Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2016/00423/и |
Дугаар | 001/ХТ2017/00423 |
Огноо | 2017-04-13 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2017/00423
Л.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05570 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 206 дугаар магадлалтай,
Л.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй,
Ж.Бадамжунайд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5.720.000 төгрөг гаргуулах тухай үндсэн гэм хорын хохиролд 3.115.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Л.Цэрэннадмид нь Ж.Бадамжунайтай 2015 оны 5 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших хуучнаар 22-ын товчоо орчимд худалдаа үйлчилгээний зориулалттай подваль бүхий хоёр давхар байшинг 45.000.000 төгрөгийн ажлын хөлстэй барихаар тохиролцсон. Сүүлд 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гэрээг нөхөж байгуулсан. Гэрээний дагуу ажлыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж, 10 дугаар сарын 09-ний өдөр барилгыг хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэсний төлбөрт нийт 41 310 000 төгрөг хүлээж авсан. Бэхэлгээний төмөр утас 90 000 төгрөг, цахилгаан моторын түлш 60 001 төгрөг, таазны бэхэлгээний төмөр 20 000 төгрөг, нэг шуудай шохой 15 000 төгрөг, нийт 185 000 төгрөгийн өртөг бүхий барилгын материалыг захиалагчийн хүсэлтээр ажил гүйцэтгэгч миний бие өөрийн хөрөнгөөс эргэн төлүүлэх нөхцөлтэйгөөр гаргасан. Ж.Бадамжунай нь ажлын үлдэгдэл хөлс 3 690 000 төгрөгийг өгөөгүй. Гэрээнд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 192 хоног болж байгаа. Үүнээс 0.3 хувийн алданги тооцоход 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 2 361 600 төгрөг болсон. Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 3 690 000 төгрөгийн 50 хувь буюу 1 845 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 3 690 000 төгрөг, алданги 1 845 000 төгрөг, захиалагчийн хүсэлтээр барилгын материал авсан үүний зардал 185 000 төгрөг нийт 5 720 000 төгрөгийг Ж.Бадамжунайгаас нэхэмжилсэн. Л.Цэрэннадмид хар цаас наахаас бусад дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийг дээврийн хар цаас өөр хүнээр наалгасан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Барилгын зураг төсөл дээр эвхэгддэг хаалгатай байхаар тусгасан. Гэтэл Ж.Бадамжунай үүний дагуу хаалгыг аваагүй, өөр хүмүүсээр хаалга хийлгэх нэмэлт зардал гаргасан. Энэ нь гэрээний үнийн дүнтэй хамаагүй.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч надаас ажил олоод өг гэж гуйхаар нь би 2015 оны 5 сарын сүүлээр Л.Цэрэннадмидтай тохиролцож барилга дээр ажиллуулж байгаад цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байсан тул мөн оны 7 дугаар caрд 45.000.000 төгрөгийн үнэлгээтэй ажлыг бүрэн хийж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Л.Цэрэннадмид зарим ажлыг сайн гүйцэтгэсэн, зарим хийж чадаагүй ажлыг нь би өөр хүнээр хийлгэж, уг тооцоог ажлын хөлснөөс хасч тооцохоор тохиролцсон. Барилгын ажлын нийт төсөвт өртөг 45.000.000 төгрөгөөс нэхэмжлэгчийн бригадаар гүйцэтгүүлээгүй ажлын хөлс 2 200 000 төгрөгийг хасахад 42 800 000 төгрөгийн гүйцэтгэл гарсан бөгөөд тухайн үед Л.Цэрэннадмид ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч байсан. Сүүлд тооцоо хийж хөлс дутуу байна гээд надаас машин дотор 3.000.000 төгрөг бэлнээр хүлээж авсан бөгөөд би түүнийг ажлын хөлснөөс хасна гэж хэлсэн. Тухайн үед гарын үсэг зуруулж чадаагүй бөгөөд надад чи бид хоёр гарын үсгээр яахав гэж хэлж байсан. Одоо уг мөнгийг аваагүй гэж байгааг гайхаж байна. Би 45.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, цалинг хугацаанд нь өгч байсан. 3.000.000 төгрөгийг баримтгүйгээр өгсөн нь миний алдаа болсон байна. Тухайн үед нэхэмжлэгч Л.Цэрэннадмид надад гачигдал хэлээд цалингаа буухаас өмнө 3.000.000 төгрөг миний машин дотор гуйж авсан. Би мөнгө өгөхдөө бэлэн мөнгө өгсөн баримт бичүүлж авах гээд бал олоогүй. Хамгийн сүүлд түүний болон ажилчдынх нь гуйлтаар 500 000 төгрөг өгч байсан. Дээврийн болон шатны ажлыг хийж чадахгүй байсан учир би хүнд ажлын хөлс өгч хийлгүүлсэн бөгөөд уг мөнгийг түүний ажил гүйцэтгэлийн гэрээний хөлснөөс суутгаагүй. Л.Цэрэннадмид түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан боловч барилгын ажлыг бүрэн дуусгаагүй орхиж явсан. Би нэхэмжлэгчтэй уулзаж, дээвэр, гараашийн хаалга, шат зэргийг хийж чадахгүй гэдгийг мэдэж өөр хүмүүсээр уг ажлыг хийлгэж, ажлын хөлсийг нь олгосон. Эдгээр хүмүүст өгсөн хөлс хасагдах ёстой боловч би хасаагүй. Анх бид хоорондоо амаар тохиролцоод ажлаа хийж эхэлсэн. Гэтэл Л.Цэрэннадмид 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийчихсэн гарын үсэг зурахыг шаардсан. Би нэгэнт 45.000.000 төгрөг өгөх юм чинь гэж бодоод зурсан. Би нэхэмжлэгчийн худалдаж авсан материалын үнийг тэр дор нь өгч байсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Л.Цэрэннадмид нь миний захиалгаар 2015 оны 5 сараас мөн оны 10 cap хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт орших хоёр давхар барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн. Энэхүү барилгын ажлыг гүйцэтгэж дууссаны дараа Л.Цэрэннадмид нь барилгын талбай дээр байсан Ж.Бадамжунайгийн мэдлийн эд зүйлийг зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд тэдгээрийг буцаан өгөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бидний хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгоход эд зүйлийг үнэ төлбөргүй өгөх, авах тухай амаар болон бичгээр тохиролцоогүй, түүнээс эдгээр зүйлийг буцааж өгөхийг шаарддаг боловч барилгын гүйцэтгэлийн хөлс дутуу гэж ор үндэсгүй зүйл нэхэж байгаад сүүлдээ шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд 20 ширхэг сапуд төмрийн үнэ 1 600 000 төгрөг, 1 ширхэг нь 4 000 төгрөгөөр үнэлэгддэг бэхэлгээний зориулалтын 6 метрийн урттай 40 ширхэг ган хоолой, бүгд үнэ 960 000 төгрөг, шкевтэй зуурагчийн мотор 305 000 төгрөг, мөн барилгын ажил гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга хандсанаар 250 000 төгрөгийн үнэтэй гагнуурын аппаратыг шатааж хохироосон тул нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нийт 3 115 000 төгрөгийг Л.Цэрэннадмидаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн гаргасан хариу тайлбарт: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Барилгын ажил нь 2015 оны 5 дугаар сараас 10 дугаар cap хүртэл байсан. Гэрээний дагуу Л.Цэрэннадмид нь бригад ахлан ажилласан. Хууль бусаар эд зүйл авч явсан бол эрүүгийн журмаар шалгуулах ёстой байсан. Хариуцагч тал барилгын ажлыг 10 сарын 09-ний өдөр хүлээн авсан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч гэрчийн мэдүүлгээр Л.Цэрэннадмид эд зүйлсийг аваад явсан гэдэг нь нотлогдоно гэж байна. Ямар ч гэрч Л.Цэрэннадмид эдгээр эд зүйлийг авч явсан гэдгийг мэдүүлээгүй, нотлоогүй байгаа. Жилийн өмнө ажлаа дууссан, тухайн байранд үйл ажиллагаа явуулж буй улсууд ямар нэгэн гомдол санал гаргаагүй учир ажлаа хангалттай хийсэн гэж үзэж байгаа. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд он, cap зөрүүтэй, шаардлага хангахгүй байна. Гэрчүүдийн хувьд Ж.Бадамжунайгийн ажилчид байсан тул cөpөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05570 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Цэрэннадмидын, хариуцагч Ж.Бадамжунайгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 720 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Бадамжунайгийн, нэхэмжлэгч Л.Цэрэннадмидаас гэм хорын хохиролд болон үндэслэлгүй хөрөнгөжсөн 3 115 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 470 төгрөг, 64 790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 206 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч тал барилгын гараашийн хаалгыг хийх үүрэг хүлээгээгүй, дутуу хийсэн дээврийн хар цаас наах ажлын үнэлгээг 300 000 төгрөгөөс 400 000 төгрөг болно гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна” гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “Гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн суурь, техникийн давхар, 1 ба 2 давхрын угсралт, өрлөг, дотор ба гадна заслыг хугацаанд нь гүйцэтгэж, захиалагчид шилжүүлнэ.” гэжээ. Энэ заалтаас харахад гүйцэтгэгч гараашийн хаалга хийнэ гэсэн үг үсэг огт байхгүй байх бөгөөд энэ тухайгаа ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарласан болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь талд дурдсан байна. Мөн хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа 45 000 000 төгрөгийг өгсөн гэж нэг мэдүүлэх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 200 000 төгрөг суутгаад 42 800 000 төгрөгийн гүйцэтгэл гарсан гэх, нэхэмжлэгч 41 310 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх зөрүүтэй тайлбар үндэслэлүүдэд анхан шатны шүүх огт дүгнэлт өгөлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.. Давж заалдах шатны шүүх “тухайн гэрээний хувьд ажлын хөлсөнд нэхэмжлэгч 41 310 000 төгрөг авсан, 3 690 000 төгрөгийн хөлс дутуу гэх тайлбараа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй, хэргийн 9-13 дугаар тал дахь Хаан банкны нэхэмжлэгч Л.Цэрэннадмидын дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн хариуцагч Ж.Бадамжунай ажлын хөлснөөс 3 690 000 төгрөг дутуу олгосон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй” гэж тус тус дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч “Ж.Бадамжунай ажлын хөлснөөс 3 690 000 төгрөг дутуу төлсөн болохыг” Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5011198173 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар болон тооцооллын хуудсаар нотолсон бөгөөд үүнийг хариуцагч баримтаар үгүйсгээгүйн зэрэгцээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 05 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан “тайлбар”-ын 2 дахь хэсэгт “нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлд 41 310 000 төгрөгийг захиалагчаас хүлээн авсаныг маргаагүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ажлын хөлсийг дансаар шилжүүлэн төлөхөөс гадна мөн өөр хэлбэрээр төлөгдсөн гэдгийг нотолж, хариуцагч үүнтэй маргаагүй хүлээн зөвшөөрч байхад шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад эргэлзэж “хөлснөөс 3 690 000 төгрөг дутуу олгосон” гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “Зохигчид үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд хүлээх хариуцлагын талаар гэрээний 9 дэх хэсэгт “мөнгө нэхэмжилснээс хойш 2 хоногийн дотор төлбөр хийгдэнэ. Хугацаа хэтэрвэл хоногийн 0.3 хувийн алданги тооцно.” гэж тохирсон боловч нэхэмжлэгч ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн баримтгүй, ажлын хөлсний дутууг нэхэмжилж байсан хугацаа тодорхойгүй, энэ талаар баримтгүй тул хариуцагчид гэрээний дээрх заалтын дагуу алданги төлөх үүрэг үүсэхгүй болно” гэжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 3 дугаар хэсэгт “2015 оны 05 сарын 29-ний өдрөөс эхлэн ажил гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2015 оны 10 сарын 09-ний өдөр гэрээний дагуу ажил хүлээлгэн өгсөн” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан “тайлбар”-ын 1 дэх хэсэгт “Захиалагч Ж.Бадамжунай, гүйцэтгэгч Л.Цэрэннадмидтай 2015 оны 10 сарын эхээр “Гэрээ”-ний дагуу цалин хөлсний тооцоо нийлэх, барилгын ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх ажлын хөлсний дутууг нэхэмжилж байсан хугацаа тодорхойгүй, энэ талаар баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талууд ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэн хугацаан дээр маргаагүй болох нь дээр дурдсан тайлбараар нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн заалт болон дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Л.Цэрэннадмид нь хариуцагч Ж.Бадамжунайд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 3 690 000 төгрөг, алданги 1 845 000 төгрөг, материалын зардалд 185 000 төгрөг, нийт 5 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч ажлаа дутуу гүйцэтгэсэн тул хохиролд 3 115 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Ж.Бадамжунай 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр "Хүч-Ак" ХХК-тай 200 000 000 төгрөгийн өртөг бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах барилгын ажлаас батлагдсан зураг төслийн дагуу барилгын суурь, техникийн 1 ба 2 давхрын угсралт, өрлөг, дотор ба гадна заслыг хийж гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Л.Цэрэннадмидтай харилцан тохирч ажлын хөлсөнд 45 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр талууд гүйцэтгэх ажил, хөлсний хэмжээний талаар тохиролцсон байх тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв юм.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 3 690 000 төгрөгийг дутуу авсан гэсэн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч нь ажлын хөлсийг дутуу олгосон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, ажлын хөлсний дутууг нэхэмжилж байсан хугацаа тодорхойгүй байх тул алданги 1 845 000 төгрөг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т нийцжээ.
Барилгын ажилд зарцуулагдсан материалын үнэ 185 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо “нэхэмжлэлээ нотлохоор ирүүлсэн баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, тухайн баримт ямар үйл баримтыг нотлож байгаа нь тодорхойгүй” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагчийг шаардлага, тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 206 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.470 /нэг зуун зургаан мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН