| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0664/Э |
| Дугаар | 679 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Шүүгдэгч Ц.Тэмүүжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцгээгийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 1809018040297 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Сутай буянт” ХХК-д автобусны жолооч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 30-28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УП 89052758 / Боржигон овогт Цэцгээгийн Тэмүүжин нь:
- 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайн урд замд “Сутайн буянт” ХХК-ний эзэмшлийн Х540 маркийн автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-т заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч / 68 настай, эрэгтэй / Ж.Жалбууг унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Жалбуу мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр миний бие хөдөө аж ахуйн яамнаас офицер, мишээл нэртэй автобусанд суусан. Тэгээд автобусанд суугаад багшийн дээд өнгөрөөд Сүхбаатарын талбайн урд түгжрээд явж байгаад Баянгол зочид буудлын автобусны буудал дээр буух гээд автобусан дотор зогсоод явж байхад миний сууж явсан автобусны жолооч огцом тоормос гишгэсэн. Тэр үед нь би толгойгоороо жолоочийн кабины ар хэсгийг мөргөөд унасан. Тухайн үед ухаан балартаж босож чадахгүй байсан ба хажууд байсан эмэгтэй намайг түшиж сандал дээр суулгасан. Автобусны жолооч зогсож болохгүй гээд Алтай хотхон хүртэл авч явсан. Тэнд түргэн ирээд үзсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Ирээд зураг авахуулахад баруун хөлийн дунд чөмөгний дээд тал хугарсан байна гэж хэлсэн гэжээ. / хх 4-6 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4724 дугаар дүгнэлтэнд:
1. Жалбуугийн биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун чамархайд зулгаралт гэмтэл тохиолдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, авто ослын үед үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. / хх 9 /
Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 430 дугаар дүгнэлтэнд:
1. Х540 маркийн 14-76 УБЯ улсын дугаартай автобусыг жолоодон явсан Ц.Тэмүүжин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: г/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох" гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Зорчигч Ж.Жалбуу нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэжээ. / хх 80 /
Яллагдагч Ц.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 06 цагаас эхлэн Офицер, Мишээл экспо чиглэлийн 14-76 УБЯ улсын дугаартай автобусыг жолоодоод шугаманд явж байсан. Тэгээд 18 цагийн орчимд Офицеруудын ордноос Мишээл экспо орох гээд талбайн урд Төв номын сан руу эргэх гээд явж байтал баруун талаас автобусны урдуур машин орж ирэхээр нь би тоормоз гишгэсэн. Тэгтэл нэг өвөө сандал дээрээсээ босоод урагшаа газар унасан. Араас автобуснууд сигналдаад байсан учраас явсаар байгаад Алтай хотхоны автобусны буудал дээр очиж зогссон ба түргэн тусламж ирсэн гэжээ. / хх 88 /
Шүүгдэгч Ц.Тэмүүжинг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 87-88 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 78 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шугаманд явж байтал гэнэт автобусны баруун талаас урдуур машин орж ирээд би тоормоз гишгэсэн. Хохирогчид эмчилгээний зардалд 1.050.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ц.Тэмүүжин нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайн урд замд “Сутайн буянт” ХХК-ний эзэмшлийн Х540 маркийн автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-т заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч / 68 настай, эрэгтэй/ Ж.Жалбууг унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … офицер, мишээл нэртэй автобусанд буух гээд зогсоод явж байтал жолооч огцом тоормос гишгэсэн. Би толгойгоороо жолоочийн кабины ар хэсгийг мөргөөд унасан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн Ж.Жалбуугийн мэдүүлэг / хх 4-6 /, ...Жалбуугийн биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун чамархайд зулгаралт гэмтэл тохиолдсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4724 дугаар дүгнэлт / хх 9 /, ... Х540 маркийн 14-76 УБЯ улсын дугаартай автобусыг жолоодон явсан Ц.Тэмүүжин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: г/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 430 дугаар дүгнэлт / хх 80 / , ...Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 22 /, ... Төв номын сан руу эргэх гээд явж байсан. Баруун талаас урдуур машин орж ирээд би тоормоз гишгэсэн тэгтэл нэг өвөө сандал дээрээсээ босоод урагшаа газар унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Тэмүүжингийн мэдүүлэг / хх 88 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Тэмүүжинг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, хувийн байдал зэргийг харгалзаад түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Ц.Тэмүүжинг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Цэцгээгийн Тэмүүжинг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Цэцгээгийн Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 / дөрвөн зуун тавин / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Тэмүүжинд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь Ц.Тэмүүжин нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Ц.Тэмүүжинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Тэмүүжинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ