч М.Моос мэдүүлэг авахад “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд түүнийг эрүүдэн шүүсэн, хүчээр гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлсэн талаар гомдол гараагүй, тийм нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн АРХ0325/196 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллагдагч М.Мт танилцуулахад санал хүсэлт гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр баримтууд нь М.Мийг урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон баримт мөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тодорхой зааж, нотлох баримтаар тооцохгүй байх тохиолдлууд болон уг асуудлыг шийдвэрлэх журмыг мөн хуулийн 16.11, 16.12 дугаар зүйлүүдэд дэлгэрүүлэн зохицуулсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдсон талаар хууль зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийх шаардлагатай. Нотлох баримтаар тооцохгүй байх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж буй эсэхэд хууль зүйн болоод Эрүүгийн эрх зүйн онолын хувьд дүгнэлт хийсний дараа тухайн баримтыг үнэлэхгүй, тооцохгүй байх тухай ойлголт юм. Хэргийн бодит байдалд ямар нөхцөл байдал үүсгэж, үр дүнд хүргэж болох талаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрхэн хангаж чадахгүй байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр, нотлох баримтыг үнэлж, дүгнэх журам зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангахгүй байна. Иймд А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/226 дугаартай, цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцоно... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хэрэгт авагдсан баримтуудаар цагдаа н.Мөнхзул, М.Мийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахад нь саатуулж, согтуурал шалгах багажаар шалгах гэсэн М.М зайлсхийж, үүний улмаас биологийн дээд авах нөхцөл байдал үүссэн байна. Биологийн дээжид шинжилгээ хийхэд 1.4% спиртийн агууламж илэрсэн. Мөн гэрчээр Н.М мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгтээ М.М урд өдөр нь манайд архи уугаад явсан. Маргааш нь миний урд  өдрийн уусан юм гараагүй байна гээд мотоциклоо унаад явсан гэх мэдүүлсэн байдаг. М.М нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрч байна гээд шүүх хуралдаанд оролцохдоо намайг драйгер багажаар шалгаагүй, сумын захиргааны үүдэн дээр байсан хүмүүс байсан гэх зэрэг хэрэгт авагдаагүй зүйлийг ярьж эхэлсэн. Эдгээр нөхцөл байдлаас тогтоогддоггүй, харин дээр авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт бусад баримтууд яагаад үнэлэгдэхгүй болов гэдэг байдлаар эсэргүүцлээ бичсэн. Зөвхөн шинжээчийн дүгнэлт, цусны дээж аваад гарсан спиртийн агууламж, гэрчүүдээс мэдүүлэг авах шаардлагагүй нөхцөл байдал үүснэ. Энийг яаж ойлгох вэ гэдэг дээр ойлгомжгүй байна. Дан ганц шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдэгддэггүй. Яагаад энэ нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа. Тодотгож тодорхойлж өгсөн баримтуудыг яагаад үнэлэхгүй байгаа вэ гэдэг агуулгаар эсэргүүцэл бичсэн. Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг зорилт тодорхой, гэмт хэрэг үйлдэгдсэн болох шинжүүд хангагдсан. Гэрчүүдийн мэдүүлэг авагдсан байхад яагаад зөвхөн шинжээчийн дүгнэлт ийм байна гээд цагаатгаж байгаа юм бэ, үнэлж дүгнэж, ойлгомжтой тодорхой шийдэж өгнө үү. Энэ нотлох баримтуудаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогддог. Мөн А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс жолоодох эрхээ хасуулсан баримт нь хэрэгт авагдсан байдаг. Эдгээр нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх энэ нотлох баримтуудыг үнэлэхгүй дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Прокурорын эсэргүүцлийн агуулгаас харахад шүүгдэгчийн гэм буруугийн асуудал тогтоогдсон гэж үзэж байгаа юм байна. Нотлох баримтаар тооцохгүй байх дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилтын хэрхэн хангаж байгаа, хангахгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй байж хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ гэж үндэслэлээ тодорхойлж байх шиг байна. Гэм буруугийн тухайд шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугаа юу гэж хүлээж байна гэхээр өмнөх өдөр нь архи уусан болохоор маргааш нь надаас согтолтын зэрэг гарсан юм байна гэдэг байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч гэм буруутай гэж үзсэн гэм хэргийн объектив шинж болох согтуурсан гэдэг шинжийг тогтоож байгаа нотлох баримтууд нь өөрөө хууль бус болчихоор энэ хүнийг гэм буруутай гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Яагаад гэвэл гэрч Н.Мын мэдүүлгээр өмнөх өдөр нь манайд архи уугаад маргааш өглөө нь гарсан. Тэгээд цагдаад баригдсан байсан гэсэн мэдүүлгээр энэ хүнийг согтуурсан байсан гэж үзэх боломжгүй. Хууль тогтоогч өөрөө 27.10 дугаар зүйлийн 5-г тайлбарлаад өгсөн байгаа. Согтуурсан гэдгийг юу гэж хэлэх вэ гэхээр шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгалах спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промил, эсвэл шалгуулагчийн цусан дахь спиртийн агууламж 1.5, түүнээс дээш промил илэрснийг ойлгоно гээд тайлбарласан. Түүнээс биш үүнийг гэрчийн мэдүүлгээр дүйцүүлэх ч юм уу, зөвхөн Н.М гэдэг гэрчийн мэдүүлгээр энэ хүнийг согтуурсан байна гэж үзэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Мөн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т гэмт хэргийн шинжийг тодорхойлсон, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ гэж тодорхойлсон. Өмнөх өдөр нь архи уугаад, шөнө нь унтаад, маргааш нь 11.00 цагийн үед мотоцикл жолоодоод явж байгаа хүн нийгэмд хэр аюултай байх вэ гэдэг талаас дүгнэлт хийж үзээсэй гэж хүсэж байна. Манай үйлчлүүлэгчийн тухай шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэхдээ согтуурлаа шалгуулахаас татгалзаагүй, татгалзаагүй байхад шинжилгээ өгүүлье гээд эмнэлэг дагуулж явж, шинжилгээ өгүүлсэн ийм асуудал болсон. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоох журам гэж байгаа. Энэ журмаар эхлээд согтуурлаа шалгуулахаас татгалзсан тохиолдолд цусны дээж авахаар зохицуулсан. Гэвч манай үйлчлүүлэгч согтуурлаа шалгуулахаас татгалзаагүй. Ийм нөхцөл байдал байдаг. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг харахаар прокурор, оролцогч нотлох баримтаар тооцохгүй байх тухай санал, хүсэлт гаргаж байж шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийхээр заалт байгаа. Гэвч манай тохиолдолд прокурор, хэргийн оролцогчийн талаас нотлох баримтаар тооцохгүй байх санал, хүсэлт гаргаагүй, тийм учраас шүүх заавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Шүүх харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдалд нийцүүлж хянасны үндсэн дээр бүрэн шийдсэн байна гэж үзэж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Иймд анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Прокурорын яллах дүгнэлт, хэрэг бүртгэх ажиллагааны талаар:

2.1. Прокуророос яллагдагч М.Мийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 –д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн үйлдэлд буруутгаж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 2.2. М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай гомдол мэдээллийг шалгах ажиллагааны хүрээнд мөрдөгч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоол үйлдэхдээ М.Мийн биеэс өөрийнх нь сайн дураар зөвшөөрсний үндсэн дээр биологийн дээж буюу цус авах ажиллагааг явуулах шаардлагатай болсон талаар тусгажээ.

2.3. Ингэхдээ Замын цагдаагийн зохицуулагч Ч.Аын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад М.М нь согтуурлаа шалгуулахаас татгалзаж, өөрийн хүсэлтээр биологийн дээж /цус/ өгөхөөр болсон тухай тэмдэглэлийг үндэслэл болгожээ.

2.4. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ гэж заасан.

2.5. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар заасан бөгөөд энэ ажиллагааг явуулахыг тухайн хүн сайн дураар зөвшөөрсөн тохиолдолд прокурорын зөвшөөрөл шаардахгүй байхаар зохицуулжээ.

2.6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед оролцогч нь энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах хүсэлтийг мөрдөгчид бичгээр гаргана гэж заажээ.

2.7. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад тодорхойлон заасан оролцогчдын нэг болох сэжигтэн биеэс нь шинжилгээнд зориулж биологийн дээж авахыг сайн дураараа зөвшөөрч мөрдөгчид бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд уг хүсэлтийг хангаж прокурорын зөвшөөрөлгүйгээр түүний биеэс биологийн дээж авах ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байжээ.

2.8. Гэтэл М.М нь  биологийн дээж өгөх талаар ямар нэгэн хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад түүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж буюу цус авсан ажиллагаа, М.Мийн биеэс авсан цусанд архи, согтууруулах ундаа илэрч байгаа эсэх, илэрч байгаа бол согтолтын зэргийг тогтоолгох зорилгоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол нь бүхэлдээ хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.

 2.9. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн дээрх  ажиллагааны үр дүнд авагдсан А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 196 дугаар шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.10. Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Цагдаад шалгуулахын өмнөх өдөр нь архи уусан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа мотоцикл жолоодсон. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ багаж үлээж шалгуулсан. Дараа нь эмнэлэг явж цусны шинжилгээ авна гэхэд нь эсэргүүцээгүй. Яагаад шинжилгээ авах болсныг мэдээгүй. Шинжилгээ авахаас өмнө надад хууль тогтоомж тайлбарлаж өгөөгүй.” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримаар няцаагдаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, эрх зүйн дүгнэлтийн талаар:

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхээс өмнө оролцох хүнд энэ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүрэг хүлээсэн  бөгөөд мөрдөгч нь тухайн ажиллагааны явцад эдлэх эрхийг нь М.Мт тайлбарлаж өгөх замаар биологийн дээж өгөхөөс татгалзах эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байна.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагаанд хүний эрхийг зөрчих, хуурч мэхлэхийг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн шинжийг агуулдаг бөгөөд хууль тогтоогч тухайн зүйлд заасан “согтуурсан” гэдгийг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор аутентик тайлбар хийсэн болно.

3.4. Хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурлаас хууль батлах явцдаа хийсэн аутентик тайлбар нь хуультай адил эрх зүйн хүчин чадалтай, заавал биелэгдэх шинжийг агуулж байдаг.

3.5. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодох үедээ М.Мийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) байсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байна тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

4. Давж заалдах эсэргүүцлийн талаар:

4.1. Прокурор шүүгдэгчийн гэм буруу нь түүний биеэс биологийн дээж авч шинжилгээ явуулах ажиллагааны үр дүн, гэрч Н.Мын мэдүүлэг, шүүгдэгч М.Мийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж эсэргүүцлийн үндэслэлд дурдсан байх боловч шүүгдэгчийн биеэс дээж авч, шинжилгээ хийлгэх ажиллагаа нь бүхэлдээ хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчиж хийгдсэн учраас уг ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт нь нотлох чадвараа алдсан, уг нотлох баримтад тулгуурлаж шүүгдэгчийг “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж дүгнэх үндэслэлгүй.

4.2. Мөн гэрч Н.Мын “М.М урьд өдөр нь архи уусан бөгөөд нь  өчигдөр уусан архи нь гараагүй байгаа талаар ярьж байсан тухай мэдүүлэг, шүүгдэгч М.Мийн “Мотоцикл жолоодож явж байгаад цагдаатай тааралдаж шалгуулахын өмнөх өдөр нь архи уусан” тухай мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч М.М согтуурсан үедээ буюу амьсгал дахь спиртийн агууламж нь 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг нотолж байна гэж үнэлэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.М нь тухайн үед хууль тогтоомжоор тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хэмжээний буюу тээврийн хэрэгсэл жолоодоход саад болох хэмжээний согтолттой байсан болохыг гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг нотлохгүй байна. 

            4.3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байсан ч уг мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд энэ талаар ямар нэгэн санал хүсэлт прокурор оролцогч гаргаагүй байна.

            4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. 

            4.6. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож, хариуцлага тооцуулах, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээхээр зохицуулсан болно.

            4.7. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгч гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно.

4.8. Тиймээс прокурор, оролцогч хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг болон уг нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай санал, хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх санаачилгаараа хэрэгт цугларсан аль нэг нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх талаар урьдчилан шийдвэр гаргах боломжгүй.

            4.9. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасны дагуу шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах зэрэг аргаар  нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр шалгаж, үнэлнэ. 

4.10. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд энэ хэргийн тухайд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь ач холбогдолгүй талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

  4.12. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/226 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ч.ЭНХТӨР

 

                            ШҮҮГЧИД   В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Д.БАЙГАЛМАА