| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0551/Э |
| Дугаар | 566 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 566
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гдаргалж, шүүгч Б.Батаа шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Иргэдийн төлөөлөгч Д.Болдбаатар,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С овогт Ө-ы Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808015370415 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 7 настай Э.Эийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6/,
- насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн... 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эмээ С намайг М хороололд байдаг найзындаа дагуулаад очсон. Манай эмээ тэр очсон найзындаа хөзөр тоглож юм яриад орой болгосон. Манай эмээ намайг найзынхаа гэрт үлдээгээд найзуудтайгаа хамт хөзөр тоглоно гээд. Тэгсэн чинь намайг унтахаас өмнө У эмээгийн хүүхэд Г ах, Г өвөөтэй маргалдаад зодолдоод байсан юм. Эмээгийн найзын гэрт Г ах, Н ах, Гын ахын авгай нь байсан. Тэгээд би газраар дэвссэн орон дээр унтсан. Миний бас бандааш тайлагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-10-11/,
- гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 22-ны өглөө би ажилдаа яваад 22 цаг гэж тараад 23 цагийн үед хадам ээжийн гэрт очиж хүүхдээ авах гээд очиход надтай зөрөөд манай хадам ээж У, хадам аав Г, хадам аав, ээжийн найзууд болох хэд хэдэн хүмүүс зөрөөд гарсан. Учир нь манай гэр лүү очиж юм ярьж хөөрсөн гээд гарч байсан. Хадам аав ээжийн гэрт манай нөхөр Г, манай хүү 3 настай Г-ын У, мөн хадам ээжийн 2 найзынх нь нэг хүүхэд үлдсэн. Манайд үлдсэн тэр хоёр жаахан хүүхэд болохоор хоёулаа нас чацуу ойролцоогоор 6-7 насны бага насны хоёр эмэгтэй хүүхэд байсан юм. Тэгсэн Г өнөөдөр шөнө аав, ээж хоёр найзуудтайгаа манай гэрт очиж хонох юм байна, хоёулаа энд хоноод маргааш өглөө ажилдаа явъя гэсэн. Тэгээд би хоол цайгаа идэж уугаад газар ор засаад хүүтэйгээ унтсан бөгөөд Г миний дараа зурагт энэ тэр үзэж байгаад хажуугаар орж унтсан байна лээ. Шөнө хэдэн цагт гэдгийг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Тэгээд шөнө унтаж байтал хадам ах Н нэг найзтайгаа хамт орж ирсэн байсан бөгөөд гэрэл асаагаад юм хум ярилцаад пиво ууж байсан. Тэгээд би буцаад унтсан бөгөөд нэг мэдэхэд хүүхэд уйлах дуу гарсан. Тэгэхээр нь би өөрийнхөө хүүг уйлж байгаа юм болов уу гээд хүүхдээ харсан чинь манай хүүхэд зүв зүгээр унтаж байсан. Гэтэл бидний хажуугаар унтаж байсан хадам ээжийн нэг найзынх нь жаахан охины дээр нь Н ахын найз болох Б гарчихсан, өмд бандааш хоёроо өвдөг хүртэл тайлчихсан нөгөө жаахан охины алцааг нь дэлгээд дээр нь гарчихсан байсан ба нөгөө охин уйлж байсан. Тэгсэн чинь манай нөхөр Г босч ирээд Быг толгой руу нь цохисон чинь хажуу тийшээ гулжиГд уначихсан. Тэгээд Г өрөөний гэрэл асаатал жаахан охин уйлчихсан, охины бандааш нь тайлагдсан, Б-г манай нөхөр “Г чи яаж байгаам бэ” гээд хэд хэд өшиглөж цохиод Б-ыг аваад гарсан...Халдлагад өртсөн охин унтахдаа бандаашаа тайлаагүй унтсан...гэх мэдүүлэг /хх-15-16, 56/
- гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн:... эхнэр Ц-ын охин У нарын хамт амьдардаг юм. Тэгээд би амьдардаг аав, ээж хоёрынд очсон чинь манай аав Г-ын төрсөн өдөр нь болж байна гээд аав, ээж, хоёрынд найз нар нь ирсэн тэмдэглээд байж байсан. Тэгээд манай аав, ээж төрсөн өдөр тэмдэглэх гэсэн чинь хажуу талын айлууд хана нүдээд дуугай байгаа ч гээд байх юм, аав, ээж хоёр найз нараа аваад танайд очоод амар дураараа дуулаад суумаар байна, чи эхнэр хүүхдээ аваад манайд хоночих гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд манай аав, ээж хоёр дээр ирсэн найз нар нь бүгд манай гэр лүү яваад хоёр найз нь 7-8 настай хоёр охиноо үлдээгээд согтуу хүмүүс дагаад яваад яах юм гэж тэр хоёр охины эмээ, өвөө нар нь хэлээд үлдээгээд яваад өгсөн. Тэгээд аав, ээж хоёрын найз нарынх нь хоёр охин орон дээр унтсан. Тэгээд хүмүүс том том дуугараад байхаар нь сэрсэн чинь манай ах, найз Б-н хамт гэрт ирсэн том шилтэй пиво уугаад сууж байхаар нь би дуугараагүй босож 00 орж бие засаад эргээд унтаад өгсөн. Унтаж байсан чинь хажууд юм дуугараад байхаар нь сэрээд харсан чинь гэрэл унтраатай манай ахын найз манайд унтаж байсан охины дээр нь гарсан хөдөлж байсан, би нойрондоо юу болоод байгааг нь ойлгохгүй гайхаад шууд толгой руу нь цохиод авсан чинь манай ахын найз шууд хажуу тал руугаа хэвтээд чимээгүй болохоор нь би босоод гэрлээ асаасан чинь Б ах хөнжлөө нөмрөөд хэвтэж байхаар нь очоод хөнжлийг нь сөхөөд харсан чинь өмдөө өвдөг хүртлээ шувталсан байсан бас хажууд манайд байсан охин дотуур өмдгүй байсан. Тэгээд би шууд өөрийн ээж Уийг дуудаад ахын найз Б-г аваад шууд цагдаад авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-12-14, 41-42, 57-59/,
- Гэрч Ц.Уийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 22-ны орой манай нөхөр бид хоёр найз нарын хамт бага хүү Гын гэрт очиж хонохоор болоод найз С, Ц нарын ач зээ болох 7 настай 2 охиныг хүү Г, бэр Ц нарт үлдээгээд явсан. Ач, Зээ, болох 7 настай 2 охиныг хүү Г, бэр Ц нарт үлдээгээд явсан. Тэгээд тэр өдрийнхөө үүрээр буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өглөөний 04 цагийн үед манай бага хүү Г над руу залгаад “яаралтай хүрээд ир” гэж хэлэхээр нь ...сандраад очиход орцны үүдэнд Г Б-ыг цохиод зодож байсан. Тэгэхэд Б урдаас нь эсэргүүцэхгүй зодуулаад “би яагаа ч үгүй” гэж хэлээд байж байсан. Тэгээд би “яасан” гэж асуухад танай найзын охин Э-ийг оролдоод гэж хэлээд өөрийнхөө машинд Б-ыг суулгаад бид гурав Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст очсон...Хэрэг болсноос өдрөөс хойш Б-тай нэг удаа уулзсан. Б уйлаад “эгчээ хэцүү байна, би согтуу байсан, гэртээ байна гэж бодоод ийм зүйл болчихлоо, би тийм юм хийгээгүй, хэцүү байна аа” гэж хэлсэн. Бас Б-ын эхнэр хоёр хүүхэдтэйгээ ирээд уйлаад “Б шоронд яваад бид гурав үлдэх боллоо” гээд уйлж байгаад явсан. Надтай уулзахдаа Гын мэдүүлэг зөөлрүүлээд мэдүүлэг өгчихвөл болох гээд байна гэсэн...би Г-т тэр ахын чинь багын найз, багаасаа мэднэ, 2 хүүхдийг нь өнчрүүлээд үлдээчих вий чи мэдүүлгээ зөөлрүүлээд өгчихөж болохгүй юм уу гэж асуухад юм хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-60-62/,
- насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн нас тоолсон тухай тэмдэглэл / хх-36-37/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5908 дугаартай:...Ө.Б-ын биед бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй. Ө Б нь хурьцал үйлдэх чадвартай болно...гэх дүгнэлт /хх-65/
- Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 387 дугаартай:...Ө.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.Б нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Ө.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Ө.Б нь эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...гэх дүгнэлт /хх-68-69/
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас.../хх-28/
- шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр...Нын гэрт хэдэн цагт орсноо санахгүй байна. Н-ын гэрт ороход 1 өрөө байр байсан. Гэрт нь Г гэж дүү нь орны урд газар ор засчихсан эхнэр, хүүхэдтэйгээ унтаж байгаа орон дээр нэг хүүхэд унтаж харагдсан. Н бид 2 ширээний хажууд суугаад 1 савтай пиво задлаад талд нь ч оруулаагүй унтахаар болсон. Унтахаар болоход Н орон дээр унтаж байсан хүүхдийн хажуугаар орж унтаад намайг “энд унт” гэж хэлээд орны урд газар ор засаж өгөлгүй унтуулсан. Орны урд газар хивсэн дрожтой байсан санагдаж байна би сайн санахгүй байна. Тэгээд унтаж байхад Н-ын дүү Г намайг татаад босгоод алгадаад “юу болж байна” гэж хэлэхээр нь би “яасан” гээд барьцалдаад гэрээс нь гарсан. Тэгээд гэрийнх нь гадаа зогсож байтал цагдаа ирээд намайг аваад явсан.../хх-78-83/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Э.Э-ийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь:
- насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн... 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр...эмээгийн найзын гэрт Г ах, Н ах, Г-ын ахын авгай нь байсан. Тэгээд би газраар дэвссэн орон дээр унтсан. Миний бас бандааш тайлагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-10-11/,
- гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө...хэдэн цагт гэдгийг нь тодорхой сайн мэдэхгүй...унтаж байтал хадам ах Н нэг найзтайгаа хамт орж ирсэн бөгөөд гэрэл асаагаад, юм хум ярилцаад пиво ууж байсан...би буцаад унтсан бөгөөд нэг мэдэхэд хүүхэд уйлах дуу гарсан, өөрийнхөө хүүг уйлж байгаа юм болов уу гээд хүүхдээ харсан чинь зүгээр унтаж байсан. Гэтэл хадам ээжийн нэг найзынх нь жаахан охины дээр нь Н ахын найз болох Б гарчихсан, өмд бандааш хоёроо өвдөг хүртэл тайлчихсан нөгөө жаахан охины алцааг нь дэлгээд дээр нь гарчихсан байсан ба нөгөө охин уйлж байсан. Тэгсэн чинь манай нөхөр Г босч ирээд Б-ыг толгой руу нь цохисон чинь хажуу тийшээ гулжигаад уначихсан. Тэгээд Г өрөөний гэрэл асаатал жаахан охин уйлчихсан, охины бандааш нь тайлагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-15-16/,
- гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн:...тэр шөнө манай ах, найз Б-гийн хамт гэрт ирсэн том шилтэй пиво уугаад сууж байхаар нь би дуугараагүй босож 00 орж бие засаад эргээд унтаад өгсөн. Унтаж байсан чинь хажууд юм дуугараад байхаар нь сэрээд харсан чинь гэрэл унтраатай манай ахын найз манайд унтаж байсан охины дээр нь гарсан хөдөлж байсан, би шууд толгой руу нь цохиод авсан чинь хажуу тал руугаа хэвтээд чимээгүй болсон...би босч гэрлээ асаасан чинь Б ах хөнжлөө нөмрөөд хэвтэж байхаар нь хөнжлийг сөхөөд харсан чинь өмдөө өвдөг хүртлээ шувталсан байсан бас хажууд манайд байсан охин дотуур өмдгүй байсан. Тэгээд би шууд өөрийн ээж У-ийг дуудаад ахын найз Б-г аваад шууд цагдаад авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-12-14, 41-42, 57-59/,
- гэрч Ц.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 23-ны өглөөний 04 цагийн үед манай бага хүү Г над руу залгаад “яаралтай хүрээд ир” гэж хэлэхээр нь ...сандраад очиход орцны үүдэнд Г Б-ыг цохиод зодож байсан...би “яасан” гэж асуухад танай найзын охин Э-ийг оролдоод гэж хэлээд өөрийнхөө машинд Б-ыг суулгаад бид гурав Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст очсон...гэх мэдүүлэг /хх-60-62/
- насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн нас тоолсон тухай тэмдэглэл / хх- 36-37/,
- шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр...Н-ын гэрт хэдэн цагт орсноо санахгүй байна. Н-ын гэрт ороход 1 өрөө байр байсан. Гэрт нь Г гэж дүү нь орны урд газар ор засчихсан эхнэр, хүүхэдтэйгээ унтаж байгаа орон дээр нэг хүүхэд унтаж харагдсан. Н бид 2 ширээний хажууд суугаад 1 савтай пиво задлаад талд нь ч оруулаагүй унтахаар болсон...газар ор засч унтуулсан. Орны урд газар хивсэн дрожтой байсан санагдаж байна...унтаж байхад Н-ын дүү Г намайг татаад босгоод алгадаад “юу болж байна” гэж хэлэхээр нь би “яасан” гээд барьцалдаад гэрээс нь гарсан. Тэгээд гэрийх нь гадаа зогсож байтал цагдаа ирээд намайг аваад явсан.../хх-78-83/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Ө.Б-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, түүнчлэн гэрч Б.Г, Г.Ц, Ц.У нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрсэн байна.
Харин мөрдөн байцаалтын явцад гэрч Б.Г нь Б.Б-тай нүүрэлдүүлж мэдүүлэг авахад анхны мэдүүлгээ ялимгүй өөрчилсөн байх боловч тийнхүү өөрчилсөн нь яллагдагч талын гуйлт, хүсэлт, мөн ээжийнх нь нөлөөлөлтэй холбоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул тухайн гэрчийн анхны мэдүүлгээ өөрчилсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хуульчилсан тайлбараар бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн, үйлдэхээр завдсан байхыг шаардахгүй, мөн хохирогч нь 7 настай бага насны хүүхэд төдийгүй шөнийн 04 цагийн орчимд буюу нойрсолтын дээд идэвхжилттэй унтаж байсан байх тул шүүгдэгч нь бандаашийг нь хэрхэн тайлсан, дээр нь гарч хэрхэн хөдөлгөөн хийсэн болон бусад байдлыг мэдсэн байх боломжгүй бөгөөд заавал мэдсэн байхыг шаардахгүй юм.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж буй “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй, гэрч Б.Г-ыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсны дараа прокурор, мөрдөгч нар 1 цагийн турш хамт байсан, гэрчийг дарамталсан гэж хардаж буй тухай” санал, дүгнэлтээр тус хэргийг цагаатгах, эсхүл прокурорт буцаах үндэслэлгүй, харин өмгөөлөгч нь хардлага бүхий зарим асуудлаа жич шалгуулах нь холбогдох хуулийн дагуу нээлттэй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх-11/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь эхнэр, өсвөр насны 2 хүүхдийн хамт амьдардаг, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 3 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Б-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг 3 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ө.Б-ын эдлэх 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ө.Б-д урьд асван хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Г
ШҮҮГЧ Б.БАТАА
Б.ДАШДОНДОВ