Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 305/ШШ2026/00036

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ********************* үйл ажиллагаа явуулдаг ************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: ********************* оршин суух С-н Э-дхолбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 2,818,439.03(хоёр сая найман зуун арван найман мянга дөрвөн зуун гучин ёс зууны гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Зээлдэгч С овогтой Э нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №13489 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг ************* ББСБ ХХК-тай байгуулж нийт 2,000,000 төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Зээлдэгч С овогтой Э нь дээрх гэрээний дагуу даарах зээлүүдийг авсан байна. 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1000004607 дугаартай 2,000,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай сарын 6,5 хувь, жилийн 78% хүүтэйгээр авсан. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна. 1000004607 дугаартай зээлийн хугацаа хэтэрсэн хоног 136, үндсэн зээл 2,000,000 төгрөг, үндсэн хүү 709,479.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,959.99 төгрөг, үйлчилгээний шимтгэл 20,000 төгрөг, нийт 2,818,439.03 төгрөг. Иймд хариуцагч С овогтой Эаас ************* ББСБ ХХК-тай байгуулсан №13489 тоот зээлийн гэрээний дагуу авсан 1000004607 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 2,818,439.03(хоёр сая найман зуун арван найман мянга дөрвөн зуун гучин ёс зууны гурав) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-д олгож өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч С.Э-н хариу тайлбарын агуулга ... Миний бие С овогтой Э нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ************* ББСБ ХХК-с 2 сая төгрөгийн зээл авч, гэрээний дагуу төлөх ёстой өдрөө төлж чадаагүй. Шалтгаан нь эрүүл мэндийн байдлаас хамааран ажилгүй байсан. Хариуцагч би нэхэмжлэгч талын шаардаж буй 2,818,439.03 төгрөгийг хэсэгчлэн төлж хохирлыг барагдуулах хүсэлттэй байна. 2026 оны 01 дүгээр сарын 21-нд 100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 2,618,439.03 төгрөгийг бүрэн төлж дуусган нэхэмжлэгч талыг хохиролгүй болгоно ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч С.Э нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 2,818,439.03(хоёр сая найман зуун арван найман мянга дөрвөн зуун гучин ёс зууны гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн үндэслэл тогтоогдож байх тул ************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй С.Э-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,045(жаран мянга дөчин тав) төгрөгөөс 30,022.5(гучин мянга хорин хоёр арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 30,022.5(гучин мянга хорин хоёр арваны тав) төгрөгийг, хариуцагчаас 30,022.5(гучин мянга хорин хоёр арваны тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 2,818,439.03(хоёр сая найман зуун арван найман мянга дөрвөн зуун гучин ёс зууны гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,045(жаран мянга дөчин тав) төгрөгөөс 30,022.5(гучин мянга хорин хоёр арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 30,022.5(гучин мянга хорин хоёр арваны тав) төгрөгийг, хариуцагчаас 30,022.5(гучин мянга хорин хоёр арваны тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ