| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2208003062132 |
| Дугаар | 2025/ДШМ/1177 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1177
2025 10 02 2025/ДШМ/1177
Г.Б, К.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Д.Э өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Б.Гомбодорж,
шүүгдэгч К.Б өмгөөлөгч Г.Должинсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/1867 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Б, К.Б нарт холбогдох эрүүгийн 2208003062132 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Г.Б................... урьд ял шийтгэлгүй,
Б овгийн К.Б ...................., урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Г.Б нь ганцаараа 2015 оны 08 сараас 2021 оны 11 дүгээр сарын 05 хүртэлх хугацаанд хохирогч Д.Н “********** нээнэ, ************-д том оврын авто машины тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт ялсан мөн манай аавын төрсөн дүү Казакстан улсад элчин сайдаар ажилладаг надад авто замын тендер авч өгсөн гэрээг танай **********-аар байгуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Н *********** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өгсөн 141,104 ам.доллар буюу 500,154,903 төгрөг, мөн 146,880,800 төгрөгийг бэлнээр болон дансаар авч, нийт 647,035,703 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.Б, К.Б нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сард “*******” ХХК-иас вагон тээвэр авах боломжтой, 200 вагон түрээсийн урьдчилгаа, гэрээ байгуулж байгаа төлбөрөө бүрэн төлсөн хүмүүст вагон өгч байна” гэсэн хуурамч нөхцөл байдлыг “ачааны вагон ашиглах гэрээ” гэх хуурамч бичиг баримтыг ашиглан бий болгож хуур мэхлэн , хохирогч Д.Э-с 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ****** дүүргийн * дугаар хороо ********* 35,000 ам доллар буюу 99,711,850 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “*******”-т 105,000 ам.доллар буюу 299,195,400 төгрөгийг тус тус бэлнээр авч, нийт 140,000 ам.доллар буюу 398,907,250 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Г.Б, К.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Г.Б үргэлжилсэн үйлдлээр дангаар болон бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах;
Б овогт К.Б бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад шүүгдэгч Д овогт Г.Б 3 жилийн хугацаагаар хорих ял;
Шүүгдэгч Б.К овогт К.Б 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хорих ял эдлэх хугацааг өнөөдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б оногдуулсан 12,000,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б нийт 921,284,743 төгрөг гаргуулж, 642,035,703 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д 279,249,040 төгрөгийг хохирогч Б.Э тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д болон түүний өмгөөлөгч нараас гаргасан талийгаач Д.Н оршуулахтай холбоотой зардал, түүнчлэн талийгаач Д.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Д нарын сэтгэл санаанд учирсан хохирлын талаар гаргасан нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч К.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд “... өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь хохирогчоос их хэмжээний мөнгийг нь залилж авахын тулд түүнийг “Монголд Молливууд байгуулна. Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлнэ, Казакстан улсад замын тендер авсан” зэргээр удаа дараа хуурч мэхлэн, эдгээр зохиомол байдлуудыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогчоос авсан тухайн мөнгө валютыг өөртөө шилжүүлж авсны дараа буцааж өгөх, төлөх ямар ч санаа зорилгогүйгээр, олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр мөнгийг нь авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж байсан байгаа явдал нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй залилах гэмт хэрэг мөн байна. Эндээс үзэхэд шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Н 2015 оны 08 сараас 2021 оны 11 дүгээр сарыг хүртэлх 6 жил гаран хугацаанд үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэрэг болон нь нотлогдон тогтоогдож байх ба энэ хугацаанд Э.Н өөр бусад хүмүүсийг эд хөрөнгөөр нь хохироож, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон тийм үйл баримт хэрэгт авагдаагүй, байнга үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ ... бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Тухайлбал 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм. Шүүгдэгч Г.Б нь 2015 оны 08 сараас 2021 оны 11 сар хүртэл 6 жил гаруй хугацаанд амь хохирогч Д.Н агснаас 141,104 ам.доллар буюу 500,154,903 төгрөг, мөн 146,880,800 төгрөгийг бэлнээр болон дансаар авч байсан, энэ хугацаанд ямар нэг ажил хөдөлмөр эрхэлж, цалин орлого олж, байгаагүй зэргээс үзэхэд Г.Б нь Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон байхад шүүх ямар үндэслэл, нотлох баримтаар үгүйсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлд хамаарахаар байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/1867 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхөр, шүүгдэгч Г.Б залилуулсан учраас амь насаа алдахад хүрсэн. Шүүгдэгч Г.Б “тэг тайлан” гаргадаг хуурамч, зохиомол компанийн нэрийг барьж хүмүүсийг залилдаг. Шүүгдэгчийг хорих талаар удаа дараа гомдол гаргаж байсан, иймд гомдолтой байна. ...” гэв.
хохирогч Д.Э өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б хохирогч Д.Э 279,949,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй...” гэв.
шүүгдэгч Г.Б өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “залилангийн гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. Мөн талийгаач Н 16 удаагийн үйлдлээр мөнгө авсан талаар” дурдаж байна. Гэтэл үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамаарахгүй, амьжиргааны эх үүсгэвэр болгосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Прокурорын яллах дүгнэлт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэгдсэн. ...” гэв.
шүүгдэгч Г.Б өмгөөлөгч Б.Гомбодорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн тайлбартай санал нэг байна. Залилангийн гэмт хэргийг байнга үлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгасан. Шүүгдэгч Г.Б оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлдэг. ...” гэв.
шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Монголд 2010 онд ирсэн, 2013 онд ресторан ажиллуулдаг байсан. 2015 оны сүүлээр талийгаачтай танилцсан. Би ажил хөдөлмөр эрхэлж бизнес хийдэг байсан. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан талаар хохирогчид тайлбартаа дурдаж байна. Энэ үндэслэлгүй зүйл юм. ...” гэв.
шүүгдэгч К.Б өмгөөлөгч Г.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...К.Б нэг үйлдэлтэй буюу 40.000 ам долларын хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн талаараа маргаагүй. Иймд К.Б холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан тайлбартай танилцсан. Прокуророос анхан шатны шүүх хуралдаанд “амьдралын эх үүсвэр болгосон” гэх тайлбартай оролцсон. Шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэж шүүхийн шийтгэх тогтоолыг гаргасан. 2014-2021 оны хооронд удаа даргаагийн үйлдлээр хохирогч Н мөнгө залилж авсан үйлдлийг “амьдралын эх үүсгэвэр болгосон” гэж үзсэн. Хоёр удаагийн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, шүүгдэгч Г.Б яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б, К.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, К.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдлийг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарласан боловч шүүгдэгч Г.Б оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Нямдоржийг 2015 оны 08 сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх удаан хугацаанд өөр хоорондын итгэлцэл бүхий харилцааг ашиглан бодит байдал биелэх боломжгүй хуурмаг нөхцөл байдалд итгүүлэн, хуурч мэхлэх аргаар доллар болон төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч 647,035,703 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч К.Б бүлэглэж 2021 оны 09 дүгээр сард “...вагон олж өгөх...” хуурамч биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болгон “ачааны вагон ашиглах гэрээ” гэх хуурамч бичиг баримт ашиглан хохирогч Д.Э итгүүлэн түүнээс 2021 оны 10 дугаар сарын 04, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд 140,000 ам.доллар буюу 398,907,250 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэргийн хохирол хор уршгийн шинж чанарт анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял тохироогүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг шүүгдэгчийн хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хэрхэн харгалзан үзсэнээ болон энэ нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд хэрхэн нийцэж байгаа талаараа дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагыг хэрхэн хангаж байгааг дээд шатны шүүхээс дүгнэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага, шалгуурын нэг бөгөөд давж заалдах шатны шүүхийн тухайд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг тайлбарлавал зохино.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, шүүгдэгч К.Б авсан хувийн баталгаа гаргах, Г.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/1867 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч К.Б авсан хувийн баталгаа гаргах, Г.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА