Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 674

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,                

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Ж.Алтанбат, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ

Хохирогч Н.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Жамъянгаравын Алтанбатад холбогдох эрүүгийн 1809000000694 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум 2 дугаар баг, Цагаан чулуутын 41-01 тоотод бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр шийтгэл тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 233 дугаар шийтгэл тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ФБ 75062271 / Тайж овогт Жамъянгаравын Алтанбат нь:

 

- 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Сүүн шүдхэн” эмнэлэгийн эмчилгээний өрөөнд нэвтэрч цагаан өнгөтэй рентген зураг авах зориулалттай аппарат, ломбо шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Билгүүнд 13.860.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 05-08, 19 /

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 11-17 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28-30 /

 

Хохирогч Н.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: …Манай “Сүүн шүд” хүүхдийн шүдний эмнэлэг нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Төв зөвлөлийн 52 дугаар байрны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг 30 минутын үед манай ажилчдыг хувцас солих өрөөнд байхад гаднаас үл таних хүн орж ирээд манай эмнэлгийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй рентген зураг авах зориулалттай 10.000.000 төгрөгийн үнэтэй аппарат, гэрлээр шарах үзэгний хэмжээтэй 5.000.000 төгрөгийн аппарат 1 ширхэг тус тус хулгайд алдсан. Хулгай хийсэн хүний дүрс бичлэг манай эмнэлгийн хяналтын камерт хадгалагдаж үлдсэн гэжээ. / хх 22-24 /

 

Гэрч М.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Эмнэлэгийн зүгээс хулгайчийг олохоор фейсбүкт бичлэг тавьсаны дагуу Хорооллын эцэст амьдардаг Алтансүх гэх залуу хулгайчийг Зайсанд аппарат үүрээд явж байхад нь тааралдаад барьж авсан. Одоо надад аппарат байна гэж 99112635 дугаарын утсаар надад мэдэгдсний дагуу цагаан өнгийн рентген зураг авах аппаратаа шагналын 300.000 төгрөг өгч авсан. Алтансүх шагналаа аваад аппарат хүлээлгээд өгчихөөд яваад өгсөн гэжээ. / хх 22 /

 

Яллагдагч Ж.Алтанбат мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Дэлгүүр бололтой нэг газрын хаалга онгорхой байхаар нь дотогшоо ороход хүнгүй байх шиг байсан. Тэгэнгүүт нь би нэг өрөөний хаалгаар ороход мөн хүн байхгүй болохоор нь ороод ширээний тавцан дээр байсан цагаан өнгийн том хэмжээтэй аппарат шиг зүйл байхаар нь авч нуруундаа үүрээд мөн угаалтуур дээр байсан жижиг шүдний сойз шиг хэмжээтэй улаан өнгийн зүйлийг авч халаасандаа хийсэн. Тэгээд би эдгээр зүйлсийг хулгайлсныхаа дараа гарч алхаад Зайсангийн тийшээ явж байгаад зам дагуу байрлах Супер маркет руу орж жижиг шилтэй Ерөөл архи аваад гарч ирсэн. Тэгээд зүүн талын халаасандаа хийсэн байсан жижиг улаан өнгийн зүйлийг тэмтрээд үзэхэд байхгүй байсан. Би бодохдоо дэлгүүрт унагаачихсан байж магадгүй. Тэгээд 120-ын тэмээтэй хөшөө рүү явж байтал нэг зүс үл таних залуу цагдаа байна гэж хэлээд нөгөө аппаратыг аваад явсан. Удалгүй энгийн хувцастай 3 цагдаагийн албан хаагч ирээд намайг барьсан гэжээ. / хх 42-44 /

 

Яллагдагч Ж.Алтанбатыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 66 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Алтанбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би дэлгүүр байна гээд ортол эмийн сан шиг байсан. Хүн байхгүй болохоор нь аппарат, үзэг шиг юм хоёрыг мөнгө болгох зорилготой авсан. Архи ууж яваад замдаа үзэг шиг зүйлээ гээсэн байсан. Аппаратаа буцааж өгсөн. Ажил хийж хохирлоо төлнө. Хохирогчоосоо уйчлалт гуйж байна гэв.

 

Хохирогч Н.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай эмнэлэг дөнгөж нээгдээд ажилчид хувцсаа солих хооронд үл таних хүн орж ирээд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй рентген зураг авах зориулалттай 10.000.000 төгрөгийн үнэтэй аппарат, ломбо шарах үзэгний хэмжээтэй 5.000.000 төгрөгийн аппарат хоёрыг хулгайлаад явсан байсан. Бид тэр дор нь гадуур эрж хайсан боловч олдоогүй. Тэгээд фейсбүүкэд тавьтал хулгайчийн байгаа газрыг зааж өгсөн.  Аппаратыг буцаан авсан. Гэрлээр шарах аппаратны үнэ 4.950.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч Ж.Алтанбат нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Сүүн шүдхэн” эмнэлгийн эмчилгээний өрөөнд нэвтэрч цагаан өнгөтэй рентген зураг авах зориулалттай аппарат, ломбо шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Билгүүнд 13.860.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 05-08, 19 /,    ...Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 11-17 /,   ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28-30 /,   ... Ажилчдыг хувцас солих өрөөнд байхад гаднаас үл таних хүн орж ирээд манай эмнэлгийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй рентген зураг авах зориулалттай 10.000.000 төгрөгийн үнэтэй аппарат, ломбо шарах үзэгний хэмжээтэй 5.000.000 төгрөгийн аппарат 1 ширхэгийг тус тус хулгайлсан байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Н.Билгүүний мэдүүлэг / хх 22-24 /,   …Фейсбүкт бичлэг тавьсны дагуу Хорооллын эцэст амьдардаг Алтансүх гэх залуу хулгайчийг Зайсанд аппарат үүрээд явж байхад нь тааралдаад барьж авсан байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч М.Эрдэнийн мэдүүлэг / хх 22 /,   ... Дэлгүүр бололтой нэг газрын хаалга онгорхой байхаар нь дотогшоо ороход хүнгүй ширээний тавцан дээр байсан цагаан өнгийн том хэмжээтэй аппарат, шүдний сойз шиг хэмжээтэй улаан өнгийн зүйлийг авсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч Ж.Алтанбатын мэдүүлэг  / хх 42-44 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Алтанбатыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг буцаан өгсөн, түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс шүдний ломбо шарах аппаратны үнэ 4.950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Билгүүнд олгож, Ж.Алтанбатын цагдан хоригдсон 53 хоногийн эдлэх ялд оруулан тооцов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

                                                                                    

1. Тайж овогт Жамъянгаравын Алтанбатыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Жамъянгаравын Алтанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Алтанбатын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Алтанбатын цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулсан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ж.Алтанбатаас 4.950.000 төгрөгийг гаргуулан хохирогч / Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 147-41 тоот, РД: УШ 89032837 / Н.Билгүүнд олгосугай.

 

7. Шүүгдэгч Ж.Алтанбатыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Алтанбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ