Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 305/ШШ2026/00001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-т холбогдох

304,709.59 (гурван зуун дөрвөн мянга долоон зуун есөн төгрөг, тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 304,709.59 (гурван зуун дөрвөн мянга долоон зуун есөн төгрөг, тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 202000826 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, хэрэглээний зээлийн гэрээг бичгээр тус тус байгуулсан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нь 70,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 1 сарын хугацаатайгаар "***" цахим зээлийн аппликейшн ашиглан зээл авсан байдаг. Мөн зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хийх хуваарийн дагуу зээлээ эргэн төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй болно. Цахим зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг тус тус зөрчсөн. Тиймээс хариуцагчаас үндсэн зээл 70,000 төгрөг, зээлийн хугацаа хэтрэлт 1381 хоног, зээлийн хүүг бодохдоо зээлийн үлдэгдэлд сарын 5 хувийн хүү тооцох тул нэг өдрийн зээлийн хүү 115.07 төгрөг, үүнийг хугацаа хэтэрсэн 1381 хоног 115.07 төгрөгөөр бодоход нийт 158,909.59 төгрөгийн хүүгийн өр бодогдож байна. Зээлийн шимтгэл гэдэг нь зээлийн ашигласан төлбөр бөгөөд 5,600 төгрөг (Зээлийг ашигласан хугацаанаас үл хамааран 1 удаа шимтгэл төлнө). Энэхүү хугацаанд хариуцагч нь хаана оршин сууж байгаа хаяг нь тогтоогдохгүй байсан учраас цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон тул эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 304,709.59 төгрөгийг хариуцагч ***-оос гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус банк бус санхүүгийн байгууллага нь ***-т холбогдуулан 304,709 төгрөг 59 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь шүүхийн ажиллагааны явцад өр төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно. Тиймээс хариуцагч нэхэмжлэлийн биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн хариуцагч ***-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 304,709.59 (гурван зуун дөрвөн мянга долоон зуун есөн төгрөг, тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн ...хариуцагч нь шүүхийн ажиллагааны явцад өр төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно. Тиймээс хариуцагч нэхэмжлэлийн биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх хүсэлтээр нотлогдож байна.

*** ББСБ ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ТА/216 дугаар албан бичгээр ***-т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ***-ыг томилж, тэдэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,791.30 төгрөгийн тал хувь 4,895.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,895.65 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 304,709.59 (гурван зуун дөрвөн мянга долоон зуун есөн төгрөг, тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,791.30 төгрөгийн тал хувь 4,895.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,895.65 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР