| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0302/Э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: П.Даваасүрэн;
шүүгдэгч: Д.Хайдавжамц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Доржийн Хайдавжамцад холбогдох эрүүгийн 170900224 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 33Б байрны 81 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК92122911 регистерийн дугаартай, Сартуул овогт Доржийн Хайдавжамц.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Хайдавжамц нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” караокены ариун цэврийн өрөөнд Б.Баттуулын гээгдүүлсэн “Ай фоне 7” загварын гар утсыг завшиж, хохирогч Б.Баттуулд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хайдавжамц мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баттуул /хх-ийн 8/, гэрч Б.Нэмэхбаяр /хх-ийн 9/, М.Мөнх-Орших /хх-ийн 12-13/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/, Д.Хайдавжамцын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11, 19-20/, Д.Хайдавжамцын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-29, 37-39/, хохирогч Б.Баттуулийн хүсэлт /хх-ийн 34-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Баттуул нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” караокены ариун цэврийн өрөөнд “Ай фоне-7” маркийн гар утсаа мартаж, гээгдүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Хайдавжамц нь дээрх гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, Б.Баттуулд бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Баттуулын /хх-ийн 8/: “... 2017 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Түмэн” нэртэй караокед найз Туул, Оргил, Хайдав нарын хамт 02 цагийн үед орсон. Тэгээд архи ууж байгаад би ариун цэврийн өрөө ороод гар утсаа тавиур дээр орхисон байх магадлал өндөртэй байна. ... Ариун цэврийн өрөөнд гээгдүүлсэн гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Нэмэхбаярын /хх-ийн 11/: “...Би 2009 онд 96500006 дугаарыг “Скайтел” ХХК-аас худалдан авч байсан ба авснаасаа хойш 3 жил гаран бариад 2016 онд найз Энхмандуулд өгсөн. Өгөхдөө нэрээ шилжүүлээгүй. Энхмандал надаас “түр барих дугаар өгөөч” гэж гуйхаар нь би өгсөн юм. Энхмандуул цааш нь Хайдав гэх дүүдээ гуйгаад байхаар нь 2017 оны эхээр өгсөн гэсэн. Одоо 9650006 дугаарыг Хайдав гэх залуу барьж байгаа...” гэх мэдүүлгээр,
Д.Хайдавжамцын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн /: “... Тухайн өдөр Баттуул, Чингүн нарын хамт “Түмэн” караокед орж архи ууж, дуулж байгаад Баттуулыг хайгаад ариун цэврийн өрөөнд орсон чинь Чингүн гэх манай найзтай эрэгтэй ариун цэврийн өрөөнд секс хийгээд байж байсан. Тэгэхээр нь би эмэгтэй ариун цэврийн өрөө орсон чинь “Ай фоне-7 плас” загварын гар утас байхаар нь аваад явсан. Тухайн үед Скайтелийн 96500006 дугаарыг би барьж байсан. Уг олсон утсанд гэртээ очоод симээ хийж шалгаж үзсэн. Уг утсыг ухаж үзээгүй, олж аваад гарсан учир Баттуулынх гэж мэдээгүй...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 19-20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хохирогчийн мартаж, гээгдүүлсэн “Ай фоне-7” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Д.Хайдавжамцын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү Д.Хайдавжамцын “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Д.Хайдавжамц нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Б.Баттуул “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Сартуул овогт Доржийн Хайдавжамцыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хайдавжамцыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хайдавжамцад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ