Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01682

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01682

 

 

 

 

 

                                           А.Мийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01605 дугаар шийдвэртэй, А.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эт холбогдох, 10 450 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нацагдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Этай 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 2.2-т зааснаар сарын хүү 2 хувь бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай зээлсэн. Мөн зээлийн гэрээний 2.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш Б.Э шахаж шаардуулсаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөгийг А.Мийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш зээл, өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл болох 6 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хүүнд 1 440 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх алдангид 3 000 000 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 10 450 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Э 2018 оны 02  дугаар сарын 02-ны өдөр А.Мтоос зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөг зээлээгүй. Б.Э А.Мттой харилцан тохиролцож 2017 оны 11 дүгээр сард Герман улсад үйлдвэрлэгдсэн улсын бүртгэлийн 6133 УНУ дугаартай саарал өнгийн Мерседес маркийн Е-350 загварын суудлын авто машиныг 50 000 000 төгрөгт тооцон худалдан авсан. Авто машины урьдчилгаа төлбөрт 44 000 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрт 6 000 000 төгрөг төлөгдөөгүй. Дээрх авто машиныг Б.Э нь бусдын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд А.Моос зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг зээлдэж аваагүй. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг нөхөж хийсэн. Суудлын автомашин худалдан авсан үлдэгдэл төлбөр болох 6 000 000 төгрөгийн асуудал яригдах ёстой болохоос зээлийн хүү 1 440 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд А.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  • Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Эаас 9 006 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Мтод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1 444 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 4 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 159 046 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нацагдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Этай 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 2.2-т зааснаар сарын хүү 2 хувь бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 2 ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай зээлдэн авсан. Мөн зээлийн гэрээний 2.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариу тайлбартайгаа холбогдуулан шүүх хуралдаан эхлэхийн өмнө Авто тээвэр зохицуулалтын газраас нэхэмжлэгч А.М болон хариуцагч Б.Э нарын 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээтэй холбогдох бичиг баримтын лавлагааг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гаргасан байхад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “дээрх гэрээний дагуу авто машин Б.Эын өмчлөлд шилжсэн гэдэгт болон авто машины үнийн төлбөрөөс 6 000 000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн бусад төлбөр төлөгдсөн гэдэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нар маргаагүй” гэжээ. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс авто машины төлбөрийг бүрэн төлсөн тул авто машины өмчлөх эрх шилжсэн гэж маргасан байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт А.М, Б.Э нар нь авто машины үлдэгдлийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулсныг өмнөх үүргийн солихоор тохиролцсон гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болох бөгөөд худалдах худалдан авах үүргийн харилцаа дуусгавар болж талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтанд заасан зээлийн гэрээний харилцаа үүснэ гэж хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд өмнөх авто машин зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг сольсон талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ч байдаггүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байхад хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хариу тайлбартайгаа холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу авто машины мөнгө төлсөн нотлох баримт гаргах, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаагаа шүүх хуралдааны явцад удаа дараа илэрхийлсэн боловч хүлээж аваагүй. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр Б.Э нь А.Моос 10 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлэн аваагүй. Зээлийн гэрээ бодиттойгоор хийгдээгүй, хууль зөрчиж хийгдсэн байх тул нэхэмжлэгч Б.Эаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй байхад шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж шийдвэрлэн зээлийн үндсэн төлбөрт 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 282 зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгүулсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Б.Эт холбогдуулан үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүү 1 440 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 10 440 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 10 0000 төгрөг  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 61-33 УНУ улсын дугаартай бенз Е350 маркийн суудлын автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь гэрээний үнэ 51 000 000 төгрөгөөс 41 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл  10 000 000 төгрөг буюу автомашины үлдэгдэл төлбөрийн үүргийг зохигчид зээлийн үүргээр солихоор тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, сарын 2 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 10 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөг төлж 6 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.   

Зохигчид Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар худалдаж, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалт хэрэглэгдэхгүй. Нэхэмжлэгч мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн зээлийн 6 000 000 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүсэх алдангийг нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 2.5-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зохигчид тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардсан 3 000 000 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй. Мөн нотариатын үйлчилгээний зардал 6 000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохиролд тооцон хариуцагчаас шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв. 

Харин зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дууссан байхад  2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хүү шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Талууд гэрээг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байгуулсан, энэ гэрээний хугацаа хуульд заасан журмын дагуу сунгагдаж, хүү төлөх талаар бичгийн хэлцэл хийгдээгүй байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан журмын дагуу зээлийн гэрээний хугацааг сунгаж, хүү төлөх хугацаа, хэмжээний харилцан тохиролцож бичгийн гэрээ байгуулсны үндсэн дээр дээрх хугацааны хүүг нэхэмжлэх эрх үүснэ.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 8465 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /хх70/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01605 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

 

    ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                  А.МӨНХЗУЛ