| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2411002281267 |
| Дугаар | 2025/ДШМ/1125 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/1125
2025 09 18 2025/ДШМ/1125
Б.Н-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Гармаа,
шүүгдэгч Б.Н-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1709 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2411002281267 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Б-ы Н- /РД: ......./, .........,
Урьд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял шийтгүүлсэн,
Шүүгдэгч Б.Н- нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Хүргэлт ачаа” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.М-ыг “хүргэлт хийнэ” гэж хуурч, хүргэлт хийх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, шинэ жилийн зурагтай 15 ширхэг ноосон цамцыг нь авч 525,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “.........” хотхоны .........анд байхдаа хохирогч Ц.Х-н эзэмшлийн “I phone 15” загварын гар утсыг “зээлээр авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ......... хотхоны .........ны 1 дүгээр давхарт байх “Х-” бариа заслын газар бариа засалчаар ажиллаж байхдаа хохирогч Т.У-ын “дэлгүүрээс хүнс ногоо авхуулах” зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн “ХААН” банкны ....... тоот данс бүхий картаас 1,100,500 төгрөгийг бэлнээр авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Б-ы Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил, 10 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 10 сарын хорих ял дээр өмнөх Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил, 10 сар, 2 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 114 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ээс нийт 3,925,500 төгрөг гаргуулж, хохирогч Б.М-д 525,000 төгрөг, хохирогч Т.У-ад 1,100,500 төгрөг, хохирогч Ц.Х- 2,300,000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 07 дугаар сарын сүүлээр бусдын хувийн эзэмшлийн орон байранд нууцаар нэвтэрч бусдад хохирол учруулсан хэрэг үйлдсэн болно. Миний бие уг хэрэгтээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч дэслэгч н.Ууганбаатар дээр шалгагдаж байгаа тул Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхээс авсан хорих ял дээрээ нэмж нэгтгүүлж өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү өргөдөл гомдол гаргаж байна. ...” гэв.
Прокурор Г.Г- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шүүгдэгч Б.Н-ээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өөр үйлдэл байгаа тухайн үйлдэлдээ шалгагдаж байгаа гэж хэлэлцүүлгийн шатанд илэрхийлдэг. Эрүүгийн 2411002281267 дугаартай хэргийг шалгаж байх хугацаанд прокурорын зүгээс шүүгдэгч Б.Н-ийн холбогдсон өөр гэмт хэрэг байгаа эсэхийг прокурорын байгууллагын нэгдсэн сангаас шүүж үндсэн нэг хэрэгт нь бусад гэмт хэргүүдийг нэгтгэж 2025 оны 03 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Шүүгдэгчийн гомдолдоо дурдаж байгаа хэргийн тухайд 2025 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн. Б.Н-гийн холбогдсон хэргүүдийг шалгаж байхад 2025 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татсан хэрэг байгаагүй. Өөрөөр хэлбэл Б.Н-ийн холбогдсон хэргийг шалгаж байхдаа өөр гэмт хэргийн үйлдэл байгаа болохыг шалгаж, тогтоон холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгчийн гомдолдоо дурдаж байгаа хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 2411002281267 дугаартай эрүүгийн хэргээс тусад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Н- нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Хүргэлт ачаа” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.М-д “хүргэлт хийнэ” гэж хуурч, хүргэлт хийх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, шинэ жилийн зурагтай 15 ширхэг ноосон цамцыг нь авч 525,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “.........” хотхоны .........анд байхдаа хохирогч Ц.Х-н эзэмшлийн “ I phone 15” загварын гар утсыг “зээлээр авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан “Залилах” гэмт хэрэг;
2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “.........” хотхоны .........ны 1 дүгээр давхарт байх “Х-” бариа заслын газар бариа засалчаар ажиллаж байхдаа хохирогч Т.У-ын “дэлгүүрээс хүнс ногоо авхуулах” зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн “ХААН” банкны ....... тоот данс бүхий картаас 1,100,500 төгрөгийг бэлнээр авч “Хөрөнгө завших” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Б.М-ын “...2023 оны 12 дугаар сарын 12-ны 22 цагийн үед “Натур төв”-рүү 7 цамц, Баянхонгор аймаг руу унаанд хийлгэх 8 ширхэг цамц хүргүүлэх гэсэн боловч оройтсон тул хүргүүлэх боломжгүй болсон. Тухайн барааг яаралтай хүргүүлэх ёстой байсан тул фейсбүүк “хүргэлт чат” гэх нэртэй групп чатаар дамжуулан хүргэлт хийлгэнэ гээд өөрийн ........ дугаарыг бичихэд ........ гэх дугаарын хүн над руу залгаад манай гэр болох Чингэлтэй дүүрэг 2-р хороо, ........ 23-р байрны гадаа ирээд барааг маань аваад явсан. Маргааш нь тухайн “хүргэлт чат” гэх нэртэй группт тухайн миний барааг авч явсан хүний зургийн тавиад бараагаа авъя гээд биччихсэн байсан. Тэгээд би ........ гэх дугаарын утсанд залгахад утсаа авахгүй байж байснаа нэг утсаа аваад “...тэр бараа авсан гээд байгаа чинь манай найз юмаа би энэ тухай мэдэхгүй...” гэж ярьсан... Нийт 15 ширхэг шинэ жилийн зурагтай ноосон цамц байсан. Тухайн цамцнуудыг 29,000 төгрөгөөр аваад каргог нь нэг цамцыг 1,000 төгрөгөөр бодож авчирдаг. Тэхээр ирсэн үнэ нь карго ороод 30,000 төгрөг тэгээд 5,000 төгрөг нэмээд 35,000 төгрөгөөр зардаг...” гэх мэдүүлэг /1-р хх 16/,
“Дамно үнэлгээ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №ЧД1-24-276 дугаар 15 ширхэг ноосон цамц 525,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 21-23/,
Хохирогч Т.У-ын “...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” хотхоны 246 байрны 1 дүгээр давхарт байх миний ажиллуулдаг “Х-” бариа заслын газар бариа засалчаар ажилладаг Б-ы Н-ийг “дэлгүүрээс хүнсний ногоо аваад, ирээч” гэхэд “за” гэсэн тул би өөрийн “ХААН” банкны картыг өгөөд нууц үгийг нь хэлж өгөөд явуулсан. Гэтэл миний эзэмших “ХААН” банкны ....... тоот данснаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1,100,500 төгрөгийн зарлага гарсан байх бөгөөд Б.Н- рүү залгахад утсаа авахгүй одоог хүртэл таг чиг байна...” /1-р хх 118-119/,
Хохирогч Ц.Х-н “...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би фейсбүүк дээр утас зарах стори хийхэд Б.Н- гэх залуу нь надад хандаад ...“чи надад гар утсаа зарчих, би чамаас лизингээр авъя, 1 сар 15 хоногийн дотор би чиний утасны мөнгийг 100 хувь төлж барагдуулах болно, цалингаасаа хасуулаад бодоод явъя” гэж хэлэхээр нь би гар утсаа зарахаа болиод Б.Н- гэх залууд ажлын газартаа байхдаа буюу 2024 оны 02 дугаар сарын 22- ны өдөр өөрийн “I phone” 15 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай захирал Б.Н-т картаа өгөөд явуултал 1,100,500 төгрөгийг зөвшөөрөлгүй уншуулж аваад маргаашаас нь ажилдаа ирээгүй алга болсон... Б.Н- нь надаас анхнаасаа гар утас худалдан авч, миний мөнгийг өгөх зорилго байхгүйгээр миний гар утсыг авч худалдан борлуулж өөртөө ашиглаж байгаа нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа тул би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх 173-174/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №ХУ1-24-280 дугаар I phone 15 загварын гар утсыг 2,300,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /185-187/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ...завшсан” шинжийг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна..
Шүүгдэгч Б.Н- нь “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед шүүгдэгч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээн мэдүүлж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэх нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд прокурорын хувьд хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлт үйлдэх боломж хязгаарлагдмал байдаг.
Түүнчлэн, шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох зохицуулалттай.
Анхан шатны шүүхээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад өөр хэрэгт түүнийг яллагдагчаар татсан эсвэл яллах дүгнэлт үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гомдолд дурдагдсан гэмт хэрэгт түүнийг шүүх гэм буруутайд тооцсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар оногдуулсан ялуудыг нэмж, нэгтгэх эсвэл тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэнэ.
Иймээс дээрх үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Н-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1709 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА