Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2020/00997

 

 

Э.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00374 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, Б-ХХК нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 32 275 ам.доллар буюу 87 699 140 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн, хариуцагч Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн, хариуцагч Б-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Х- шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Х- нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б-д 15 000 ам.долларыг сарын 30 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Мөнгийг Б.Б-д Б-ХХК-ийн байранд бэлнээр хүлээлгэж өгсөн. Зээлдэгч Б.Б- нь гэрээгээр тохиролцсон хугацаанд мөнгөө буцаан төлөөгүй тул зээлээ төлөхийг шаардаж 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр биечлэн уулзаж, зээлийг гэрээг 1 сараар сунгасан. Үүнээс хойш олон удаа ярьж, очиж уулзсан боловч зээлээ төлөөгүй. Иймд Б.Б- болон Б-ХХК нараас зээл 15 000 ам.доллар, хүү 6 450 ам.доллар, алданги 10 825 ам.доллар, нийт 32 275 ам.доллар буюу 87 099 140 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа хүүг 6 650 ам.доллар гэж буруу тооцож нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь Б-ХХК-ийг 2018 онд байгуулж, биткойн болон форексийн талаарх сургалтыг явуулж, интернэтээр арилжаанд ордог байсан. Өөрсдөө хөрөнгийн зах зээлд тоглож, ашиг олох боломжгүй, зав муутай иргэдийн мөнгөн хөрөнгийг Б-ХХК-д оруулж, гадаад валютын арилжаанд орж тодорхой ашиг олсон тохиолдолд ашгийг хуваах байдлаар ажилладаг байсан. Б.Б- нь Б-ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд иргэдтэй хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ гэж үйлдэн мөнгөн хөрөнгийг авч эргэлдүүлж ашиг олдог байсан.

Э.Х-оос Б-ХХК-ийн нэрийн өмнөөс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 15 000 ам.долларыг авч арилжаанд оруулсан. Э.Х-оос 19 500 ам.долларыг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-ХХК нь гадаад валютын арилжаа буюу ашиг олох зорилгоор интернэтээр валютыг алт, зэс, газрын тос гэх мэт зүйлд хөрвүүлэн худалдан авч буцаан худалдах байдлаар хөрөнгийн зах зээлд ашиг олох үйл ажиллагаа явуулдаг. Б-ХХК нь хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлэх мөнгөн хөрөнгө бий болгох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мөнгө босгож, ашиг хуваах байдлаар үйл ажиллагаа явуулж байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас тогтвортой үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн. Тус компани Э.Х-той 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 15 000 ам.долларыг хөрөнгийн зах зээл рүү оруулж ашиг олох, улмаар ашгийг хуваан авах талаар амаар тохиролцож, 1 сарын хугацаатай форексийн арилжаанд оруулсан. Улмаар нэхэмжлэгч Э.Х- нь Б-ХХК-ийн захирал Б.Б-д ашиг олсон олоогүйг хянаж мэдэхгүй тул өмнөх 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, хүүг сарын 30 хувь буюу 4 500 ам.доллараар бодож, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээний сунгалт гэж 15 000 ам.долларыг зээлсэн байтал 4 500 ам.долларыг нэмж, 19 500 ам.долларын гэрээ гэх баримт бичгийг үйлдсэн. Б-ХХК нь Э.Х-оос авсан 15 000 ам.долларын хөрөнгө оруулалтыг авсан нь үнэн тул 15 000 ам.долларыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 1 ам.долларыг 2 671.89 төгрөгт тооцож, нийт 40 078 350 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 19 500 ам.долларыг аваагүй, 15 000 ам.долларыг авахдаа хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулаагүй тул хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Өнөөдрийн байдлаар банк санхүүгийн байгууллага нь жилийн 21 хувийн орчим хүүтэйгээр зээлийг олгож байхад Э.Х-ын сарын 30 хувь, жилийн 360 хувийн хүүтэй болжээ. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм. Иймд Б-ХХК нь иргэн Э.Х-т 15 000 ам.доллар буюу 40 078 350 төгрөгийг буцаан төлнө. Хүү, алдангид тооцсон 17 475 ам.долларыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Б-ХХК нараас 66 380 407 /жаран зургаан сая гурван зуун наян мөнгө дөрвөн зуун долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 718 733 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 751 514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Б-ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 489 852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Х-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч "Бит Могул Блокчейн" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Б-д хувьдаа Э.Х-оос мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгуйгээр үйл ажиллагаа явуулна" гэж заасан байх тул Б.Б- нь хуулийн этгээдийн өмнөөс зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурсан. Талуудын хоорондын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хуулийн шаардлага хангаагүй гэрээг шуүх өөрийн санаачилгаар байгуулсан гэж үзэх нь үндэслэлгүй, илтэд хууль зөрчсөн гэж узэж байна. Анхан шатны шүүх баримтыг дутуу үнэлсэн, учир нь талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актад үндсэн мөнгөнөөс авах 15 000 ам.доллар, ашгаас авах мөнгө нь 50 ам.доллар гэсэн нь талуудын хооронд зээлийн харилцаа байхгүй, харин хөрөнгө оруулалтын асуудал байгаа болохыг нотолдог. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар зөв харьцуулан үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг зөвтгөж, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Х- нь хариуцагч Б.Б-, Б-ХХК-д холбогдуулан зээл, хүү, алдангид нийт 32 275 ам.доллар буюу 87 099 140 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б-ХХК 40 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч нэхэмжлэлийн бусад хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Э.Х- нь хариуцагч Б-ХХК-ийн хөрөнгийн зах зээл дээр арилжаа явуулдаг үйл ажиллагаанд зориулж 15 000 ам.долларыг арилжаанд оруулах зориулалттай өгсөн боловч талууд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нөхөж 15 000 ам.долларт зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримт тогтоогджээ. Уг гэрээнд зээл 19 500 ам.доллар гэж бичсэн боловч энэ нь 19 500 ам.доллар биш харин 15 000 ам.доллар гэдэгт талууд маргаагүй байна. /1хх1-2/

Дээрх 15 000 ам.долларыг хариуцагч нэхэмжлэгчид буцаж төлөөгүй тухайд талууд мөн маргаагүй.

Талууд нөхөж байгуулсан зээлийн гэрээндээ хүү болон анзын талаар тохиролцжээ. /хх4-6 /

Нэхэмжлэлээс 20 718 733 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж, Б-ХХК нь хүү, анз төлөх үндэслэлгүй, талуудын хоорондын гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж маргажээ. /1хх105-112/

Хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ юм. Хэргийн баримтаас үзэхэд 15 000 ам.долларыг арилжаанд оруулах ашиг хуваах үйлдлийг нэхэмжлэгч анх хуулийн этгээд болох Б-ХХК-тай хийсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талууд гэрээг нөхөж байгуулах эрхтэй бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүүтэй зээлийн гэрээг нөхөж байгуулсан нь агуулгын хувьд хуульд нийцсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул зээлдүүлэгч нь анх шилжүүлсэн 15 000 ам.доллараа буцаан шаардах эрхтэй. Харин хэлцлээр шилжүүлэн өгөөгүй 4 500 ам.долларыг 15 000 ам.доллар дээр нэмж тооцон нэхэмжилснийг анхан шатны шүүхээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн нь зөв болжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Анх хүүгүй шилжүүлсэн мөнгөндөө хожим хүү тооцохоор тохиролцох нь гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд мөн нийцэх юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсанаар байгуулсанд тооцдог. Хэдийгээр гэрээний толгой хэсэгт гэрээг Э.Х-, Б.Б-, Б-ХХК-ийн хооронд байгуулж байгаа талаар заасан ч гэрээний гарын үсэг зурах хэсэгт Б-ХХК-ийг төлөөлж Б.Б- гарын үсэг зурж тус компанийн тэмдгийг даржээ. Б.Б- компанийн гүйцэтгэх захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. /1хх93/

Талууд гэрээний 4.1-д компанийн бизнес төлөвлөгөө болон гэрээний нууцлалыг хадгалахаар үүрэг хүлээсэн, гэрээнд компанийн тэмдэг дарагдсан, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг тул Б.Бат-Эрдэнийг хуулийн этгээдийг төлөөлж гэрээ байгуулсан гэж үзэх бөгөөд харин тэрээр иргэнийхээ хувьд гэрээнд гарын үсэг зураагүй байна. /1хх93/

Иймд Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс 15 000 ам.долларыг хүү, анзын хамтаар гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ. Мөн ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон төгрөгөөр гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зарчимд нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч Бит Могул Блокчейн" ХХК-ийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч ыБ-ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 470 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 854 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД