| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2504000000157 |
| Дугаар | 2025/ДШМ/1141 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/1141
2025 09 24 2025/ДШМ/1141
С.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Халиунгоо,
шүүгдэгч С.Б,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2504000000157 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн С.Бо ..........................
Урьд, Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30,000 төгрөгийн торгох ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ****** дүүргийн **дугаар хороо, *** 13-00 тоотод хохирогч Р.Э тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг толгой, нүүр хэсэг рүү гараа удаа дараа цохиж зодон биед нь дух, дагзны хуйх хамрын нуруунд шарх, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн Прокурорын газраас: С.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хот, Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Улаанбаатар хот, ******** дүүргийн 3 дугаар хороо, **** хороолол, ** дугаар байрын ***тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг танилцуулж, шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр харамсаж байна. Миний бие 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Р.Э хамт манай гэрт архидаж байхдаа маргалдаж харилцан зодолдсоны улмаас цагдаа, шүүх прокурор шүүхээр хянан шалгагдсан. 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Урьд өмнө хэрэгт холбогдож байхдаа өмгөөлөгч авч байгаагүй энэ удаа хэрэгт холбогдохдоо хуульчид хандахад гэмт хэрэг, зөрчлийн хэргийг ялгаж салгаагүй байна гэсэн учраас 138 дугаар шийтгэх тогтоолын эс зөвшөөрч байна. Учир нь хохирогч Р.Э нь гомдолгүй гээд Шүүх эмнэлгийн дүгнэлт шалгуулаагүй байхад эрүүгийн хэрэгт үүсгэн шалгасан. Иймд Эрүүгийн гэмт хэрэг зөрчлийн гэмт хэрэг хоёрыг ялгаж салгаагүй гэж үзэж байгаа тул хуулийг зөвөөр тайлбарлаж зөрчлийн хэрэг болгож шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Халиунгоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хэрэг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хохирогч Р.Эрдэнэпүрэв “гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн боловч холбогдох ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинжээчийн дүгнэлтээр “хохирогч Р.Э биед хөнгөн гэмтэл учирсан” гэх дүгнэлт гарсан. Иймд прокуророос шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч С.Б эрхэлсэн тодорхой ажилгүй. Иймд анхан шатны шүүхээс гэм буруутай тооцож, 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны дүгнэлт хийсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч С.Б холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 13-02 тоотод хохирогч Р.Э тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг толгой, нүүр хэсэг рүү гараа удаа дараа цохиж зодон биед нь дух, дагзны хуйх хамрын нуруунд шарх, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/,
Хохирогч Р.Э “... Би 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гун 13-02 тоотод очсон... Би тэнд бас архи ууж байгаад тасарчихсан. Нэг ухаан ороход Б маргалдаж байсан юунаас болсон талаараа санахгуй байна. Гэнэт нүүр рүү маань цохиод зодоод байхыг санаж байна. Цохиод газар унасан. Гэтэл миний толгой хагарчихсан байна гээд эмнэлэг авч явна гээд цагдаа ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч М. О “... Би 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Болдбаатарын гэр болох ******** дүүргийн *** дугаар хороо, *** 13-** тоотод 19 цагийн үед ороход тэднийд Б, Т, Э гэх эмэгтэй нар байсан... Б нэг шил архи авч орсон... Архи ууж байгаад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд зодоон болсон гээд Э.Б нь түлхээд унагаачихсан гэж ярьж байсан. Цагдаа дээр Эрдэнэпүрэвтэй таарахад толгойгоо боочихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Н.Л “... Би Улаанбаатар хотоос орой 20 цагийн үед эхнэр Түвшинжаргалтай хамт ирсэн. Багануурт ирээд Б ******** дүүргийн *** очсон... Би нэлээн муудсан байсан. Б, Э хоёр гэнэт л муудалцаад явчихсан. Бие биеэ барьчихсан байж байсан зууралдаад л над руу унасан. Сандал дээр сууж байсан би нураад унасан. Босоод юу болов гээд хартал Э толгойноос цус гарчихсан байсан. Б тэр хоёрыг юунаас болоод муудалцсаныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БНД0725/195 дугаартай “...Э биед учирсан дух, дагзны хуйх, хамрын нуруунд шарх, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч С.Б “... Эрүүгийн гэмт хэрэг зөрчлийн гэмт хэрэг хоёрыг ялгаж салгаагүй гэж үзэж байгаа тул хуулийг зөвөөр тайлбарлаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед халдах” зөрчил нь хохирогчийн биед учирсан гэмтлүүд дээр шинжилгээгээр хохирлын зэрэг тогтоогдоогүй тохиолдолд хангагдана.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Р.Э цохиж зодон түүний биед учруулсан дух, дагзны хуйх хамрын нуруунд шарх, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлт гарсан тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд үүнийг өөрчлөх эсвэл үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА