| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00006/И |
| Дугаар | 305/ШШ2026/00024 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2026/00024
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **************** оршин суух, Х овогт Ч-н Г-н нэхэмжлэлтэй
Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багт эцэг, эхийн хамт мал маллаж” байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 1975 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ********** сумд төрсөн. 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд орж 1991 онд 08 дугаар анги төгсөөд 1992 оноос хойш аав, ээжийн хамт мал маллах болсон. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл мал маллаж байсан жилүүд дутаж 1992-1995 оны малын “А” данс өрхийн тэргүүн болох аав Ч-н нэр дээр гарч байгаа тул Нийгмийн даатгалаас мал маллаж байсан жилийг шүүхээр тогтоолгож ир гэж буцаасан тул миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1992-1995 онд аав, ээжийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Ч.Г нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эцэг, эхийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэвч Г нь 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ТМС-т суралцаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж багасгаж байна. Иймд Ч.Г нь 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд эцэг эхийн хамт ГАА-н ********** сумын 2 дугаар багт малчин байсныг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэж өөрчилжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /Ч.Г/
-Төрсний бүртгэлийн лавлагаа/ Ч.Г /
-Төрөл садангийн лавлагаа /Ч.Г, Б.Ч/
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 671 дугаартай тус аймгийн ********** сумын *********** багийн малчин өрхийн тэргүүлэгч Б-н Ч-н мал маллаж байсан хугацаа/1991-1995 он/-ны лавлагаа, архивын эх баримтын хуулбар
-Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс олгосон Мэргэжилтэй ажилчдыг ажилд хуваарилсан ********* дугаартай томилолт/ Ч.Г/
- Бүрэн дунд боловсролын ************ дугаартай гэрчилгээ / Ч.Г/
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /Ч.И, Б.Ц/
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/Б.Б, Ч.Г/
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 748 дугаартай Я-н Ц-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасан лавлагаа, эх баримтын хуулбар
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/8590 дугаартай 1989 оны хүн амын тооллогын архивын лавлагаа
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Ч.Г/
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ч.Г нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй” байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийн 1024 дугаартай итгэмжлэлээр нэхэмжлэгч нь Ц.Н-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг олгосон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй байна.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь Ч.Г-н 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
3. Нэхэмжлэгч Ч-н Г нь 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********** сумын *********** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан болох нь:
-Нэхэмжлэгч Ч.Г-н “Ч-н Г эмэгтэй, 1975 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн, эцэг: Б-н Ч, эх: Я-н Ц” гэх мэдээлэл бүхий төрсний бүртгэлийн лавлагаа,
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 748 дугаартай “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаар зарлигаар ********** сумын харьяат Я-н Ц-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай гээд Я-н Ц-н хүүхдүүдэд: Б 18 настай, Д 17 настай, Д 15 настай, Т 10 настай, Г 7 настай, Ж 5 настай, Г 3 настай, Э 1 настай гэж бүртгэгдсэн...” гэх лавлагаа, түүнд хавсаргасан эх баримтын хуулбар
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/8590 дугаартай архивын лавлагаанд “1989 оны хүн амын тооллогоор аймаг Говь-Алтай, сум **********, байршил хөдөөд гээд өрхийн тэргүүлэгч Б-н Ч 53 настай, эхнэр Я-н Ц 54 настай, охин Ч-н З 13 настай, хүү Ч-н Э 10 настай, ая/зээ Т-н М 1 настай, хүү Ч-н Ц-т 18 настай гэж бүртгэгдсэн...” гэх архивын лавлагаа,
-Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс Ч.Г-д 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон 4045 дугаартай мэргэжлийн ажилчдыг ажилд хуваарилсан томилолт
-Говь-Алтай аймгийн ********** сумын 8 жилийн дунд сургуулиас Ч.Г-д 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон ********* дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ,
- “Б-н Б, Ч-н Г нар 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон учир 1997 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв” гэх мэдээлэл бүхий гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 671 дугаартай “Тус аймгийн ********** сумын *********** багийн малчин өрхийн тэргүүлэгч Б-н Ч-н мал маллаж байсан хугацаа /1991-1995 он/ хүртэлх мал тоолуулсан байна” гээд малын тоог он тус бүрээр хүснэгтэлж гаргасан лавлагаа, архивын эх баримтын хуулбар гэсэн баримтууд тогтоогдож байна.
4. Иймд Х овогт Ч-н Г-н “1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********** сумын *********** багт эцэг, эхийн хамт мал маллаж” байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овогт Ч-н Г-н “1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********** сумын *********** багт эцэг, эхийн хамт мал маллаж” байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ