| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2505019240548 |
| Дугаар | 2025/ДШМ/1176 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1176
2025 10 02 2025/ДШМ/1176
Т.М холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Т.М,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1870 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.М гаргасан давж заалдах гомдлоор Т.М холбогдох эрүүгийн 2505019240548 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
У овгийн Т.М …………………,
Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;
Шүүгдэгч Т.М нь 2025 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө ****дүүргийн ** дүгээр хороо, “****” төвийн 3 дугаар давхарт хохирогч Т.М зодож, эрүүл мэндэд нь зүүн чихэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, бүсэлхий, зүүн мөрд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Т.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.М гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Т.М давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Т.М гаргасан гомдол нэхэмжлэлийн талаар хохирлоо бүрэн барагдуулж авч чадаагүй болно. “Болор мэлмий” эмнэлэгт 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр оношилгоо хийлгэж зүүн болон баруун нүдний торлог 2 газар гэмтэж, яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хараагүй болох эрсдэлтэй 6,000,000 төгрөгийн эмчилгээ хийлгэх нэхэмжлэх уг хэргийн баримтад эх хувиар өгсөн. Шүүгдэгч Т.М эмчилгээний зардлын тодорхой хувийг 08 дугаар сарын 20-ны өдөр цалин буухаар өгнө гэж хэлээд одоо болтол утсаа авахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрийг баримтаар өгөх ёстой гэж ойлгосон. Хохирогчид хохирол төлбөрийг төлөөгүй. ...” гэв.
Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд оролцож, хэргийн материалтай танилцсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 дугаар зүйл, заалтуудад тус тус заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хохирогчоос нотлох баримт гаргасан, дээрх нотлох баримтыг үндэслэж хохирлыг төлсөн. Хохирогчоос гаргасан нэхэмжлэлийг бодит хохирол төлбөрт тооцох боломжгүй учраас иргэний журмаар нээлттэй хэлэлцэх эрхийг дурдаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.М холбогдох 2505019240548 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
Шүүгдэгч Т.М нь 2025 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө *****дүүргийн 4 дүгээр хороо, “****” төвийн 3 дугаар давхарт хохирогч Т.М нүүрэн тус газар нь цохиж өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн чихэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, бүсэлхий, зүүн мөрд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Т.М “...4 давхраас шатаар буугаад явах гээд байхаар нь би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гээд намайг зодсон залуугийн цамцнаас гараараа зуураад зогсож байтал миний гарыг тавиулчхаад миний нүүр лүү гараараа хүчтэй цохиход би шатны голд байсан сандал дээр унасан. Тэгтэл дээрээс дахиад нэмж миний нүүрэн тус газар луу гараараа хүчтэй цохиод байсан, би сандал дээр доош тонгойгоод сууж байтал тэр залуу миний чих, зүүн талын шанаа хэсэг рүү хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөхөд би хойшоо савж унасан. Чихнээс цус гарч байсан... Намайг зодсон залуу нь 170 см орчим өндөртэй, туранхай, бор царайтай хар юүдэнтэй цамц, хар саравчтай малгай өмссөн, бага зэрэг урт үстэй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
гэрч М.С “... Ц тухайн үед архи уучихсан бага зэрэг согтуу байсан болохоор “замаас холдооч” гээд тэр согтуу эрэгтэйг цээж хэсэг рүү нь түлхсэн. Тэр эрэгтэй унаагүй, шатаар доошоо буугаад зогсчхоод Цагаанааг элдвээр хэлээд байхаар нь Ц араас нь буугаад тэр эрэгтэйн нүүрэн тус газар луу нь гараараа нэг удаа цохисон, тэгтэл хажуу талаас Б “болиоч ээ яах гэсэн юм бэ согтуу хүнийг” гээд тэр согтуу малгайг өмсүүлчхээд доошоо буух гэтэл нөгөө эрэгтэй дахиад л Ц элдвээр хэл амаар доромжлоод байсан. Ц уурлаад нөгөө эрэгтэйг 2, 3 удаа цохичхоод доошоо буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
гэрч А.М “...12 цаг өнгөрч байхад Ц, Б, С С ажлыг түгжээд үлдсэн, манай ах Ц гадаа ирчихсэн байна гэхээр нь би түрүүлээд тэндээс гарчихсан юм. Гадаа гараад ахтай тамхи татаад 5 минут орчмын дараа миний араас тэр 3 гарч ирсэн..... машин руу гаа явах гээд ярилцаж байтал хажуу талаас миний шанаа хэсэг рүү нэг хүн гараараа цохихоор нь эргээд хартал нэг намхан нуруутай эрэгтэй намайг цохисон байсан, ... тэгтэл намайг цохихыг нь хараад манай ах хажууд зогсож байсан болохоор тэр намхан нуруутай залууг “чи хүн андуураад байгаа юм биш үү” гээд цамцнаас нь заамдаж аваад зогсож байгаад хойш нь түлхтэл тэр эрэгтэй газарт нэг талаараа унаж байгаа харагдсан. ... Ц, Б, С нар ажлаа түгжээд миний араас гарч ирж байхдаа согтуу давхраа андуурсан эрэгтэй С ажлын шатан дээр таараад, давхраа андуурсан талаар нь хэлэхэд Ц маргалдсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Т.М яллагдагчаар өгсөн “...С ажлын шатан дээр намхан нуруутай, туранхай, 35 гаран насны эрэгтэй таараад намайг элдвээр хараагаад байхаар нь нүүрэн тус газар луу нь буюу шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохичхоод гараад явсан, гадаа гараад шатан дээр С, түүний 2 найзтай тамхи татаад зогсож байтал дотор таарсан согтуу эрэгтэй араас гарч ирээд миний цамцны араас зулгааж татахаар нь би зүүн талын мөрнөөс нь урагшаа хүчтэй таттал шатны уруу уначихсан. ...” /хх-ийн 52-53/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0725/4659 дугаар “...Т.М биед зүүн чихэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, бүсэлхий, зүүн мөрд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан. ...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,
2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн гэмт хэрэг гарсан газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хохирогч болон шүүгдэгч нарын хооронд болсон үйл явдлыг тусгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Т.М хохирогч Т.М зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.М оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байх төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч Т.М “...хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй... шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчээс 391,000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч 641,000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй /хх-64/ гэсэн хүсэлтийг гаргажээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэндэд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “...эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсантай нийцжээ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4659 дүгээр “...Т.М биед зүүн чихэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, бүсэлхий, зүүн мөр, баруун шуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт...” гэх шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд “Болор мэлмий” эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 25/41 дүгээр “...баруун нүдэнд торлогийн мэс засал, зүүн нүдэнд торлогийн лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэх албан тоот /хх 68/ хэрэгт авагдсан.
Дээрх эмнэлгийн албан бичигт тусгагдсан онош нь шүүгдэгч Т.М цохиулж зодуулснаас үүссэн гэмтэл гэж шүүх шууд дүгнэх боломжгүй буюу шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдтэй таарахгүй хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхийн энэ шийдвэр нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй бөгөөд шийтгэх тогтоолоор ч мөн энэ эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иймд хохирогч Т.М гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1870 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.М гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА