Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00424

 

 Д.Дарханбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар магадлалтай,

         Д.Дарханбаярын нэхэмжлэлтэй,

         Монголбанкинд холбогдох           

      Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оршихын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дарханбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б84 дүгээр тушаалаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлаар томилогдож, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 03/014 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь илт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон. Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт, материалыг гол үндэслэлээ болгосон бөгөөд ажлаас халах тушаалын 1 дэх заалтад ...хэлтсийн эд хөрөнгийг албаны бус зорилгоор ашиглах, Монголбанкны эд хөрөнгийг ашиглах эрхгүй гадны этгээдээр жолоодуулах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн. Гэтэл миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт нь огт үндэслэлгүй учраас уг актыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, Төв банкны тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргаагүй учраас сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр ажлаа сайн хийж байсан бөгөөд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан. Монголбанкны Ерөнхийлөгчийн зүгээс миний ажлыг өөрчилж, ажил хүлээлцэх хүний талаар саналаа бэлдэж танилцуулахыг даалгасан байсан. Ийм учраас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой бичгээр ирсэн мэдээлэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус аймаг дахь Монголбанкны хэлтэст хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтын зорилго, хамрах хүрээ нь мэдээлэл ирүүлсэн этгээдтэй болон хэлтсийн нийт ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, мэдээлэлд дурдагдсан асуудлууд үнэн эсэхийг тогтоож баримтжуулах, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн хяналтын камерийн бичлэгт иж бүрэн шалгалт хийх, (нуусан, эвдэрсэн, устгагдсан файл байгаа эсэхийг шалгаж тогтоох, шаардлагатай тохиолдолд сэргээн шалгах), Хяналтын камерийн техникт иж бүрэн үзлэг, үйлчилгээ хийх, уг шалгалтаар гарсан зөрчил нь хэлтсийн захирал Д.Дарханбаяртай уулзахаар ирсэн хүмүүс нь бичиг баримтаа шалгуулалгүй хэлтсийн захирлын өрөөнд ордог байсан нь Монголбанкны байранд нэвтрүүлэх журмыг зөрчиж, гэрээт харуул, цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг биелүүлдэггүй байсан, ажлын цагаар гадны хүн хүлээн авч, албаны бус уулзалттай байхдаа зузаатгал авах, мөнгө тушаахаар ирсэн банкны ажилтнуудыг удаан хугацаагаар хүлээлгэж чирэгдүүлсэн тохиолдол гаргасан, Монголбанкны хэлтсийн 00-97 ДАР улсын дугаартай албаны автомашиныг захирал Д.Дарханбаяр нь гадны хүнээр жолоодуулан ашигласан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед нягтлан бодогчийг орлон ажиллаж байсан хянан шалгагч Ж.Баасансүрэнг ажил дээр дуудаж 50 000 төгрөгийн бензиний талон гаргуулан авч, гадны хүнээр бариулан гарч явсан нь холбогдох баримт, камерийн бичлэгээр нотлогдож байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэлтсийн автомашиныг гадны хүнээр жолоодуулж явсан нь камерийн бичлэгт хадгалагдсан байна. Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас тус хэлтэс дээр хэсэгчилсэн шалгалтыг гүйцэтгэхдээ Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн үйл ажиллагааны талаар Монголбанкны Ерөнхийлөгчид ирсэн мэдээлэлд тусгагдсан асуудлууд үнэн бодитой эсэхийг шалгах, баримтжуулах зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны хяналтын камерын бичлэгийг шалгасан. Мөн шалгалтын хэсэг нь хэлтсийн ажилтнуудтай шалгалтын хамрах хугацаанд уулзалт хийж уулзалтыг протоколоор баталгаажуулсан. Ийнхүү цугларсан мэдээлэл, нотлох баримтыг судлан үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.2, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт, материалыг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Д.Дарханбаярт сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон болно. Иймд Монголбанкны зүгээс нэхэмжлэгч Д.Дарханбаярыг ажлаас халахдаа хууль, журам зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дарханбаярыг урьд эрхэлж байсан ажил буюу Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 065 738 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Дарханбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дарханбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголбанкинд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Дарханбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Монголбанкнаас 128 001 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оршихын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах. ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй. 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь "Ажилтныг ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд заасан байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заагаагүй байх тул ажилтан Д.Дарханбаярыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан баримтаар нотлогдоогүй" гэсэн нь буруу юм. Д.Дарханбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тайлбарласан байдаг ба Д.Дарханбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 00-97 ДАР улсын дугаартай албаны автомашиныг гадны хүнээр жолоодуулан Монголбанкны хашаа, обьект дотор нэвтрүүлсэн зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасны дагуу Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.3.1-д заасныг зөрчсөн буюу 3 дугаар бүлгийн 3.3.1 дэх хэсгийн "з. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн зүйл, мэдээллийг бусдад задруулах, задруулах боломжийг аливаа хэлбэрээр бүрдүүлэх" үйлдэлд шууд хамаарч байгаа юм. Мөн Д.Дарханбаяр нь албан тушаалаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймаг дахь Ардчилсан намын дарга Н.Мөнхдашийн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь бүх банкны салбарын захирлуудад 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-215 дугаар албан бичгээр харилцах данс нээж ажиллахыг үүрэг болгосон байдаг ба үүний дагуу арилжааны банкуудаас Монголбанкны Дотоод аудитын газарт гомдол ирсэн. Энэ зөрчил нь мөн адил хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 292 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэдгийг ойлгох ба Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу "Монголбанкны албан тушаалтны үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 1.1 дэх хэсэгт "иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөх" гэсэн зөрчилд шууд хамаарах үйлдэл юм. 2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь "Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Д.Дарханбаяртай уулзахаар ирсэн хүмүүс нь бичиг баримтаа шалгуулалгүй хэлтсийн захирлын өрөөнд ордог, ажлын цагаар гадны хүн хүлээн авч албаны бус уулзалттай байхдаа зузаатгал авах, мөнгө тушаахаар ирсэн банкны ажилтнуудыг удаан хугацаагаар хүлээлгэдэг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй" гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой бичгээр ирсэн мэдээлэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус аймаг дахь Монголбанкны хэлтэст хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хийхдээ баримтжуулж авсан хяналтын камерийн бичлэг болон 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хэлтсийн ажилтнуудтай хийсэн уулзалтын протоколыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг нотлох баримтанд зузаатгал авахаар ирсэн банкны ажилчид хэлтсийн захирлын өрөөний үүдэнд удаан хугацаагаар хүлээж буй бичлэг он, сар, өдөр, цаг, минуттайгаа бичигдсэн, ажилтнуудын өгсөн мэдүүлгээр ч Д.Дарханбаяр нь банкны ажилтнуудад хүндрэл учруулдаг, цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг үл биелүүлж гадны хүнийг хамаагүй нэвтрүүлдэг зэрэг үйлдэл нь нотлогдож байгаа юм. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь "Хэлтсийн эд хөрөнгийг албаны бус зорилгоор ашиглах, Монголбанкны албаны автомашиныг ашиглах эрхгүй гадны этгээдээр жолоодуулсан, бүрэн хариуцсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Д.Дарханбаярыг албан тушаалаас чөлөөлсөн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй" гэсэн нь буруу юм. Д.Дарханбаяртай 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 03/014 дүгээр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу ажилтан нь байгууллагын эд зүйл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх эрх, үүргийг зохицуулсан байдаг. Мөн хөдөлмөрийн гэрээний 2.3 буюу Ажилтны эдлэх эрх, хүлээх үүргийн 2.3.5 дахь хэсэгт "Өөрийн хариуцаж буй үнэт зүйлс, эд хөрөнгө, техник хэрэгсэл, бичиг баримтыг хадгалах, эзэмших талаарх хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон заавар, журмыг чанд мөрдөж, сонор сэрэмжтэй ажиллах үүрэгтэй" гэж заасан байхад шүүх дээрх хоёр нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан. Эцэст нь тайлбарлахад Д.Дарханбаярт сахилгын шийтгэл ногдуулсан Б-462 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэсэн ба Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 15.5-д зааснаар "Хуулийн 40 дүгээр зүилийн 40.1.5.-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино” гэж заасан байдаг тул Монголбанк нь нэхэмжлэгч Д.Дарханбаярт сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халахдаа Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын шалгалтын акт, дүгнэлтийг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгтэй бүрэн нийцэж байгаа юм. Иймд, шүүх нь хариуцагчийн талаас гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан тул ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Дарханбаяр хариуцагч Монголбанкинд холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

         Д.Дарханбаярыг Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 дугаар тушаалд Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хийсэн хэсэгчилсэн шалгалтын акт, материалыг үндэслэл болгосон байна.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг хамтад нь баримталсан боловч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажилтныг сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй, хариуцагчийн тушаалд заасан үндэслэлүүдийг хөдөлмөрийн гэрээ цуцлах зөрчил гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийг Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 065 738 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулж нэхэмжлэгч Д.Дарханбаярт олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголбанкинд даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.                

    Шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оршихын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч Монголбанк Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН