Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

Улсын яллагч: П.Даваасүрэн;

Шүүгдэгч: Г.Гантулга (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Гантулгад холбогдох эрүүгийн 1709026900036 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мөнхбилэгт” ХХК-д кранист дохиочин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг Өндөр сум 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-720 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ГН85071014 регистерийн дугаартай, Дайртан овогт Ганболдын Гантулга.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Г.Гантулга нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-720 тоотод 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Цэрэнбадамын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулга мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Цэрэнбадам /хх-ийн 11, 13/, гэрч Ц.Бадамцэрэн /хх-ийн 14/ нарын мэдүүлэг, Г.Гантулгын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 24 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/, Г.Гантулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-36/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Гантулга нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-720 тоотод эхнэр Ц.Цэрэнбадамын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ц.Цэрэнбадамын /хх-ийн 11, 13/: “... Би 2017 оны 12 дугаар сарын 04-нд 21 цагийн үед гэртээ ороход манай нөхөр Г.Гантулга гэртээ архи уучихсан согтуу байсан. Намайг ороход гадуур хувцасаа өмсөхгүй гарах гээд байхаар нь “чи хаашаа явах гээд байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд “чи миний өөдөөс юм хэлэх ёсгүй” гээд шууд миний нүүрэн тус газарт зөндөө удаа цохьсон. Би цагдаа дуудтал зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Бадамцэрэнгийн /хх-ийн 14/: “... Намайг унтаж байхад юм түжигнээд байхаар нь сэрээд хартал Гантулга ах Цэрэнбадам эгчийг зодчихсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Гантулгын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 15-16, 27-28/: “… Тухайн өдөр намайг гэртээ байхад Цэрэнбадам гаднаас дүү Бадамцэрэн, өөрийн найз болох Туяа болон Туяагийн найз залуу гэх хүний хамт орж ирсэн. Орж ирэхдээ 0,75 граммын Ерөөл нэртэй архи, 2 литрийн пиво авч ирж бид нар бүгдээрээ хувааж уусан. Цэрэнбадам дүү Бадамцэрэнтэйгээ нийлээд намайг “чи энэ гэрт ирэхдээ юутай ирсэн юм бэ, гуйлгачин минь, чи гудамжинд архи уугаад явж байдаг биз дээ” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Би тэгэхээр нь уур хүрээд ганц хоёр алгадсан юм…” гэх мэдүүлгээр,

 

Г.Гантулгын буруутай үйлдлийн улмаас Ц.Цэрэнбадамын биед “баруун нүдний алим, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацар, цээжинд сорви” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 24 тоот дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

“Миний өөдөөс үг хэлэх эрхгүй” хэмээн өөрийн хамтран амьдрагч болох Ц.Цэрэнбадамын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Гантулгын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Г.Гантулгыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Цэрэнбадам нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дайртан овогт Ганболдын Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ