| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00049/И |
| Дугаар | 305/ШШ2026/00037 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 305/ШШ2026/00037
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: ********************** үйл ажиллагаа явуулдаг, ************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** оршин суух Б-н Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг нийт 695,267(зургаан зуун ерэн таван мянга хоёр зуун жаран долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... Б.Б нь ************* ББСБ ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ********* үүрэн телефоны ********** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Б нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 630,000 төгрөгийг 2.9% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд Б.Б нь нийт 400,000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 10,489 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 329,181 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 60,330 төгрөг тус бүр хасагдсан ба ************* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Б.Б-н үндсэн зээлийн үлдэгдэл 619,511 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 63,130 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 12,626 төгрөг, нийт 695,267 төгрөг байна.
Б.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ************* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 695,267 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно ... гэжээ.
2. Хариуцагч Б.Б-н тайлбарын агуулга ... Б овогтой Б би ************* ББСБ-аас авсан 695,267 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд би дөрөв хуваан төлөх хүсэлттэй байна. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд бүгдийг төлж барагдуулах болно. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, үлдсэн 245,267 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлж дуусгавар болгоно ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 695,267(зургаан зуун ерэн таван мянга хоёр зуун жаран долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,236(хорин нэгэн мянга хоёр зуун гучин зургаа) төгрөгөөс 10,618(арван мянга зургаан зуун арван найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,618(арван мянга зургаан зуун арван найм) төгрөгийг, хариуцагчаас 10,618(арван мянга зургаан зуун арван найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 695,267(зургаан зуун ерэн таван мянга хоёр зуун жаран долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,236(хорин нэгэн мянга хоёр зуун гучин зургаа) төгрөгөөс 10,618(арван мянга зургаан зуун арван найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,618(арван мянга зургаан зуун арван найм) төгрөгийг, хариуцагчаас 10,618(арван мянга зургаан зуун арван найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН