| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0557/Э |
| Дугаар | 570 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 570
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч А.Мөнхзул,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Г-н С-д холбогдох эрүүгийн 1808024050719 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.С нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Ч.Бийн баруун гарын шуун тус газар нь заазуураар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.С нь нөхөр Ч.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим би ажлаасаа гэртээ ирсэн чинь манай эхнэр С бага зэрэг архи уучихсан байхаар нь би С-г “чи архи уулаа” гээд ууралсан. Тэгээд маргалдаж байгаад би С-н мөр лүү нь нэг удаа гараараа зөөлхөн цохьсон юм. Тэгсэн чинь С гартаа барьж байсан хутгаараа миний баруун гарыг зүсчихсэн юм. Тухайн үед манай эхнэр хоол хийх гээд хутгаар төмс хэрчиж байсан юм...гэх мэдүүлэг /хх-7-8/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5948 дугаартай:...Ч.Б-ийн биед баруун гарын шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-23/,
- Гэр бүлийн хүчирхийлэл нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-31-35/
- шүүгдэгч Г.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөө нөхөр ажилдаа явчихсан юм. Тэгээд би гэртээ байж байхдаа үлдсэн тал шил архиа ганцаараа уучихсан бөгөөд орой нөхрийгөө ирэхэд нь халамцуу хоол ундийг нь хийгээгүй мах хөшиглөөд байж байтал нөхөр уурлаад маргалдсан юм. Тэгээд маргалдаж байгаад намайг гараа зангидаад намайг цохих гээд байхаар нь би зүгээр бай гээд гараараа түлхэхдээ хутга барьчихсан байсан гараараа Бийн баруун гарын шууг нь зүсчихсэн юм. Б-ийн гарнаас цус гарсан чинь түргэн дуудсан ба цагдаа нар түрүүлээд хүрээд ирсэн юм....гэх мэдүүлэг /хх-70-73/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоолож байна.
Иймд шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч хоёр нь 2008 оноос хойш 1 гэрт хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан нотлох баримттай байх тул шүүгдэгчийг тухайн хэргийг үйлдэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-18-19/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Уг хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг хутгыг зохих журмын дагуу устгасугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР