| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0558/Э |
| Дугаар | 571 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 571
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Д.Ууганцэцэг,
Шүүгдэгч Д.Б, Н.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б, Н.Онарт холбогдох эрүүгийн 1808010080688 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Б, Н.О нар нь 2018 оны 02 дугаар сарын 20- ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Хыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Б, Н.Онар нь 2018 оны 02 дугаар сарын 20- ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Хыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2018 оны 02 дугаар сарын 20-ны ...шөнө 03 цагийн орчим баарнаас гарсан. Гарахдаа дуусаагүй шилтай пиво бариад гарсан. Гтэй хамт явсан залуу Г хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй муудалцах гээд байсан.Тэр маргалдаад байсан хоёр хүнийг нь Г таксинд суулгаж өгөөд явуулсан. Би караокены ойролцоо байдаг өндөр хайсны төмөрт гарт байсан шилтэй пиво савчихсан чинь урд явж байсан эмэгтэй орилсон. Би харсан чинь тэр хүүхний духнаас нь цус гарч байсан. Тэгж байтал хамт явж байсан намхан залуу нь “чи манай эхнэрийг гэмтээчихлээ, чи яагаад ингэж байгаа юм” гээд миний зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохиод авсан. Би “уучлаарай, миний буруу” гэсэн чинь улаан куртиктэй залуу бас хажуугаар миний цээж рүү гараараа 1-2 удаа цохьсон. Би хажууд байсан Г рүү хартал Гийн дух орчмоос нь цус гарч харагдсан. Миний хамарнаас бага зэргийн цус гарсан. Нөгөө 2 залуу над руу дайраад болихгүй байхаар нь би зам хөндлөнө гарч гүйсэн чинь ардаас хөөж ирээд намхан залуу нь намайг газар унагаад ардаас нь улаан куртиктэй залуу нь ирж хоёулаа миний толгой руу өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-7-9/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 424 дугаартай:...Д.Хын биед зүүн талын 7, 8 дугаар хавирганы зөрүүгүй хөндлөн бороолсон хуучин хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хуучин хугаралтай байна. Д.Хын 2018 оны 02 дугаар 21-ний өдрийн цээжний хэнхэрцгийн рентген зургаар хавирга, өвчүү, эгэм, дал ясанд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байна. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Цээжний хөндийн КТГ-н контрол зураг авч үзэхэд 7, 8 дугаар хавирганы зөрүүгүй хөндлөн бороолсон хуучин хугарал тогтоогдсон бай дээрх 7, 8 дугаар хавирганы хугарал хэзээ үүссэнийг нарийчлан тогтоох боломжгүй. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Толгойн КТГ-н зургийн давтан уншуулахад баруун нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал гэмтэлтэй байна. Дээрх баруун нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх 2018 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө үүсгэгдэх боломжгүй. Д.Хын биед тогтоогдсон зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, чих, хацар, нурууны зулгаралт, чихний цус хуралт бүхий шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-42-44/
- шинжээч Н.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:...7, 8 дугаар хавирганы зөрүүгүй хөндлөн бороолсон хуучин хугарал нь 2018 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд үүссэн гэж цаг хугацааг тогтоох боломжгүй. Хавирга хугарснаас хойш 24-28 хоногт бороолчихдог. Нэг удаагийн хатуу мохоо зүйлээр үүсэх боломжтой. ...7, 8 дугаар зүүн талын хавирга нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, чих, хацар, нуруунд үүссэн цус хуралтууд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/
- гэрч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн...Зам дээр нэг ах эгч хоёртой 4-5 залуучууд хужаа гээд хэрүүл болж байсан чинь дөнгөж өнгөрөөд хойш бид гурав халхаж явсан чинь ардаас пивоны шил барьчихсан нэг залуу гүйж ирээд газар шилээ шидчихсэн чинь би яг тэр үед нь эргэж хартал миний нүүрлүү шил нь үсэрчих шиг болсон. Би тэгээд Д.Б Н.Оыг явъя гэсэн чинь Д.Б намайг харчихаад нүүрнээс чинь цус гарч байна гээд буцаж эргээд пивоны шил шидсэн залуу дээр очоод нүүр лүү нь нэг, хоёр удаа гараараа цохиод өшиглөж харагдсан. Нөгөө залуу нь зам гүйгээд харсан чинь Д.Б ардаас нь хөөхөөр нь би ардаас нь цагдаа дуудчихсан байгаа битгий гэж хашгирсан. Н.О болохоор Д.Бгийн ардаас зулгаагаад боль гээд байсан. Тэгж байтал цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-20-21/
Иймд шүүгдэгч Д.Б, Н.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь шүүгдэгч нартай эвлэрсэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-93/
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Н.О, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.О, Д.Б нарыг тус бүр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н.О, Д.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд 300.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгч Н.Н.От даалгасугай.
5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.О, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР