| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00089/И |
| Дугаар | 305/ШШ2026/00080 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2026/00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***-гийн хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-г эрэн сурвалжлуулах тухай
2. Хүсэлт гаргагч ***-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** нь ***-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр аман хэлцэл хийж өөрийн "***" банкны *** дугаарын данснаас ***-гийн *** банк дахь *** дугаарын дансанд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16:53 цагт 5,000,000 төгрөг, 16:54 цагт 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг, мөн *** банк дахь *** дугаарын дансанд 16:54:53 цагт 5,000,000 төгрөг, 16:55:33 цагт 1,500,000 төгрөг, 17:00:27 цагт 1,440,000 төгрөг, мөн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г.Жавзан нь өөрийн *** банкны *** дугаарын данснаас ***-гийн *** дугаарын *** банк дахь дансанд 1,800,000 төгрөг тус тус шилжүүлэн өгч, зээлсэн юм. Дээрх байдлаар нийт 19,740,000 төгрөг шилжүүлэн өгч, зээлсэн бөгөөд дээрх төлбөрийг "***" банкны цахим зээлийн гэрээ, "***" ББСБ-ын цахим зээлийн гэрээ, "***" зээлийн гэрээ тус тус байгуулан мөнгө зээлж авч, ***-д шилжүүлэн өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 2,000,000 төгрөгийн хүү тооцогдон төлсөн байна. ***-д болж байгаа нөхцөл байдлын талаар хэлэхээр удаа дараа холбогдох үйлдэл хийсэн боловч надад хариу өгөөгүй, надтай уулзахгүй зугтах байдлыг удаа дараа гаргасан бөгөөд эцэг, эх, эгчтэй нь холбогдоход төлбөрийг төлж барагдуулж өгнө гэх хариуг өгдөг боловч өнөөдрийг хүртэлх 4 сарын хугацаанд нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй тул шүүхэд хариуцагчийн хаяг болох *** тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/47250 дугаар шүүгчийн захирамж гарсан. Зээлдэгч *** нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна. Иймд ***-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-***-д олгосон итгэмжлэл,
-***-гийн *** банкны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дансны хуулга,
-***-гийн *** банкны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацааны дансны хуулга
-*** банкны цахим зээлийн гэрээ,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/47250 дугаартай захирамж,
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ...Зээлдэгч *** нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна. Иймд ***-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж тус тус заажээ.
4. Нэхэмжлэгч *** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь ***-ийн *** банкны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дансны хуулга, ***-гийн *** банкны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацааны дансны хуулга, *** банкны цахим зээлийн гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/47250 дугаартай захирамж зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-гийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ***-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар ***-г эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч *** нарт мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР