Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2026/00082

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***-д холбогдох

Гэрээний дагуу 10,500,000 төгрөг, алданги 4,095,000 төгрөг, нийт 14,595,000 (арван дөрвөн сая таван зуун ерөн таван мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу 10,500,000 төгрөг, алданги 4,095,000 төгрөг, нийт 14,595,000 (арван дөрвөн сая таван зуун ерөн таван мянга) төгрөгийг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуучин барилга буулгах ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ №***/20240508 дугаартай гэрээг *** сумын ***-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *** нь иргэн ***-тай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 15- ны өдөр дууссан. Захиалагч байгууллагыг төлөөлөн *** сумын ЗДТГ-ын дарга *** 2024 оны 12 дугаар сараас хойш олон удаа *** нартай утсаар холбогдсон боловч гэрээ байгуулсан ажлаа өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй. Захиалагч талаас гэрээ байгуулсан иргэн ***-тай утсаар холбогдож эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өргөдөл гаргасан. Иргэн *** нь миний бие тухайн ажлыг хийж гүйцэтгэх гэж санал өгөөгүй манай ээжийн дүүгийн нөхөр болох *** ах над руу утсаар ярьж чиний дансаар мөнгө оруулаад авах шаардлагатай байна дансаа явуул гэсэн. Би дансаа явуулсан тэр өдөртөө миний дансаар 10,500,000 төгрөг орж ирсэн. *** ах над руу дансаа явуулсан би орж ирсэн мөнгийг нь 100 төгрөг ч аваагүй буцаагаад хийсэн. Надад ямар ч хамааралгүй, дансаар мөнгө хийгээд авна гэсэн болохоор нь дансаа өгсөн ийм их мөнгө орж ирнэ гэж мэдээгүй. Гэрээн дээр зурсан гарын үсэг миний гарын үсэг биш, надад машин техник ч байхгүй би гүйцэтгэж чадахгүй, ээж загнаад байгаа гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуучлалын хурлын тэмдэглэлд тусгагдсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд *** сумын ЗДТГ-ын дарга *** миний бие тухайн үед *** сумын ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан захиалагч талаас гэрээ байгуулсан иргэн ***, гүйцэтгэгч талаас гэрээ байгуулсан иргэн *** нар 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирж уулзаж тохиролцон *** би мөнгийг авсан нь үнэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгнө гэж өөрөө өргөдөл бичиж өгсөн. Иргэн ***-ын ээж утсаар яриад манай хүүхдэд хамааралгүй шүү наад ***-ын чинь хийж байгаа ажил битгий хүүхэд янз бүрийн асуудалд оруулчихаарай, тэр орж ирсэн мөнгийг нь буцаагаад хийсэн ямар ч хамаагүй, манай хүүхдийг дахиж энэ асуудлаар дуудаж хамаатуулаад хэрэггүй шүү хэмээсэн. *** сумын ЗДТГ-тай гэрээ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан иргэн*** нь 2025 оны 12 дугаарын сарын 05-ны өдрийг хүртэл ажлаа гүйцэтгээгүй байгаа тул гэрээ байгуулсан гүйцэтгэгчээс санхүүжилтийг нөхөн төлүүлж, сумын орон нутгийн хөгжлийн санг хохиролгүй болгох, иргэн *** нь санхүүжилтийн 70 хувь болох 10,500,000 (арван сая таван зуун мянган) төгрөгийн санхүүжилтийг *** (***) тоот дансаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан байна. Гэрээ байгуулах эрх олгох Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний А/114 тоот захирамж гарч 2024 оны 10 дугаарын сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Иймд Хуучин барилга буулгах ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ №***/20240508 дугаартай гэрээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан бөгөөд гэрээний 5.2.6-д заасны дагуу 10,500,000 төгрөгийн алданги 4,095,000 төгрөг, нийт 14,595,000 төгрөгийг тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн *** тоот дансанд төвлөрүүлж өгнө үү. Маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлж *** нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний дотор гүйцэтгэн хүлээлгэж өгнө гэж өргөдөл бичиж эвлэрсэн боловч өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгээгүй удаа дараа шаардсан боловч ажлаа хийхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Гэрээний 7.4-д заасны дагуу талуудын хооронд үл тохиролцох маргаан үүсэж, хэлэлцээрийн журмаар шийдвэрлэж эс чадвал шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар тохиролцож ЗДТГ-т гаргасан өргөдөл зэргийг тус тус үндэслэн дараагийн шатны байгууллагад хандсан болно. Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно. Иймд Тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** нь 1985 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *** сумд төрсөн. Тус сумын хуучин сургуулийн барилга нураах ажлыг том ах *** нь тухайн үеийн засаг даргаар ажиллаж байсан ***-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр буулгах зардлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэн нураахаар тохирсон. Гэвч ах маань нойр булчирхайн хорт хавдраар оношлогдож яаралтай эмчилгээнд явах болсон. Үүнээс хойш 3 сарын дараа ах маань эмчилгээгээ даалгүй өвчин нь хүндэрч нас барсан юм. Надад хэлэхдээ сум орон нутгийн 100 жил болох гэж байгаа болохоор барилгыг нурааж газрыг нь чөлөөлөөд өгчих гэж хэлсэн. Иймд би 2024 оны 10 дугаар сард гэрээ байгуулж буулгах гэсэн боловч бас нэг ах маань 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Дараа нь дахин нэг ахыгаа 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бас алдсан. 10 сарын дотор 3 ахыгаа алдаад үнэхээр боломж олдоогүй, үүнээс 2 сарын дараа миний бие өвдөөд гэнэт яаралтай хагалгаанд орсон. Тус сумын тамгын дарга эвлэрүүлэн зуучлалд хүсэлт өгсний дагуу ярилцан тохиролцоод өргөдөл бичин өгч буулгах хугацаа авсан боловч төсөв санхүү, биеийн байдал болохгүй байсан тул мөнгөн төлбөр болох 14,595,000 төгрөгийг буцаан төсөвт төвлөрүүлэх болно. Хугацааг 2026 оны 02 дугаар сарын 15 нь дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан гэрээний дагуу 10,500,000 төгрөг, алданги 4,095,000 төгрөг, нийт 14,595,000 (арван дөрвөн сая таван зуун ерөн таван мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

2. Хариуцагч *** нь мөнгөн төлбөр болох 14,595,000 төгрөгийг буцаан төсөвт төвлөрүүлэх болно. Хугацааг 2026 оны 02 дугаар сарын 15 нь дотор төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 14,595,000 (арван дөрвөн сая таван зуун ерөн таван мянга) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5. Нэхэмжлэгч *** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 14,595,000 (арван дөрвөн сая таван зуун ерөн таван мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,925 (хоёр зуун гучин мянга есөн зуун хорин тав) төгрөгийн тал хувь 115,462.5 (нэг зуун арван таван мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг, таван мөнгө) төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***-ын нэхэмжлэлтэй, ***-ад холбогдох гэрээний дагуу 10,500,000 төгрөг, алданги 4,095,000 төгрөг, нийт 14,595,000 (арван дөрвөн сая таван зуун ерөн таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч *** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 14,595,000 (арван дөрвөн сая таван зуун ерөн таван мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,925 (хоёр зуун гучин мянга есөн зуун хорин тав) төгрөгийн тал хувь 115,462.5 (нэг зуун арван таван мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг, таван мөнгө) төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР