Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 305/ШШ2026/00147

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: *** ХХК-д холбогдох

72,112,638 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч *** нар нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтад үндэслэн тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээний үндсэн төлбөр 48,075,092 төгрөг, алданги 24,373,690 төгрөг, нийт 72,112,638 (далан хоёр сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун гучин найм) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "***" ХХК нь "***" ХХК /***/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. "***" ХХК нь *** тоотод байрладаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. "***" ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай байгууллагатай "Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 65,875,600 төгрөгийн төгрөгийн үнийн дүнтэй шар айраг бараа бүтээгдэхүүн худалдан авсан бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 17,800,508 төгрөгийг төлж, үлдэгдэл 48,075,092 төгрөгийг огт төлөөгүй байна. Уг төлбөрийг төлөхийг "***" ХХК-иас удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. "***" ХХК нь бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог төлөлгүй 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 143 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т "Борлуулагч нь нийлүүлэгч талын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцож төлнө." гэж заасны дагуу 143 хоног хугацаа хэтэрсний алдангийг хоногийн 0,5 хувиар бодоход 71,5 хувь буюу мөнгөн дүнгээр 34,373,690 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан үндсэн төлбөрийн 50 хувиар тооцсон дүн 24,037,546 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн үндсэн төлбөрийн хамт гаргуулан авахаар ийнхүү хандаж байна. Үндсэн төлбөр 48,075,092 төгрөг, хугацаа хэтэрсэн 143 хоног, хоногийн алданги 0.5 хувь, хэтэрсэн хоногийн хүү 71.5 хувь, хэтэрсэн хоногийн бодогдсон алданги 34,373,690 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 буюу үндсэн төлбөрийн 50 хувь болох 24,037,546 төгрөг, нийт 72,112,638 төгрөг. Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 48,075,092 төгрөг, алданги 24,373,690 төгрөг, нийт 72,112,638 (далан хоёр сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун гучин найман) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК-д холбогдох 72,112,638 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлж, мөн зарим бараанд буцаалт хийсэн бөгөөд одоо барааны үлдэгдэл төлбөр болох 33,720,773 (гучин гурван сая долоон зуун хорин мянга долоон зуун далан гурав) төгрөг, алдангид 10,000,000 (арван сая) төгрөг, нийт 43,720,773 (дөчин гурван сая есөн зуун долоон зуун хорин мянга долоон зуун далан гурав) төгрөгийг 2026 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээний үндсэн төлбөр 48,075,092 төгрөг, алданги 24,373,690 төгрөг, нийт 72,112,638 (далан хоёр сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун гучин найм) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигч нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн ...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлж, мөн зарим бараанд буцаалт хийсэн бөгөөд одоо барааны үлдэгдэл төлбөр болох 33,720,773 (гучин гурван сая долоон зуун хорин мянга долоон зуун далан гурав) төгрөг, алдангид 10,000,000 (арван сая) төгрөг, нийт 43,720,773 (дөчин гурван сая есөн зуун долоон зуун хорин мянга долоон зуун далан гурав) төгрөгийг 2026 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрэв... гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчид нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, цаг хугацааны хувьд харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 259,256.5 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээний үндсэн төлбөр 48,075,092 төгрөг, алданги 24,373,690 төгрөг, нийт 72,112,638 (далан хоёр сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун гучин найм) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** ХХК нь барааны үлдэгдэл төлбөр болох 33,720,773 (гучин гурван сая долоон зуун хорин мянга долоон зуун далан гурав) төгрөг, алдангид 10,000,000 (арван сая) төгрөг, нийт 43,720,773 (дөчин гурван сая есөн зуун долоон зуун хорин мянга долоон зуун далан гурав) төгрөгийг 2026 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 259,256.5 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР