Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 808

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч Л.Өлзийсайхан нарын шүүх бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Чүлтэмийн Г******* 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Нямдоржийн  Ш******* 

Нэхэмжлэлийн шаардлага: “газар өмчлөх улсын бүртгэлийн 0******* гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б дугаар гудамж, тоот хаягт байрлах газарт 06 оноос хойш амьдарч байгаа бөгөөд уг газраа хуульд заасан дүрэм журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэх гэтэл өмчлөгч давхардсан гэх үндэслэлээр өмчлүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Бидний одоо амьдарч буй газар нь иргэн Н.Ш*******т ямар нэгэн хамаагүй бөгөөд Нийслэлийн өмч газрын харилцааны албанаас бидэнд хуулбарлан өгсөн Нийслэлийн Засаг даргын Газар өмчлүүлэх тухай 03 оны 534 дүгээр шийдвэрт 336 м.кв талбай бүхий газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр заасан байх ба өнөөдрийн байдлаар дээрх захирамжид ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад иргэн Н.Ш*******ийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан газар өмчлөх эрхийн гэрчилгээнд дээрх талбайн хэмжээг нэмэгдүүлж бичилт хийснээр иргэн миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Газар өмчлөх улсын бүртгэлийн 0******* гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ч.Г*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Б дугаар гудамж, тоот хаягтай 559 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг анх иргэн Г.Н //, Д.О*******ь //, Н.С******* //, Н.Х // нарын өмчлөлд бүртгэхдээ Нийслэлийн Засаг даргын 03 оны 534 дугаартай захирамжаар олгогдсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, нэгж талбарын 1******* дугаартай газрын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бүхий бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0******* дугаартай гэрчилгээг 13 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон байна. Иргэн Г.Н нарын дөрвөн өмчлөгч нь 13 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Ш******* /*******/-ийн өмчлөлд уг газрын өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар иргэн Н.Ш******* өмчлөгчөөр бүртгэлтэй хэвээрээ байна. Улсын бүртгэлийн байгууллага нь төрөөс үнэгүй өмчлүүлсэн газрыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Өмч, газрын харилцааны албанаас олгогдсон газар өмчлүүлэх шийдвэр бүхий нотлох баримтыг үндэслэдэг бөгөөд дээрх бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 17 дугаар зүйл болон 24 дүгээр зүйлд заасан шаардлага бүрэн хангагдсан байсан тул улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд иргэн Ч.Г*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тухайн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Б дугаар гудамж, тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 559 м.кв хэмжээтэй газар нь иргэн Н.Ш******* миний хуулийн дагуу өмчилж авсан газар гэдэг нь дараах хууль ёсны нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. Үүнд: 1. 13 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Г-22******* дугаарт бүртгэгдсэн 0******* дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 2. 13 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн газрын байршлын кадастрын зураг; 3. 13 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн эргэлтийн цэгүүдийг нь газар нь бэхэлсэн нэгж талбарын зураг; 4. 1999 оны гэр хорооллын газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт; 5. Анх иргэн Г.Н, Д.О*******ь, Н.С*******, Н.Х нарын өмчлөлд бүртгүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 03 оны 534 дүгээр захирамжаар олгогдсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр; 6. 15 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн лавлагаа; 7. Нэгж талбарын жил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт; 8. Хяналтын хэмжилт хийсэн тухай протокол; 9. 15 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны хариу тайлбар хүргүүлэх тухай албан тоот; 10. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 16 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ/16/00265 дугаартай шийдвэр зэрэг 10 ширхэг хууль ёсны нотлох баримтаар нотлогдож байгаа болно. Ч.Г*******ийн авчирч өгсөн шийдвэр нь Н.Ш*******т ямар ч хамааралгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь нэгдүгээрт, Н.Ш*******ийн хууль ёсоор өмчилж авсан газрын хэмжээг 559 м.кв хэмжээтэй байхад тухайн шийдвэр дээр 336 м.кв хэмжээтэй гэж бичсэн. Хоёрдугаарт, Н.Ш******* 559 м.кв хэмжээтэй газрыг иргэн Гал-Очирын Ноос шилжүүлэн авсан, Ган-Очирын Ноос шилжүүлэн аваагүй учир тухайн шийдвэр Н.Ш*******т ямар ч хамааралгүй шийдвэр гэдэг нь нотлогдож байна. Ч.Г******* нь тухайн газрыг миний газар гэх ямар ч хууль ёсны 1 ширхэг нотлох баримт үгүй байж ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчигдсөн үйлдэл хийгдээгүй болно. Иймд Ч.Г*******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Б - тоот хаягт байрлах газарт 06 оноос хойш амьдарч байгаа бөгөөд уг газраа хуульд заасан дүрэм журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэх гэтэл өмчлөгч давхардсан гэх үндэслэлээр өмчлүүлэх боломжгүй гэж хариуг өгсөн болно. Нийслэлийн Засаг даргын 03 оны 534 шийдвэрт 336 мкв талбай бүхий газрыг өмчлүүлэхээр заасан бөгөөд дээрх захирамжид өөрчлөлт ороогүй байхад иргэн Н.Ш*******ийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан газар өмчлөх эрхийн гэрчилгээнд дээрх талбайн хэмжээг нэмэгдүүлж бичвэр хийснээр иргэн миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Иймд газар өмчлөх улсын бүртгэлийн 0******* гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байна” гэж маргажээ. 

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Б дугаар гудамж, тоот хаягтай 559 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг анх иргэн Г.Н, Д.О*******, Н.С*******, Н.Х нарын өмчлөлд бүртгэхдээ Нийслэлийн Засаг даргын 03 оны 534 дугаартай захирамжаар олгогдсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, нэгж талбарын 1******* дугаартай газрын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бүхий бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0******* дугаартай гэрчилгээг 13 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон байна. 

Улмаар Г.Н нарын дөрвөн өмчлөгчийн 13 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Ш*******ийн өмчлөлд уг газрын өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, 0******* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.  

Маргаан бүхий газрыг Г.Н нарын 4 иргэний нэр дээр анх бүртгэхдээ Нийслэлийн Засаг даргын 03 оны 534 дугаартай захирамжаар олгогдсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэсэн байна. 

Гэтэл Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 03 оны 534 дүгээр захирамжид Ган-Очирын Нт 336 мкв газар өмчлүүлсэн байх бөгөөд газар өмчлүүлэх тухай шийдвэрт газрын хэмжээ 559 мкв гэж бичигдсэн, харин Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн газар өмчлүүлэх тухай шийдвэрт газрын хэмжээ 336 мкв-аар тусгагдсан байх буюу газрын хэмжээ зөрүүтэй байна. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Г.Нын мэдүүлэгтээ хавсаргасан Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй газар олгох тухай шийдвэрийн газрын хэмжээ засвартай болох нь тогтоогдсон байна. 

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй, хуурамч баримт бичигт үндэслэн эрхийн улсын бүртгэлийг хийж, газрын хэмжээг ихэсгэн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн 06 оноос хойш амьдарч буй газраа эзэмших, цаашлаад өмчлөх эрхийг зөрчиж байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч Ч.Г******* нь амьдарч буй газраа эзэмших тухай өргөдлөө эрх бүхий байгууллагад өгсөн талаарх баримт тогтоогдохгүй байх боловч тухайн газраа 06 оноос эхлэн амьдарсан бөгөөд гуравдагч этгээдийн газар өмчлөх эрх хууль ёсоор бүртгэгдээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “газар өмчлөх улсын бүртгэлийн 0******* гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу эрхийн улсын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.6, 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,   газар өмчлөх улсын бүртгэлийн 0******* гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧИД                                                   А.НАСАНДЭЛГЭР

                                                                    Л.ӨЛЗИЙСАЙХАН