| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01055/И |
| Дугаар | 305/ШШ2026/00061 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2026/00061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, гэрч *** нар цахимаар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** овгийн ***-ын *** миний бие 1970 оны 12 сарын 31-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжиж байгаад 1978 онд Алтай сумынхаа 8-н жилийн дунд сургуульд элсэн орж, 1986 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Говь-Алтай аймгийн 1-р арван жилийн дунд сургуульд элсэн орж, 1988 онд төгссөн. Аймгийн арван жилийн сургуулиа төгсөөд сумандаа очиж Алтай сумын Яслийн эрхлэгчийн 1988 оны 9-р сарын 10-ны өдрөөс Алтай сумын Яслийн эрхлэгчийн 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 тоот тушаалаар 1-р яслид угаагч, хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот тушаалаар сувилагч хүмүүжүүлэгч, мөн сумын яслийн эрхлэгчийн 1990 оны 12 дугаар сарын 08-р тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2-р яслид угаагч няраваар орж, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичгээ бүрдүүлж байгаа бөгөөд 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан тушаалын эх хувь, ажлаас гарсан тушаалыг сумын архив, аймгийн архивын газраас лавлагаагаар гаргуулж авах гэтэл байхгүй байгаа юм. Иймд ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний бүрдүүлсэн нотлох баримт буюу тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, зураг зэргийг үндэслэн 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие нь Улаанбаатар хотод амьдардаг тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүх хуралд онлайнаар оролцох зөвшөөрөл олгож өгнө үү. Өөрийн тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсныг нотлох хүний тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, зургийг баталгаажуулж хамт явуулав.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Алтай сумын 1 дүгээр яслиас Аварын Улам-Өсөхөд олгосон 304885 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрэл зураг,
-***-ийн тодорхойлолт,
-***ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 623 дугаартай тодорхойлолт,
-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1100 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/219 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 623 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ийн шүүхэд гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч *** нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Алтай сумын 1 дүгээр яслид угаагчаар, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслид сувилагч, хүмүүжүүлэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслид угаагч, няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагч *** нь шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажил томилсон болон чөлөөлсөн шийдвэр байхгүйн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.
2.1 Хүсэлт гаргагч *** нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Алтай сумын 1 дүгээр яслид угаагчаар, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслид сувилагч, хүмүүжүүлэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслид угаагч, няраваар тус тус ажиллаж байсан болох нь Алтай сумын 1 дүгээр яслиас ***-д олгосон 304885 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын 4-5 дугаар хуудсанд яслийн эрхлэгчийн 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 тоот тушаалаар мөн өдрөөс Алтай сумын 1 дүгээр яслид угаагчаар авч ажиллуулсан, хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1 дүгээр яслийн угаагчийн ажлаас чөлөөлж, 2 дугаар яслид сувилагчаар түр авч ажиллуулсан, 6-7 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслийн эрхлэгчийн 1990 оны 12 сарын 08 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2 дугаар яслийн сувилагч, хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлж, 2 дугаар яслийн угаагч няраваар авч ажиллуулсан бичилт хийгдэж, тамга дарж баталгаажуулсан байгаагаар болон гэрэл зураг, гэрч ***-гийн “...Манайд 1988 онд энэ хүүхэд 10 дугаар ангиа төгсөөд орж байсан. Анх сувилагч багшаар орж ирсэн. Тэгээд угаагч нярав хийсэн. Энэ үнэн болно. Би 1992 онд тэтгэвэрт гарсан. Ямар ч байсан хамт ажиллаж байсан нь үнэн. Намайг тэтгэвэрт гарахад ажиллаад үлдсэн. Цуг ажиллаж байсан нь л үнэн. Сувилагч багшаар ороод дараа нь угаагч нярав хийсэн. Би тогооч байсан...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Харин 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул гэрч ***-гийн “...Би 1992 онд тэтгэвэрт гарсан. Ямар ч байсан хамт ажиллаж байсан нь үнэн. Намайг тэтгэвэрт гарахад ажиллаад үлдсэн. Цуг ажиллаж байсан нь л үнэн...” гэх мэдүүлгийг үндэслэн буюу дан гэрчийн мэдүүлгээр 2 жилийн ажиллаж байсан хугацааг тогтоох боломжгүй тул уг хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Иймд ***-ийг 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Алтай сумын 1 дүгээр яслид угаагчаар, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслид сувилагч, хүмүүжүүлэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслид угаагч, няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***-ийг 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай сумын 1 дүгээр яслид угаагчаар, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслид сувилагч, хүмүүжүүлэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай сумын 2 дугаар яслид угаагч, няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР