| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2508024381344 |
| Дугаар | 2025/ДШМ/1271 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1271
2025 11 11 2025/ДШМ/1271
Э.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Солонго,
шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,
нарийн бичгийн П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2508024381344 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э-,
Шүүгдэгч Э.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***тоотод гэртээ хадам аав болох П.Г-ын толгой, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Э-д сануулж, шүүгдэгч Э.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 500.000 төгрөг төлөгдсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг, ЭМДЕГ-т 363.050 төгрөг тус тус төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Хөнгөн атлетикаар хичээллэдэг тамирчин хүний хувьд сэтгэлзүйн асар ачаалалтай ажилладаг байж архи амссан нь миний алдаа болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө бүрэн илэрхийлж буй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Гэр бүлийн хооронд үүссэн үл ойлголцлоос үүдэн тус гэмт хэрэг гарсан. Шүүгдэгчийн хадам аав П.Г- “Э.Э- эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эргэж байсан, мөн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Одоо өвчин зовуурьгүй болсон” гэдэг бичгийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Шүүгдэгч хохирогчид 500.000 төгрөгийг дансаар өгч, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирох эрүүгийн хариуцлага оногдуулсан, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***тоот гэртээ хадам аав болох П.Г-ын толгой, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч П.Г-ын “...манай хүргэн Э.Э- согтуу орж ирээд эхнэр О-ийгээ зодож байхаар нь би “Чи одоо боль, унтаж амар” гээд маргааныг зогсоож, салгах гэсэн боловч намайг буйдан руу түлхэж унагааж, дээр минь сууж байгаад хоёр удаа толгой руу цохисон. ...” /хх 9-10/,
гэрч Г.О-ийн “...миний толгой дээр дараад “чи намайг үхээч гэж ярьдаг, чи бид хоёрын нэг нь үхэж байж салах юм байна даа” гэж хэлээд өвтгөөд байхаар нь би цаашаа түлхэж болиулаад “чи ямар ядаргаатай юм, аль эсхүл чи гар” гэсэн чинь “чи муу гуйлгачин өөрөө гар, зайл” гэж хөөгөөд, би хүүхэд рүүгээ эргээд харсан араас толгой хэсэг рүү харанхуйд олон удаа цохисон. Тэгэхээр нь би “аллаа” гэж орилсон чинь аав босож ирээд “чи ямар сонин залуу вэ” гэж хэлээд бидний дундуур орж салгахад аавын толгой нүүр лүү цохихоор нь би “аавыг аллаа чи” гэж хэлээд Э-ийн биеэс татаж авах гэсэн намайг ор луу савж цохиж унагачихаад аавыг зодоод байсан. ...” /хх 21, 57/,
Э.Э-ийн яллагдагчаар өгсөн “...маргалдаж байхад хадам аав дундуур орж ирэхээр нь би уурандаа нүүрэн тус газар хоёр удаа цохисон. ...” /хх 43/ гэсэн мэдүүлгүүд,
“...П.Г-ын биед хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6175 дугаар дүгнэлт /хх 23-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Э-ийн хохирогч П.Г-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Э- болон түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин шүүгдэгч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх үндэслэл үүсдэг.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн ялаас чөлөөлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2188 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН