Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2026/00078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***-ийн хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжлуулах тухай

2. Хүсэлт гаргагч ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *** нь ***-т холбогдуулан 25,000,000 төгрөгийн нэхэмжлэл Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч хариуцагч ***-ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэдэг шалтгаанаар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №191/Ш32025/52416 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа билээ. Хариуцагч Н.Булганбаатарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 310 дугаартай тодорхойлолт,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/52416 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0406 дугаартай зээлийн гэрээ,

-*** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

-***-д олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ...***-ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэдэг шалтгаанаар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №191/Ш32025/52416 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа билээ. Хариуцагч ***-ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж тус тус заажээ.

4. Нэхэмжлэгч *** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 310 дугаартай тодорхойлолт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/52416 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0406 дугаартай зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч *** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ***-ыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар ***-ыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч *** нарт мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР