Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/1140

 

                                               

 

 

 

 

     2025          09            24                                                                          2025/ДШМ/1140

 

П.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч Д.С,

шүүгдэгч П.Э,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1755 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.С, шүүгдэгч П.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн түүнд холбогдох 2311010100700 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн П.Э ..................,

Урьд, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хэргийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

Шүүгдэгч П.Э нь “Амгалан өртөөнөөс вагон тавьж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.С төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 02 сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн “Төрийн банк” ХХК дахь дансаар түүнээс 5,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны урд талын автомашины зогсоол дээр бэлнээр 15,000,000 төгрөгийг авч нийт 20,000,000 төгрөгийг хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: П.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Э 6 сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нийт 20,000,000 төгрөг гаргуулж хохирогч Д.С олгож, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Хохирогч Д.С давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Э нь Монгол Улсын иргэн Д.С намайг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан болохыг хууль хяналтын байгууллагаас шалган тогтоож гэм бурууг хөдөлбөргүй батлан тогтоосон. Анхан шатны шүүх ч шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон боловч шүүгдэгчид холбогдох хүндрүүлэх нөхцөл байдлуудыг авч үзээгүйгээс гэмт хэрэгтэнд оноосон ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч П.Э нь санаатай үйлдсэн гэмт хэрэгтээ огт гэмшдэггүй, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй гаргасан үйлдлийнхээ нийгмийн аюулыг ухамсарлаагүй болохыг хавтаст хэргээс харж болно. Шүүгдэгч П.Э нь хэргээ хүлээхгүйгээс гадна өгчихнө гэх боловч хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй болно. Шүүх эдгээр хүндрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулыг дутуу үнэлж хорихоос өөр төрлийн ял оноосон хөнгөдсөн гэж үзэж байна. Миний хувьд шүүгдэгч П.Э нь олон тооны иргэдээс янз бүрийн шалтаг шалтгаанаар их хэмжээний мөнгийг авч эргүүлж өгдөггүй болохыг мэдмэгц залилуулснаа ойлгон Цагдаагийн байгууллагад хандсан билээ. Өөр хэдэн иргэн хуулийн байгууллагад хандсан, хэдэн иргэн хохироод явж байгаа мэдэхгүй ч эхний хүнээс авсан мөнгөө нэхүүлэн байж дараагийн хүнээс авсан мөнгөөр хааж явдаг байж мэдэхээр нөхцөл байдал ажиглагддаг. Их шахаад төлбөрөө нэхэхээр өгөх гээд байгаа юм шиг зөөлөрч байгаа нь цаанаа өөр хэн нэгнийг хохироохыг оролдож байж мэдэх юм. Энэ тохиолдолд шүүгдэгчийн үйлдлийг залиланг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй ч байж болохоор байна. Иймд энэхүү нөхцөл байдлуудыг хуульд заасан журмын дагуу нягтлан үзэж гэмт үйлдэлд таарсан ялыг оноож өгнө үү... П.Э зан төлөвийн хувьд надаас дор төлөвшөөгүй байгаа юм. Залилангийн шинжтэй олон үйлдэл байгаа. Би тэр болгоныг нь дурдаад яах вэ. П.Э худал ярьж байна. Бүх нотлогдсон учраас өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч П.Эг давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хүсэлт тавьсан хүмүүс нь Бүгд найрамдах хятад ард улс руу нүүрс  ачуулж экспортлох вагон олж өгөхийг хүссэний дагуу урд чиглэл болон Эрдэнэт хотоос вагон тавиулах хүсэлт хэлэхэд нь 2 чиглэл тус бүрд баталгаа болгож вагон тавиулаад байхад өөрсдөө ачаагаа ачуулахгүй төмөр замын сул зогсолтоос сэргийлж 1,500,000 * 2 = 3,000,000 төгрөг баталгаа болгож өгөх ёстойг нь би хэлснээр миний дансанд 2023 оны 03 сард 2,500,000 төгрөг ба 2,500,000 төгрөг шилжиж ирсэн. Түүний 2,000,000 төгрөг тэр өдөртөө өөрсдөө буцаан авсан. Би вагон тавиулах бүх арга хэмжээ авч байхад С гэдэг хүн албан ёсоор гэрээ хийхгүй мөртлөө байнга намайг дарамтлах арга сонгож би учраа хэлж вагон тавиулах гэж байхад  турш ганцхан мөнгө нэхэж сүүлдээ аав, ээжийнхээ эрүүл мэндэд 20,000,000 төгрөг ч билүү хэрэгтэйг хэлж би үнэхээр ийм юм амьдралдаа үзээгүй тул маш их цочирдсон. Тэр вагон захиалсан компаниас нь 1 удаа одоо болтол надтай холбогдож гэрээ батлуулах ч санаачилга гаргаагүй. Тэр С гэдэг хүн намайг Чингэлтэйн цагдаад өгч утсаар ч загнаж зүхэж байсан болно. Гэтэл гэнэт тэр С нь Т гэдэг хүнтэй хамт надад 15,000,000 төгрөг бэлнээр өгсөн болж гүйлгээд прокурор надад эрүү үүсгэснийг мэдээд  гайхсан. Тэгээд би хаана, хэзээ ч, хэнээс ч 15,000,000 төгрөг бэлнээр аваагүйгээ хэлээд ямар ч нэмэргүй өгч авалцсан ямар ч баримт байхгүй. Угаасаа би аваагүй учир ямар ч баримт байхгүй бүх шатны прокурорын байгууллагад хэлээд ч би авсан болж таарч шүүхээр 6 сар зорчих эрх хязгаарлах, 20,000,000 төгрөг хохирол төлөхөөр шийтгүүллээ. Би дээрх шүүхийн шийдвэр зөвшөөрөх үндэслэлгүй тул намайг цагаатгаж өгөхийг хүсэж гомдол гаргав... би яагаад эрүүгийн хэрэг үүсгүүлээд явж байдаг юм. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Д.С үнэхээр хохирсон бол намайг ингээд байх хэрэггүй. ...” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтын тухайд анхан шатны шүүхийн шатанд мөнгө авсан, аваагүй гэж маргадаг. П.Э 5,000,000 төгрөг дансаар, 15,000,000 төгрөг бэлнээр авч, нийт 20,000,000 төгрөгийн хохиролтой гэж дүгнээд улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс 5,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, 5,000,000 төгрөг дансаар авсан баримтыг шинжлэн судлахад үүнийг авсан байна, 15,000,000 төгрөгийг аваагүй гэж маргадаг. Шүүгдэгч П.Э өмгөөлөгч авна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаан 5 удаа хойшилсон. Мөн хэргийн материалтай танилц гэхээр би танилцахгүй, өмгөөлөгч авна гээд өмгөөлүүлэх эрхээр хангалттай хангаж анхан шатны шүүх хуралдааныг явуулсан. Нэгдүгээрт, 15,000,000 төгрөг бэлнээр өгсөн асуудалтай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Хоёрдугаарт, гар бичмэл байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт П.Э “энэ ямар учиртай гар бичмэл юм бэ, ямар учиртай та бичиж өгсөн бэ” гэж асуухад “би энэ хүүхдийг өрөвдөөд 20,000,000 төгрөг гээд бичээд өгсөн” гэж мэдүүлдэг. П.Э бичсэн гар бичмэл, гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг гэсэн баримтуудын хүрээнд мөнгө авсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Түүнчлэн П.Э ямар нэгэн байдлаар төмөр замын байгууллагад ажилладаггүй, төмөр замын вагон тээвэр тавих эрх бүхий албан тушаалтан биш юм. Энэ талаар гэрээ байхгүй атлаа бодит байдлыг нуух замаар буюу биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож, хохирогчоос мөнгө хуурч авсан нөхцөл байдал нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч Д.С гаргасан шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл багадсан гэх гомдлын тухайд тус гэмт хэрэг нь сонгох санкцтай учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч П.Э холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч П.Э нь “Амгалан өртөөнөөс вагон тавьж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.С 2023 оны 02 сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн “Төрийн банк” ХХК дахь дансаар 5,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны урд талын автомашины зогсоол дээр бэлнээр 15,000,000 төгрөгийг авч бусдад 20,000,000 төгрөгийг хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.С “...би вагон хямд тавиулах боломж хайж байгаад Тамир гээд бас танил ах “...Э гэж вагон тээвэртэй холбоотой. Төмөр замын дарга Хэрлэн болон улсын их хурлын гишүүн Д нарыг таньдаг хүн байдаг” гэж ярьж байсныг санаад Т ахтай уулзаж “...вагон тавиулах гэсэн юм. Нөгөө Э гэж хүн байгаа юу” гэж асуугаад Т ах тэр хүнтэй утсаар яриад нөгөө хүн нь “...урьдчилгаа 5,000,000 төгрөг өгчихвөл энэ 7 хоногтоо багтаад вагон тавиулаад өгнө. Вагон тавьсны дараа үлдсэн мөнгө төгрөгөө тохирч гэрээгээ хийнэ” гэж байна гэхээр нь би Болд ах руу залгаж ярьсан.  Б ах “Бэсүд жонон” гэж ХХК-ны данс руу 2,500,000 төгрөгөөр хоёр хувааж 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг Эрдэнэхуягийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Э гэж хүнтэй Урт цагааны баруун урд талд кофе шофд анх уулзаад “...вагон тавиулах асуудал юу болж байна” гэхэд надад “...одоо удахгүй болох гэж байна. Чи тэр компаниар нь хүсэлтийг нь бичүүлээд надад өгөөдөх” гэхээр нь би Б ахтай холбогдож “Бэсүд жонон” ХХК-ийн нэр дээр албан бичиг бичүүлээд уг албан бичгийг Э өгсөн. Үүнээс хойш Э өнөөдөр маргааш болох гэж байна гэсээр цаг хугацааг хойшлуулж эхэлсэн. Мөн Б ах над руу уурлаад “...чиний энэ ярьсан асуудал худлаа боллоо” гэх болсон. Үүнээс хойш Болд ах тэвчээр нь барагдаад “...мөнгөө буцааж авъя” гэхээр нь би Э шилжүүлсэн байсан 5,000,000 төгрөгийг ээж Ц данснаас Б анхны өгсөн Н гэж хүний данс руу шилжүүлсэн... Хэсэг хугацааны дараа Э “...чиний өгсөн урьдчилгаа чинь багадаад байна. Нэмээд 15,000,000 төгрөг хэрэг болоод байна. Түүнийгээ өгчихвөл вагон тавигдахад асуудал алга” гэж хэлсэн. Тэгээд Т ахтай хамт надад өөрт бэлэн байсан 15,000,000 төгрөгийг Урт цагааны урд талын авто зогсоол дээр миний машинд сууж байгаад Э хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш бас л болох гэж байна гэсээр хэсэг хугацаа өнгөрөөд 10 дугааp хороололд уулзаад би “...за та худлаа боллоо. Би мөнгөө авъя” гэхэд Э “...ах нь чам шиг хүүхэдтэй. Чамайг хохирооно гэж байхгүй” гээд надад мөнгийг маань буцааж өгнө гэж бичиг хийж өгсөн...” гэх мэдүүлэг, / 1-р хх 38-39/,

Гэрч Ч.Т “...П.Э надад “...мөнгө төгрөг болох гэж байгаа. Чи бүр болохгүй бол надад вагон тавиулж өгөх боломж байна. Чи надад вагон тавиулах хүн олоод ирвэл би вагон тавьж өгсөн хөлсөндөө авсан мөнгөнөөсөө чиний мөнгө төгрөгийг өгчих боломж байна” гэхээр нь “...С гээд манай хуурай дүү байдаг... надад яг найдвартай вагон тавьж өгөх юм бол ачаа ачуулах компани байгаа шүү” гэсэн. Тэгээд би энэ Д.С, П.Э уулзуулаад хоорондоо үнэ хөлсөө тохироод урьдчилгаа 5,000,000 төгрөг өгөхөөр боллоо гэж ярьж байсан. Тэгсэн П.Э надад “...чиний холбож өгсөн хүнээс 5,000,000 төгрөг орж ирлээ. Түүнээс 2,000,000 төгрөгийг нь чиний хүн олж ирсэн ашиг гэж өгье. Би цааш нь 3,000,000 төгрөгөөр ажлаа зохицуулна” гээд найз бүсгүй маань болох П.О данс руу 1,900,000 төгрөг шилжүүлсэн... Эхлээд 5,000,000 төгрөг надаар дамжуулан дансаар өгч байсан. Харин дараа нь нэмж 15,000,000 төгрөгийг бэлнээр урт цагааны авто зогсоол дээр байх үед миний хажууд машин дотор сууж байхдаа өгч байсан... Э өгсөн мөнгийг С өөрөө гаргаад П.Э өгсөн болохоор энэ хэмжээгээрээ Д.С хохироод яваа юм... П.Э дахин нэмж 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Д.С, П.Э вагон ачуулах компанийн өмнөөс өгсөн дээрх 20 сая төгрөгийг Э гарын үсэг зурж баталгаажуулсан. Одоо Д.С нөгөө вагон ачуулах компани нь өөр газраар вагон ачуулсан учраас Д.С, П.Э өгсөн 20,000,000 төгрөг авах гэхэд П.Э өгнө гээд өдөр, хоног аргацаагаад байгаа юм...” гэх мэдүүлэг, /1-р хх 43-56/,

Хохирогч Д.С П.Э чаталсан чатны хуулбарууд /1-р хх 21-33/,

П.Э 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “...20,000,000 төгрөгийг төлнө...” гэсэн агуулгатай гараар бичсэн тодорхойлолтын хуулбар /хх 35 дугаар тал/,

П.Э Төрийн банк ХХК дахь эзэмшлийн 103200627766 дугаартай дансны хуулга /1-р хх 104-125, 143-145/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч П.Э “Амгалан өртөөн дээр вагон тавьж өгнө” гэж бодит байдал дээр биелэх боломжгүй нөхцөл байдлыг хохирогч Д.С биелэгдэх боломжтой мэтээр ойлгуулан түүнийг хуурч мэхлэн төөрөгдүүлж бэлнээр болон дансаар нийт 20,000,000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан гэж анхан шатны шүүх үзэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих гэсэн ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон 6 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч П.Э “...цагаатгаж өгнө үү. ...”, хохирогч Д.С “...гэмт үйлдэлд таарсан ялыг оногдуулж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах гол шинж нь халхавч болсон гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэсэн, гэрээний нөгөө тал болох хохирогч уг гэрээ, хэлцлийг анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй нөхцөлд байгуулсан бол “залилах” гэмт хэрэг гэж үздэг болно.

Хуурч мэхлэх гэдэг нь үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авах аргыг ойлгоно.

Шүүгдэгч П.Э нь бодит байдал дээр биелэх боломжгүй нөхцөл байдал болох “Амгалан өртөөн дээр вагон тавиулж өгнө” гэсэн нөхцөл байдлыг хохирогчид боломжтой гэх мэтээр ойлгуулж хуурч мэхэлж хохирогчийн вагоноор ачаа ачуулах хүсэл зоригийг биелүүлэхэд урьдчилгаа, баталгаа хэрэгтэй байгаа мэтээр түүнд итгүүлэн мөнгө авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангах бөгөөд үүнийг өөрчлөх эсвэл иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд “вагон тавиулж ачаа ачуулах” зорилго бүхий хэлцэл хийгдсэн боловч энэ хэлцэл нь хийх үеэсээ эхлэн шүүгдэгчийн хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилго, сэдэлтээр хийгдсэн тул үүнийг хууль ёсны дагуу хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ял шийтгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу тухайн зүйл, хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1755 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.С, шүүгдэгч П.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1755 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.С, шүүгдэгч П.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ

              ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА