Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/1142

 

 

 

 

 

 

     2025          09            24                                          2025/ДШМ/1142

 

М.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Халиунаа,

шүүгдэгч М.Б өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1493 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2508008510306 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М.Б,  ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ********* дүүргийн ** дүгээр хороо, **** 00-0а тоотод байрлах “Авто лидер” гаражид хохирогч Д.Т эзэмшлийн 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 25-17 УББ улсын дугаартай “ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг 3 хоногийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан урьдчилгаа 1,000,000 төгрөг, 3 хоногийн түрээсийн 1,050,000 төгрөгийг шилжүүлэн авч явсан ба улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 34-н гүүрний ойролцоо байрлах гаражид хохирогч Н.Ц уулзаж “алт ухна... манай дүүгийн машин...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Ц 37,100,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5015241977 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу нийт 117,100,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: М.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: М.Б “...үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч М.Б оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болох “Тоёота Ланд Круйзер 200” маркийн **-** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Д.Т буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт Д.Т нь хохирогч биш гэж үзэж байна. Д.Т нь найз Б.Г хамтаар машин түрээслэх гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд /хх-35/ талд автомашин түрээслэх гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Г нь М.Б байгуулж, талууд түрээсийн гэрээндээ түрээслэгч гэрээнд заасан автомашиныг түрээслэн авч, ашиглах, хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зориулалтын дагуу ашиглаж тогтоосон хугацаанд түрээсэлсэн автомашиныг анх хүлээн авсны дагуу бүрэн бүтэн хүлээлгэж өгөх, ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээ сэлбэгийн зардлыг төлөх түрээсийн төлбөр зэрэг бусад үүргийн харилцааг энэхүү гэрээгээр зохицуулан гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагаас 12-ны 15 цаг хүртэл 1 хоногийн хугацаатай байсан. Талууд нэг өдрийг 350,000 төлбөрийг тооцсон. “ХААН” банканд төлсөн байгаагаар түрээсийн харилцаа нь хуульд нийцсэн гэж үзэж байна. /хх-5/ талд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр **-** УББ улсын дугаартай хар өнгийн “Ланд Крузейр” маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн 2 толь, 4 дугуй, хойд салхины шил, 4 талын цонх улсын дугаар бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл харагдахгүй байх ба үзлэгийг цааш үргэлжлүүлэн Н.Ц үлдээсэн. /хх-66/ талд **-** УУБ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” тээврийн хэрэгслийг хураан авч хохирогч Д.Т хариуцуулсан байна. Д.Т нь түрээсийн гэрээгээр ямар эд хөрөнгөөр М.Б хохироогүй гэмт хэргийн хохиролд оруулан тооцож зүйлчлэлийг хүндрүүлсэн нь буруу гэж үзэж байна. М.Б, Н.Ц иргэд хоорондын зээлийн гэрээгээр буюу иргэний хуулийн 281 заалтыг прокуророос буруу тайлбарлан хэрэглэсэн байх М.Б өөрийн эзэмшилд байх хугацаанд иргэн Н.Ц 40,000,000 төгрөгийн зээл авч хүүгийн хамтаар төлж дуусгасан байна. Хохирогч Н.Ц 40,000,000 төгрөг зээл авсан гэх үйлдлийг гэмт хэргийн хохирлоор бодитойгоор шууд хохиролд тооцоход нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээ гэсэн хуулийн ойлголтоор үлэмж хэмжээнд хамрагдаж байгаа тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 17.3.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх, шийтгэх тогтоолын 2 хэсэгт М.Б эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 арван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний зүйлчлэлд буюу 10,000,000 арван сая төгрөгөөр өөрчлөлт оруулж торгуулийн ялыг багасгаж өгнө үү... Хэрэгт Д.Т нь хохирогч биш гэж үзэж байна. Д.Т нь найз Б.Г хамтаар машин түрээслэх гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд талд автомашин түрээслэх гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Г нь М.Б байгуулж, талууд түрээсийн гэрээндээ түрээслэгч гэрээнд заасан автомашиныг түрээслэн авч, ашиглах, хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зориулалтын дагуу ашиглаж тогтоосон хугацаанд түрээсэлсэн автомашиныг анх хүлээн авсны дагуу бүрэн бүтэн хүлээлгэж өгөх, ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээ сэлбэгийн зардлыг төлөх түрээсийн төлбөр зэрэг бусад үүргийн харилцааг энэхүү гэрээгээр зохицуулан гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагаас 12-ны 15 цаг хүртэл 1 хоногийн хугацаатай байсан. Талууд нэг өдрийг 350,000 төлбөрийг тооцсон “ХААН” банканд төлсөн байгаагаар түрээсийн харилцаа нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 25-17 УББ улсын дугаартай хар өнгийн “Ланд Крузейр” маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн 2 толь 4 дугуй хойд салхины шил 4 талын цонх улсын дугаар бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл харагдахгүй байх ба үзлэгийг цааш үргэлжлүүлэн Н.Ц үлдээсэн “Тоёота Ланд Крузейр 200” тээврийн хэрэгслийг хураан авч хохирогч Д.Т хариуцуулсан байна. Д.Т нь түрээсийн гэрээгээр ямар эд хөрөнгөөр М.Б хохироогүй гэмт хэргийн хохиролд оруулан тооцож зүйлчлэлийг хүндрүүлсэн нь буруу гэж үзэж байна. М.Б, Н.Ц иргэд хоорондын зээлийн гэрээгээр буюу иргэний хуулийн 281 заалтыг прокуророос буруу тайлбарлан хэрэглэсэн байх М.Б өөрийн эзэмшилд байх хугацаанд иргэн Н.Ц 40,000,000 төгрөгийн зээл авч хүүгийн хамтаар төлж дуусгасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Б анхнаасаа залилангийн санаа зорилготой түрээсийн гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг авсан гэдгийг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. 2025 оны 01 дүгээр сарын үеэр найзтайгаа алт олборлох талаар тохиролцож, “багаж худалдаж авах хэрэг гарсан” гэж хэлсэн. Мөн шүүгдэгч “манай дүүгийн машин” гэж итгүүлж ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан үйл баримт тогтоогддог. Хохирогч тухайн тээврийн хэрэгсэл байршил тогтоох төхөөрөмжтэй байсан учраас тээврийн хэрэгслийг олж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Хохирогч Н.Ц өмнө болсон харилцааны итгэлийг ашиглаж, тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж бусдад их хэмжээний хохирол учруулсан нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч М.Б өмгөөлөгч Т.Мөнхтуяа “гэмт хэргийн шинжгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр М.Б холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ***** дүүргийн ** дүгээр хороо, *** 00-0а тоотод байрлах “Авто лидер” гаражид хохирогч Д.Т эзэмшлийн 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий **-*-* УББ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг 3 хоногийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан урьдчилгаа 1,000,000 төгрөг, 3 хоногийн түрээсийн 1,050,000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар тухайн өдрөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 34-н гүүрний ойролцоо байрлах гаражид “...алт ухна” манай дүүгийн машин...” гэж хохирогч Н.Ц хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 37,100,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5015241977 тоот дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний буюу нийт 117,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Т “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм..... Би хувиараа “Авто Лидер” нэртэй авто засварын газар ажиллуулдаг ба мөн хажуугаар Ганзориг ахтай хамт машин түрээсэнд явуулдаг. Гэхдээ би энэ ажилд нь нэг их оролцоод байдаггүй. Ганзориг ах л явуулдаг юм., ...Г ах надад хэлэхдээ түрээсийн гэрээгээр нэг хүнд өгч явуулсан л гэж байсан...” /хх-ийн 11-12/,

гэрч Б.Г “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80637117 дугаарын утаснаас миний 880***** дугаарын утас руу залгаад ...“...Тоёота Ланд Круйзер 200 түрээсэлнэ...” гэхээр нь зөвшөөрөөд тухайн өдрөө *********** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-н тойргийн “Авто лидер” авто гараж дээр М.Б гэх залуу ирээд, машиныг маань үзэж харж байгаад түрээсийн гэрээ хийгээд авч явахаар болоод урьдчилгаа 1,000,000 төгрөг өгөөд 1 хоногийн түрээсийн 350,000 төгрөг өгөөд авч явсан ба 1 хоногийн хугацаанд авч явна гэсэн юм. Тэгээд маргаашаас бас сунгалт хийгээд нийт 2 хоногийн 700,000 төгрөг шилжүүлээд нийт 3 хоног авч явсан. Өчигдөр орой 17 цаг 00 минут гэхэд хугацаа нь дуусаад дахиж сунгана гээд байхаар нь би сунгахгүй гэсэн юм. Учир нь машиндаа GPS төхөөрөмжтэй хаана байгааг нь тогтмол харж байсан ба нэг газраа 4 хоносон болохоор нь машинаа шалгая гээд өнөөдөр GPS-н дагуу *********** дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны тэндээс хайж олсон юм. Тэгтэл айлын хашааны гадаа байсан ба тухайн айлын хүмүүстэй уулзахад нэг залуу гарч ирээд “...М.Б гэдэг хүн надаас 40,000,000 төгрөг зээлээд барьцаанд машинаа үлдээгээд яваад өгсөн юм...” гэж байсан юм... Тухайн **-** УББ улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл нь найз Т нэр дээр байдаг. Т эзэмшлийн машин байгаа юм. Би хамт л ажиллаж түрээсийн гэрээг нь хариуцдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

гэрч Б.Г “... Миний санаж байгаагаар 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз Мөнхбаяр над руу залгаад “гаражинд нэг машин хэд хонуулчихъя” гэхээр нь би зөвшөөрөөд хашаан дотор гаражинд байршуулсан юм. Тухайн үед би буяны ажилтай гадуур явж байсан тул ямар хүн авч ирж тавьсан талаар мэдэхгүй байна, найз М надад хэлэхдээ Ц гэдэг хүн л аваачиж тавих байх гэсэн юм. Тэгээд тухайн өдрөөс хойш манай хашаанд **-** УББ улсын дугаартай хар өнгийн “Тоёота Ланд Круйзер 200” маркийн тээврийн хэрэгсэл байрлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

иргэний нэхэмжлэгч Н.Ц “...**-** УББ улсын дугаартай хар өнгийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл уначихсан ирсэн ба надад хэлэхдээ “...манай дүүгийн машин байгаа юм, дүү маань Баян-Өлгий рүү алт ухах гээд явж байна, 10 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, машинаа оронд нь барьцаанд үлдээчихье, 10 хоночхоод ирээд авъя...” гэхээр нь “...хэдэн төгрөг зээлэх юм гэхэд 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, 10 хувийн хүү өгнө” гэхээр нь  зөвшөөрөөд тухайн үед өөрийн 5005230386 тоот данснаас М.Б 5015241977 тоот данс руу 16,000,000 төгрөг шилжүүлээд, маргааш нь үлдэгдэл 3,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд машиныг нь 1 дүгээр хорооллын тэнд байрлах гараж нь даа байршуулж үлдээгээд, түлхүүрийг нь авч үлдсэн ба М.Б 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр над руу залгаад “...дахиад мөнгө хэрэг болж байна, 20,000,000 төгрөг болохоор байна, тэсэлгээний бодис авах гэсэн юм...” гээд хэлэхээр нь би зөвшөөрсөн ба өмнөх 20,000,000 төгрөгийн 10 хувийн хүү 2,000,000 төгрөгөө авч үлдээд 18,000,000 төгрөг шилжүүлчих гээд өөрийнх нь данс руу шилжүүлсэн юм. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад тухайн машиныг гаражнаас баруун салаанд байрлах гэртээ аваачиж хашааны гадаа тавьсан юм. Тэгсэн одоо өдрийг нь санахгүй байна, 13 цагийн үед танихгүй залуу ирээд машинаа авъя гээд байсан ба ямар учиртай болох талаар асуухад би машин түрээсэлдэг юм. М.Б гэх залуу миний машиныг түрээсээр аваад явсан гээд түрээсийн гэрээ үзүүлэхээр нь би М.Б хүүгийнх нь машин биш гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/,

М.Б сэжигтнээр өгсөн“...Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авч нэрийг нь мэдэхгүй байна, холбогдож байгаад 32-н тойргийн тэндээс түрээсийн гэрээ хийгээд авч явсан. Би тухайн үед алт ухах хэрэгтэй болоод машин хэрэг болох гээд авсан ба бас мөнгө хэрэг болоод хүнээс машин түрээсээр аваад барьцаанд үлдээгээд мөнгө авч болдог гэж байсан тул машин түрээсээр авсан юм... Би тухайн “Тоёота Ланд Круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд үлдээхдээ “алт ухахаар явна, багаж хэрэгсэл авах хэрэгтэй болчхоод” гэж хэлж л барьцаанд үлдээсэн... Би Н.Ц авсан мөнгөө бүгдийг нь онлайн покер тоглоод алдчихсан, уг нь өсгөчихье гэсэн санаатай байсан...” /хх-ийн 23-24/ гэх мэдүүлэг,

“...***-Д-ийн ** дүгээр хороо, **** 0-р гудамж 0 тоот хашаанд **-** УББ улсыг дугаартай хар өнгийн ланд круйзер тээврийн хэрэгсэлд үзлэг хийв...бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй...” гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/,

“Г.Б нарын хооронд байгуулсан автомашин түрээслэх гэрээ /хх-ийн 35-38/,

“...**-**  УББ Тоёота Ланд Круйзер 200...” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 45/,

“...Тоёота Ланд Круйзер 200... тээврийн хэрэгслийн үнэлгээг 80,000,000 төгрөгөөр тогтоосон...” “Тэргүүн үнэлгээ” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25/002 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх 29-30/,

Н.Ц “ХААН” банкны 5005230386 тоот дансны хуулга /хх-ийн 43-44/, М.Б “ХААН” банкны 5015241977 дугаартай дансны хуулга /хх-ийн 47-58/, М.Б дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-63/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч М.Б “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Б өмгөөлөгч Т.Мөнхтуяа...торгох ялыг багасгаж өгнө үү...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдааны үед “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад  заасны гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж гэм буруугийн талаар маргаж оролцжээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан, итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

Шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд үүссэн өөрийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор хохирогч Д.Т “эзэмшлийн ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээ байгуулан барьцаа болон хоногийн түрээсийн төлбөрийг төлж аваад, хохирогч Н.Ц “...алт ухна...манай дүүгийн машин...”  гэх бодит байдал дээр байхгүй хуурмаг нөхцөл байдалд итгүүлэх аргаар хуурч мэхлэн зээл авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд машины үнэлгээ болон авсан зээлүүдийг хохиролд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд “машин түрээслэх гэрээ...зээлийн гэрээ...” гэх гэрээнүүд хийгдсэн боловч энэ гэрээнүүд нь шүүгдэгчийн хариу төлбөр огт хийхгүй байх сэдэлтээр тухайн цаг хугацаанд үүссэн санхүүгийн хэрэгцээгээ /покер тоглох/ хангах зорилгоор хийгдсэн тул үүнийг хууль ёсны дагуу хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй юм. 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих, торгох ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1493 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                        Н.БААСАНБАТ

            ШҮҮГЧ                                                                        Г.МӨНХТУЛГА