| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2505000000496 |
| Дугаар | 2025/ДШМ/1175 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1175
2025 10 02 2025/ДШМ/1175
М.З холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ариунзул,
хохирогч Э.Э,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1882 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ариунзулын бичсэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцлээр М.З холбогдох эрүүгийн 2505000000496 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М.З ............. ял шийтгэлгүй,
Шүүгдэгч М.З нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны 23 цагийн үед ******* дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод эхнэр Э.Э маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “дух, хоёр бугалга, тохой, шуу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: М.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.З холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч М.З “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.З хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ариунзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.З нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед ***** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 48 тоотод байхдаа ахуйн хүрээний хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, хохирогч Э.Э эрх чөлөөнд халдан түүнийг зодож, цохисны улмаас эрүүл мэндэд нь дух хоёр бугалга, тохой, шуу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох, хохирогч Э.Э “...1 сар орчим хэрүүл маргаантай байгаа юм. Үүнээс болоод шөнө согтуу орж ирчхээд хэрүүл өдөж хэл амаар доромжилж байгаад сүүлдээ намайг зодоод эхэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм аа. Гараараа цохиж чимхээд байсан. Миний хоёр гар, нүүр, хөл, хавирга толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн үснээс зулгаасан, хоолой боосон. Миний хоёр гарын шуу, бугуй, хүзүү, толгой, дух хэсэгт хөхөрч хавдсан байна. Манай хоёр хүүхэд болох хүү Б, охин Э нар байсан өөр хүн байгаагүй. Гэр бүлийн баталгаатай. Дундаасаа 2 хүүхэдтэй. Би нөхөртэйгөө хамт амьдраад 20 жил болж байна. Өмнө нь зодож байсан. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Э, шүүгдэгч М.З нар нь 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлээ батлуулсан эхнэр, нөхөр болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томьёог тодорхойлон хуульчилжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж, Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс аль нэгнийхээ эрүүл мэндэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирол учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэлээ. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Э “...Би нөхрийн найз Б 2024 оны 12 дугаар сард бизнес хийх зорилгоор мөнгө зээлээд нэг байгууллагад тоног төхөөрөмж нийлүүлсэн боловч тэр байгууллага нь санхүүжилт нь ороогүй байна гээд миний тоног төхөөрөмж нийлүүлсэн мөнгийг гаргаж өгч чадаагүй байгаа юм тэгээд манай нөхрийн найз Б надад зээлсэн мөнгөө авъя гэж нэхсэнээс болоод нөхөр бид хоёрын дунд сүүлийн 1 сар орчим хэрүүл маргаантай байгаа юм...” гэж мэдүүлсэн бөгөөд олон тооны гэмтэл, шарх учруулсан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхгүй, мөн хохирогч шүүгдэгч нар нь 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлээ батлуулсан эхнэр, нөхөр мөн болох нь нотлогдож байхад шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тэдгээрийн гэр бүлээ батлуулсан талаарх лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, бодитой дүгнэлт хийж чадаагүй, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, санаа зорилго, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй, шүүгдэгч М.З үйлдлийг “...Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсэж, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон...” гэж дүгнэсэн атлаа ямар нотлох баримтаар үгүйсгэж зүйлчлэлийг хөнгөрүүлж байгаагаа шийтгэх тогтоолдоо дурдаагүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1882 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор яагаад дээрх тайлбар өгч байгааг мэдэхгүй байна. Удаа дараагийн үйлдлээр хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. Хэрэг гарах шалтгаан нөхцөлийг би гаргаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэтэл нөхцөл байдал ийм болсонд харамсаж байна. Өмнө бид хоёрын дунд дээрх асуудал гарч байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч М.З нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны 23 цагийн үед ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах * дугаар байрны ** тоотод эхнэр Э.Э тухайн цаг хугацаанд үүссэн ахуйн хүрээний маргаанаас шалтгаалан зодож эрүүл мэндэд нь “дух, хоёр бугалга, тохой, шуу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэмт хэргийн талаарх гомдол /хх 5/,
хохирогч Э.Э “...Гараараа цохиж чимхээд байсан. Миний хоёр гар, нүүр, хөл, хавирга толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн үснээс зулгаасан, хоолой боосон. Миний хоёр гарын шуу, бугуй, хүзүү, толгой, дух хэсэгт хөхөрч хавдсан байна...” /хх 9-10/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5039 дугаартай “...Э.Э биед дух, хоёр бугалга, тохой, шуу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,
2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Аюулын зэргийн үнэлгээний бага” гэх тэмдэглэл /хх-ийн 33-34/, “Цагдаагийн байгууллагын АСАП сангийн бүртгэл /хх-ийн 36-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.З прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцжээ.
Прокурор Г.Ариунзул “...шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь буруу... шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.
Хүмүүс хоорондын харилцаа, тухайн цаг хугацаанд үүссэн ахуйн хүрээний маргаанаас үүдэлтэйгээр гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.
Тодруулбал, шүүгдэгч М.З үйлдлийг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан эхнэр Э.Э зодож нэг талаас давамгай байдал бий болгох зорилго бүхий хүчирхийллийн шинжтэй гэж үзэх боломжгүй бөгөөд хохирол учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр болох талаар тодорхойлсон Төрийн үйлчилгээний цахим сангаас олгосон “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” гэсэн баримт байхад “хамтран амьдрагч” мэтээр яллах дүгнэлтэд тусгасан байгааг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1882 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ариунзулын бичсэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА