| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0659/Э |
| Дугаар | 676 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Шүүгдэгч Ж.Баатарцогт,
Хохирогч Б.Дажидмаа, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт овогт Жүжмаагийн Баатарцогтод холбогдох эрүүгийн 1803005010278 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Ногооны 2-30 дугаар байр 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УШ 59060816 / Цогт овогт Жүжмаагийн Баатарцогт нь:
- 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг 25 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Засгийн газрын ордны зүүн хойд уулзварын замд өөрийн эзэмшлийн Тоуоta Harrier маркийн 55-58 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Дажидмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-11 /
Явган зорчигч болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас / хх 13- 14 /
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17-20 /
Хохирогч Б.Дажидмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ сургууль орохоор ганцаараа Засгийн газрын ордны зүүн хойд талын явган хүний гарцтай гэрэл дохиогоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарахаар болоод явган зорчигчийн зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарах үед миний зүүн гар талаас нэг машин орж ирээд хойноос мөргөчих шиг болсон. Машин намайг урдаа аваад түрээд яваад байсан. Тэгээд зогссон. Нэг эгч над дээр ирчихээд “Хүн аллаа ш дээ” гэж орилох үед би ухаан орсон. Жолооч ах над дээр ирээд “Босож чадах уу, Эмнэлэг явъя” гэж байсан. Би босож чадахгүй болохоор газар суусан. Миний нуруугаар өвдөөд байсан. Тэгээд цагдаа, түргэн ирээд намайг аваад явсан. Би явган зорчигч явахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарсан гэжээ. / хх 28-29 /
Гэрч Ч.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Сар, өдрийг нь санахгүй байна. Тэр өглөө 10 цаг өнгөрч байхад би гэртээ харихаар Засгийн газрын ордны зүүн талын гэрэл дохиотой явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруун тийшээгээ явган хүнийг гарахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан. Миний урдаас нэг эмэгтэй бусад хүмүүсийн урд талд нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ урагшаагаа эргэж орсон. Тоёота Харрер маркийн автомашин уг эмэгтэйг мөргөөд зогссон. Одоо машины дугаарыг санахгүй байна. Мөргүүлсэн хүн 2-3 метр газар шидэгдэж унасан. Мөргөсөн машины жолооч нь 50-55 орчим насны эрэгтэй хүн байсан. Мөргүүлсөн эгч нь 30-35 насны эмэгтэй байсан. Би шууд өөрийхөө утсаар 103-т дуудлага өгсөн. Мөргүүлсэн эгч бөгсөөрөө машин зам дээр суучихсан уйлаад байсан. Мөргүүлсэн эгч зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан. Жолооч ах архи уугаагүй эрүүл байсан гэжээ. / хх 53-54 /
Гэрч Б.Лувсандорж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн үед улаан гэрэл асаж байсан болохоор ногоон гэрлийг асахыг хүлээгээд зогсож байгаад зорчигчийг зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ зам хөндлөн гарсан. Миний хажууд нэг эмэгтэй зогсож байгаад ногоон гэрэл асах үед явган хүний гарцаар миний урд талд надаас түрүүлээд зам хөндлөн алхаад явах үед миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас урагшаагаа нэг автомашин эргэж орж ирээд миний урд талд явсан эмэгтэйг мөргөөд зогссон. Мөргүүлсэн эгч зам дээр унасан. Намайг очих үед бөгсөөрөө машин зам дээр суучихсан уйлж байсан. Тэгээд би 102-т утсаараа дуудлага өгсөн. Машины жолооч дуут дохио өгөөгүй. Тухайн өглөө машины хөдөлгөөн сийрэг байсан гэжээ. / хх 55-56 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7172 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Дажидмаагийн биед бүсэлхийн 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун бугалга, тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гуяны зулгаралт, цус хуралт, зүүн далны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 67 /
Мөрдөгчийн 145 дугаартай магадлагаанд:
1.Т.Харриер маркийн 55-58 УНБ улсын дугаартай автомашины жолооч Жүжмаагийн Баатарцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Балжинжавын Дажидмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэжээ. / хх 92-93 /
Тээврийн хэрэгслийн лавлагаа / хх 111 /
Шүүгдэгч Ж.Баатарцогтыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 98-99 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 115 / зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Баатарцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролд 1.800.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.
Хохирогч Б.Дажидмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Осолд орсноос хойш биеийн байдал сайжирч байгаа боловч одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. 3 сарын дараа хагалгаа хийнэ гэсэн. Одоо байнга өвчин намдаах эм болон лаа хэрэглэж байна. Энэ хугацаанд эмчилгээ, шинжилгээ, эм тариа болон бусад зардалд 1.752.596 төгрөг гарсан. Жолооч нийт 1.800.000 төгрөг өгсөн. Цаашдын эмчилгээ болон бусад зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.Баатарцогт нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг 25 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Засгийн газрын ордны зүүн хойд уулзварын замд өөрийн эзэмшлийн Тоуоta Harrier маркийн 55-58 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Дажидмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-11 /, ...Явган зорчигч болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас / хх 13- 14 /, ...Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17-20 /, ...явган зорчигчийн зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарах үед миний зүүн гар талаас нэг машин орж ирээд хойноос мөргөчих шиг болсон. Машин намайг урдаа аваад түрээд яваад байсан. Тэгээд зогссон. Нэг эгч над дээр ирчихээд хүн аллаа ш дээ гэж орилох үед ухаан орсон гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Дажидмаагийн мэдүүлэг / хх 28-29 /, ...Засгийн газрын ордны зүүн талын гэрэл дохиотой явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруун тийшээгээ явган хүнийг гарахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан. Миний урдаас нэг эмэгтэй бусад хүмүүсийн урд талд нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ урагшаагаа эргэж орсон. Тоёота Харрер маркийн автомашин уг эмэгтэйг мөргөөд зогссон гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Ч.Бямбадоржийн мэдүүлэг / хх 53-54 /, ...Миний хажууд нэг эмэгтэй зогсож байгаад ногоон гэрэл асах үед явган хүний гарцаар миний урд талд надаас түрүүлээд зам хөндлөн алхаад явах үед миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас урагшаагаа нэг автомашин эргэж орж ирээд миний урд явсан эмэгтэйг мөргөөд зогссон гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Б.Лувсандоржийн мэдүүлэг / хх 55-56 /, ...Б.Дажидмаагийн биед бүсэлхийн 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун бугалга, тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гуяны зулгаралт, цус хуралт, зүүн далны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл учирсан нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7172 дугаар шинжээчийн дүгнэлт / хх 67 /, ...Т.Харриер маркийн 55-58 УНБ улсын дугаартай автомашины жолооч Жүжмаагийн Баатарцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Балжинжавын Дажидмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэсэн мөрдөгчийн 145 дугаартай магадлагаа / хх 92-93 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Баатарцогтыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, учруулсан хохирол, урьд ял шийтгүүлж байгаагүй, өндөр насны тэтгэвэрт байдаг зэргийг харгалзаад түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Баатарцогт нь өндөр насны тэтгэвэрт байдаг тул түүнд оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Ж.Баатарцогтын жолооны үнэмлэхийг буцаан олгож, түүнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цогт овогт Жүжмаагийн Баатарцогтыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Жүжмаагийн Баатарцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Баатарцогтод оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь Ж.Баатарцогт нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.Баатарцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Ж.Баатарцогтын жолооны В ангиллын 335733 тоот үнэмлэхийг буцаан олгосугай.
6. Ж.Баатарцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Баатарцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ