Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1272

 

 

    2025           11             11                                         2025/ДШМ/1272

 

Э.Э-, М.С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Бат-Оргил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбилэг,

шүүгдэгч Э.Э-, М.С-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батжаргал,

нарийн бичгийн Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С- болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Э-, М.С- нарт холбогдох эрүүгийн 2509000001121 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э-,

 

2. С-,

 

Шүүгдэгч Э.Э-, М.С- нар нь урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэж, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****”-наас Э.Э-гийн нэр дээр бүртгэлтэй “*****”-ны ***** тоот данс, М.С-гийн нэр дээр бүртгэлтэй “*****”-ны ***** тоот харилцах дансны интернэт банкаар нэгэн зэрэг нэвтрэн орж, банкны системийн доголдлыг далимдуулан нийт 177 удаагийн үйлдлээр дансыг цэнэглэн мөнгийг давхардуулан авах аргаар “*****” данс руу татан авалт хийж, “*****”-наас 136.761.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, санаатайгаар авч, их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Э-, М.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э-, Хаьд овогт Мөнхцогтын С- нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Э-, М.С- нар нь хохирогч “*****” ХК-д 78.291.850 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-, М.С- нараас нийт 58.469.150 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 29.234.575 төгрөгийг гаргуулан хохирогч “*****” ХК-д олгож, шүүгдэгч Э.Э-, М.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, хүлээн зөвшөөрч, гэмшин харамсаж байна. Өөрт оногдсон төлбөр болох 29.234.575 төгрөгийг төлж, банкнаас уучлалт гуйж байна. Би энэ хэрэгт өөрийн биеэр оролцож үйлдэл хийж байгаагүй ч хамт байсан нь үнэн. Иймд намайг урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. ...Би өөрийн гараар тэр үйлдлийг хийж байгаагүй. ...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4-д заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим алдагдсан гэж үзэж байгаа. Манай үйлчлүүлэгч М.С-гийн хувьд гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс харахад анхнаасаа л үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Нөгөө талаар хэргийн 25 дугаар талд М.С-гийн мэдүүлэг авагдсан бөгөөд “мэдүүлэг өгөхгүй” гэсэн байхад мөрдөгч мэдүүлэг авсан. С-д өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар мэдээллийг огт өгөөгүй. Хоёрдугаарт, юу болж өнгөрсөн талаар ерөнхий ярилцлага хэлбэрээр мэдээлэл аваад хөтөлсөн асуултыг асуугаад гэм буруутай юм байна гэж үзчихсэн. Би гэрээ байгуулснаас хойш хоёр удаа очиж уулзсан бөгөөд надад мөрдөгч ийм байдалтай хандсан, ингэж хуурсан, өмгөөлөгчтэй байцаалт өгөх шаардлагагүй, буруутай үйлдлээ зөвшөөрчих, банкны зүгээс иргэний журмаар нэхэмжлэл гаргана, харилцан тохиролцоод асуудлаа шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар хууль мэдэхгүй өсвөр насны буюу дөнгөж 18 насанд хүрсэн хүүхдийг хууран мэхлэх гэдэг юм уу, төөрөгдөлд оруулах замаар мэдүүлэг авсан байдаг. Үүнийг М.С- хэлэх байх. Нөгөөтээгүүр, шийтгэх тогтоолд заасан гэм буруугийн зарчмаас харахад хэд хэдэн зүйл ажиглагдана. Магадгүй М.С- гэм буруутай байлаа гэж үзье. Тэгвэл М.С- өөрийнхөө банкны “аппликейшн” руу орсон. Энэ нь банк болон хэрэглэгчийн хооронд хийсэн тухайн “аппликейшн”-г ашиглах эрхийнхээ хүрээнд өөрийнхөө дансыг ашиглаж байгаа. Хэн нэгний данс руу, хэн нэгний дансны мэдээлэл рүү нууц үгийг нь далд аргаар авч бусдын данс руу ороогүй. Мөн “*****” болон “***** аппликейшн” руу өөрийнхөө эрхээр нэвтэрч орсон байгаа. Хэн нэгний эрх рүү шилжиж ороогүй. М.С-гийн хувьд өөрийнхөө данснаас өөрийнхөө “***** аппликейшн”, “***** аппликейшн” руу шилжүүлэг хийснийх нь төлөө гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй. Учир нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн харилцааг тодорхой зохицуулсан бөгөөд банк эрх бүхий хуулийн этгээдийн харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлгийг хийнэ гэж хуульчилсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчийн шилжүүлгийг төлбөрийн даалгаврыг шалгасны үндсэн дээр харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүнд багтаан хийнэ” гэж заасан. Тодруулбал, урьдчилан үгсэн тохиролцож их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн. Гэвч М.С-гийн үйлдлээс харахад бусдын эрхэд хууль бусаар халдсан зүйл байхгүй. Системийн алдаа, доголдолтой холбоотой асуудал байж болно. Үүнийг банк өөрөө хариуцах үүрэгтэй. Прокуророос шүүгдэгч нарын мэдүүлэг болон дансны хуулгануудаас харахад үржигдэж ороод байна гэж дурддаг. Үржигдэж орсон мөнгөн дүн “*****” банкных байсан уу, “***** аппликейшн” байсан юм уу, эсхүл "***** аппликейшн” байсан уу гэдгийг М.С-, Э.Э- нар мэдээгүй. Хэн нэгний ямар нэгэн хөрөнгийг хулгайлж байна гэж төсөөлөөгүй. Гэтэл энэ цахим мөнгөний гүйлгээтэй холбоотой асуудал дээр хаанаас, хэдэн төгрөг орж ирж байгаа гэдэг нь мэдэгдэхгүй, хэний мөнгө гэдэг нь мэдэгдэхгүй, системийн алдаатай холбоотой ид шидийн мэт хоёр дахин үржигдэж орж ирээд байгаа мөнгийг “*****”-ны мөнгө байна гэж итгээд “*****” мэдэхгүй байгаа мэт хулгай хийгээд байгаа үйлдэл гэж үзсэн. Энэ үйлдлийн шинж буюу шийтгэх тогтоолд дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг бүрэн агуулж байна гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй. Манай үйлчлүүлэгч нарын хувьд тухайн үржигдэж орж ирж байгаа мөнгийг системийн алдаа, томьёоллын алдаа, технологийн алдаа л гэж харсан. Бусдаар Доржийн мөнгө юм байна, Батын мөнгө юм байна гэсэн итгэл үнэмшилтэйгээр хулгай хийж байгаа субьектив сэдэлт, санаа зорилго байгаагүй. Тиймээс манай үйлчлүүлэгч гэм буруугүйгээр бусдад хохирол учруулсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой. Банкны хувьд өөрийн буруутай үйлдэл буюу системийн алдаа доголдлыг нээж гаргаж ирсэнтэй нь холбоотой өөрсдөө залруулгаа хийж байгаа байх гэж найдаж байна. Бусдаар хохирол учруулсантай нь холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас илүү иргэний журмаар шийдвэрлэх ёстой. Учир нь, “*****”, "*****" аппликейшн, "*****" аппликейшн хооронд хамтран ажиллах гэрээ байх ёстой. Энэ гэрээний хүрээнд мөнгөн төлбөрийн гүйлгээ хийж байгаа. Энэ харилцаанаас үүдэлтэй бусдад учирсан хохирлыг банк өөрөө хариуцах үүрэгтэй. Тиймээс манай үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн санаатай үйлдсэн зөрчил байхгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч банкнаас уучлалт гуймаар байна. Би 18 настай, хууль мэдэхгүйн улмаас буруу зүйл хийсэн гэдгээ ухаарсан. Цагдан хоригдож байхдаа хуулийн ном уншаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар бусдын их хэмжээний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэсэн зүйлчлэлээр орж ирснээ мэдсэн. Уучлалт хүсэж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батбилэг тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарын өмгөөлөгч банкны системийн алдааны улмаас шүүгдэгч нарын хийсэн үйлдэл нь гэмт хэрэг биш гэсэн тайлбар хийж байна. Шүүгдэгч нарын хувьд дээрх гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго хэрхэн бий болсон талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн ба “банкнаас мөнгө татах үйлдлийг хаанаас сурсан бэ” гэхэд “YouTube”-ээс гадаад улсын иргэний мөнгө татаж байгаа бичлэг үзэж байгаад турших маягаар “*****”-д данс нээлгээд хоёр гар утсаар зэрэг нэвтрээд “*****” болон “*****” аппликейшн руу цэнэглэлт хийгээд дараа нь мөнгөө татах үйлдлээр оролдлого хийж үзэхэд давхардаж орж ирсэн талаар мэдүүлдэг. Ингээд энэ системийн доголдлыг шүүгдэгч нарын хувьд мэдэж авсны дараа тодорхой хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр Э.Э-н интернэт данснаас 110 удаагийн үйлдлээр мөнгөний таталт хийж 84.192.000 төгрөгийг, М.С-гийн интернэт банкаар 67 удаагийн үйлдлээр таталт хийж 52.569.000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хамаарна. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн тайлбарт дурдагдсан банкны систем нь хөгжүүлэлт муутай буюу банкны буруутай үйлдэл тогтоогдсон ч энэ нь шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэргийн шинж буюу нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр эзэмшилдээ шилжүүлэн авч, тухайн мөнгийг захиран зарцуулсан гэдэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үгүйсгэх үйл баримт болохгүй. Гэмт хэрэг гарахад банкны буруутай үйлдэл тодорхой хэмжээнд байгаа гэдэг үндэслэлээр прокурорын мэдэгдэл бичиж “*****”-д хүргүүлсэн бөгөөд банкнаас системдээ тодорхой хэмжээний хөгжүүлэлтийг хийж байгаа талаар хариу албан бичгийг прокурорын газарт ирүүлсэн. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүндрүүлэн зүйлчилсэн гэх гомдлын тухайд хулгайлах гэмт хэрийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хүндрүүлсэн болохоос бүлэглэж үйлдсэн гэдэг үндэслэлээр хүндрүүлсэн зүйлчилсэн асуудал байхгүй. Шүүгдэгч М.С-гийн гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үйл баримтын тухайд М.С-гийн эзэмшлийн “*****”-ны данснаас 67 удаагийн үйлдлээр 52.569.000 төгрөгийн татан авалт хийж “*****” болон “*****” аппликейшн руу зэрэг татан авалт хийснээр их хэмжээний хохирол учирсан. Шүүгдэгч нарын хувьд дээрх гэмт үйлдлийг хийхдээ хамтран амьдардаг, нэг хаягт оршин суудаг, тухайн гэмт хэргийн санаатай нэгдэж үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хамтдаа захиран зарцуулсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Э.Э-, М.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч М.С- болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Э-, М.С- нар нь урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэж, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****”-наас Э.Э-гийн нэр дээр бүртгэлтэй “*****”-ны ***** тоот данс, М.С-гийн нэр дээр бүртгэлтэй “*****”-ны ***** тоот дансны интернэт банкаар нэгэн зэрэг нэвтрэн орж, банкны системийн доголдлыг далимдуулан нийт 177 удаагийн үйлдлээр дансыг цэнэглэн мөнгийг давхардуулан авах аргаар “*****” данс руу татан авалт хийж, “*****”-наас 136.761.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Балжинсүрэнгийн “...Э.Э-, М.С- нар нь 2025 оны 05 дугаар сард *****ны харилцагчаар бүртгүүлж, харилцах данс нээлгэсэн бөгөөд *****ны “---” бүтээгдэхүүний 200.000 төгрөгийн зээлийг тус тусдаа ашиглан “*****” дэх цахим хэтэвчийг цэнэглэсэн байна. Тус хэтэвч цэнэглэсэн мөнгөн дүнгээ *****ны харилцах данс руугаа буцаан шилжүүлж авсан бөгөөд тухайн мөнгөн дүнг өсгөсөөр их хэмжээний мөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл гаргасан. Э.Э-, М.С- нар нь *****ны аппликейшн нэвтрэх эрхээрээ хоёр төхөөрөмжөөр зэрэг нэвтэрч харилцах данснаасаа нэгэн зэрэг хоёр цахим хэтэвч /***** ба ***** хэтэвч/ цэнэглэх эсхүл нэг хэтэвчийг хоёр дараалан цэнэглэх үйлдэл хийснээр хоёр хэтэвч хоёулаа амжилттай цэнэглэгдсэн. ...Э.Э-н хувьд дээрх үйлдлийг 43 удаа давтан үйлдэж нийт 184.178.500 төгрөгийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлж авсан. М.С-гийн хувьд дээрх үйлдлийг 26 удаа давтан үйлдэж нийт 108.966.600 төгрөгийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлж авсан. Э.Э- болон М.С- нарын дансны хуулганаас харахад харилцан бие бие рүүгээ гүйлгээ хийсэн байх бөгөөд хийсэн үйлдлийн шинж нь адилхан байх тул энэ хэргийг хамтарч үйлдсэн байх боломжтой гэж *****ны зүгээс сэжиглэж байгаа. ...Манай байгууллагад учирсан нийт хохирол нь Э-, С- нар нийлээд 136.761.000 төгрөг байгаа ба тус мөнгөн дүнгээс 9.985.850 төгрөг төлсөн байна. Одоо 126.775.150 төгрөг нэхэмжилж байна. ...” /хх 23, 71/,

Э.Э-н яллагдагчаар өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шөнө youtube суваг дээр биткойны бичлэг яваад байхаар нь сонирхоод үзтэл койн цэнэглэлт хийгээд таталт хийхэд үржигдэж орж ирсэн. Тухайн бичлэгээс туршиж үзмээр санагдаад С-гийн утсыг авч С-гийн хувийн мэдээллээр нь *****ны аппликейшн руу орж эхлээд дансаа тодорхой хэмжээний мөнгөөр цэнэглээд хоёр өөр данс руу таталт хийсэн. Тэгтэл тухайн мөнгө нь үржигдэж орж ирсэн тул бид хоёр ярилцаад цааш нь 10 гаруй хоногийн турш тухайн үйлдлээ үргэлжлүүлж хийсэн. Тухайн үйлдлээрээ нийт 168.000.000 төгрөгийн татан авалт хийсэн ба би өөрийн ***** дахь хувийн мэдээллээр мөн нэвтэрч дээрх үйлдлийг хийхэд мөн адил үржигдэж орж ирж байсан...” /хх 46/,

М.С-гийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 0 дугаар сарын 03-ны өдөр Э- надад “youtube дээр биткойны бичлэг яваад байна, чи утсаа өгч бай” гээд миний утсыг аваад миний мэдээллээр *****ны аппликейшн руу орж мөнгө татсан. Тэгтэл тухайн мөнгө нь үржигдэж орж ирсэн тул бид хоёр ярилцаад 10 гаруй хоногийн турш тухайн үйлдлээ үргэлжлүүлж хийсэн. Тухайн үйлдлээрээ нийт 168.000.000 төгрөгийн татан авалт хийсэн..." /хх 55/ гэсэн мэдүүлгүүд,

 

Э.Э-н Хаан банкны 5530161898 болон *****ны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 81-102, 109-112/, М.С-гийн эзэмшлийн *****ны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 106-108/, “*****” ХК-ний хууль ёсны төлөөлөгч М.Балжинсүрэнгээс гарган өгсөн хохирлын тооцоо /хх 113/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн Э.Э-, М.С- нарын урьдчилан тохиролцож, банкны системийн доголдлыг ашиглан бусдын их хэмжээний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэлгүйгээр хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-, М.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал “...Гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж дүгнэсэн нь буруу, ...банкны алдааг харилцагчийн алдаа болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

 

Шүүгдэгч Э.Э-, М.С- нарт холбогдох хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар нь Э.Э-н ***** “аппликейшн” луу хоёр төхөөрөмжөөс нэгэн зэрэг нэвтэрч, “*****” цахим хэтэвчийг тодорхой дүнгээр цэнэглэх үйлдлийг мөн адил нэгэн зэрэг хийж, 1 дэх цэнэглэлт нь амжилттай болж, 2 дахь цэнэглэлт нь амжилтгүй гэсэн алдаагаар тухайн мөнгөө *****ны данс руугаа буцаан авах зэргээр 177 удаагийн гүйлгээ хийж, 136.761.000 төгрөгийг өөрсдийн эзэмшдэг дансаар шилжүүлж авсан үйл баримт тогтоодож байх бөгөөд энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Э.Э-, М.С- нар нь *****ны аппликейшн нэвтрэх эрхээрээ хоёр төхөөрөмжөөр зэрэг нэвтэрч харилцах данснаасаа нэгэн зэрэг хоёр цахим хэтэвч /***** ба ***** хэтэвч/ цэнэглэх эсхүл нэг хэтэвчийг хоёр дараалан цэнэглэх үйлдэл хийснээр хоёр хэтэвч хоёулаа амжилттай цэнэглэгдсэн. ...Э.Э-н хувьд дээрх үйлдлийг 43 удаа давтан үйлдэж нийт 184.178.500 төгрөгийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлж авсан. М.С-гийн хувьд дээрх үйлдлийг 26 удаа давтан үйлдэж нийт 108.966.600 төгрөгийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлж авсан. ..” гэсэн мэдүүлэг нь Э.Э-, М.С- нарын яллагдагчаар өгсөн “...*****ны “аппликейшн” руу орж эхлээд дансаа тодорхой хэмжээний мөнгөөр цэнэглээд хоёр өөр данс руу таталт хийсэн. Тэгтэл тухайн мөнгө нь үржигдэж орж ирсэн тул бид хоёр ярилцаад цааш нь 10 гаруй хоногийн турш тухайн үйлдлээ үргэлжлүүлж хийсэн. ...” гэсэн мэдүүлгүүд, Э.Э-, М.С- нарын Хаан банкны  болон *****ны дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогджээ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон шүүгдэгч Э.Э-, М.С- нарын банкны системийн доголдлыг ашиглан бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч нарын үйлдлийг “гэм буруугүй” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

 

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

 

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой..

 

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх учиртай.

 

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

 

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Э.Э- нь “youtube” сувгаас бичлэг үзэж М.С-гийн утсаар банкны “аппликейшн” руу нэвтэрч мөнгө үржигдэж орж байгаа эсэхийг туршиж үзэн энэ талаар түүнд хэлж, тэд урьдчилан тохиролцож тодорхой хугацааны турш дээрх үйлдлээ давтамжтай хийсэн нөхцөл байдлаас үзэхэд гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дугаар зүйлийн 3 дэх хэсгийг журамлан хэргийн зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3. Э.Э-, М.С- нар *****ны харилцагчид, өөрсдийн нэр дээр нээгдсэн хууль ёсны данс, зээл, цахим хэтэвчийг ашиглахдаа хууль ёсны хэрэглэгчийн эрхээрээ M банкны “аппликейшн”-д хоёр төхөөрөмжөөр зэрэг нэвтрэхэд банкны сервер хариу үйлдлийг давхар гүйлгээгээр боловсруулсан. Эхний гүйлгээ амжилттай болж, хоёр дахь нь системийн хувьд “амжилтгүй” гэж бүртгэгдсэн боловч, хэтэвч талд хоёр гүйлгээ хоёулаа амжилттай цэнэглэгдсэн гэсэн мэдээлэл системд ирсэн нь “transaction duplication” буюу банкны системийн алдаа юм.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгоно.” гэж хуульчилсан.

 

Тодруулбал, банк өөрийн систем, техник, хүний үйлдлийн алдаанаас болж харилцагчид хохирол учруулсан бол тэр хохирлыг банк өөрөө хариуцахыг ойлгохоор тусгасан ба хохирогч нь системийн алдааг огт мэдээгүй байхыг хэлнэ.

 

Хэрвээ гүйлгээ буруу хийгдсэн бол буцаах, харилцагчийн данснаас илүү мөнгө суутгасан бол нөхөн төлөх, харилцагчийн дансанд дутуу орсон бол гүйлгээг дахин баталгаажуулах, гүйлгээ хийх явцад банкны алдаанаас болж хохирол (хоцролт, торгууль, зээл төлбөрийн алдагдал гэх мэт) гарсан бол түүнийг банк нөхөн төлөх буюу харилцагчийг хохиролгүй болгоно. Тодруулбал, дээрх заалт нь зөвхөн банкны өөрийн алдаанаас болж, харилцагч хохирсон тохиолдолд үйлчилнэ.

 

Харин харилцагч өөрөө санаатайгаар системийн алдааг ашигласан тохиолдолд энэ заалт харилцагчийг хамгаалах үндэслэл болохгүй бөгөөд харилцагч системийн алдааг мэдэж байж ашигласан бол тэр нь банкны “алдаа” биш, харин “алдааг ашигласан хууль бус үйлдэл” юм.

 

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч нар нь цахим сайтаас банкны систем болон “аппликейшн”-тай холбоотой бичлэг үзэж, түүнийгээ өөрсдийн нэр дээр бүртгэлтэй цахим хэтэвч, “аппликейшн” дээр оролдлого хийж, уг үйлдэл нь амжилттай болсныг дараагаар тухайн үйлдлээ /гүйлгээгээ/ 19 хоногийн турш давтамжтайгаар хийсэн бөгөөд тэдгээрт ямар нэгэн байдлаар огт хохирол учраагүй, харин ч банкны системийн алдааг нэг данснаас хоёр гүйлгээг нэгэн зэрэг хийх байдлаар ашиглан өөрсдөдөө их хэмжээний мөнгө авсан давтамж, тогтмол давтагдсан үйлдлийг санаатай, урьдчилан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С- болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э-, М.С- нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 53 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2193 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С- болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-, М.С- нарын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ОДОНЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                        П.ГАНДОЛГОР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН