| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 102/2025/00128/И |
| Дугаар | 192/ШШ2026/00726 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00726
2026 01 15 192/ШШ2026/00726
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, **** байр, **** тоот хаягт оршин суух, Х******* овогт И******* М******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **** байр,**** тоот хаягт оршин суух, Д**** овогт С******* С******* /РД:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 371,200,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч И.М******* би хувиараа үнэт эдлэл, алт, монет авах, борлуулах худалдаа эрхэлдэг юм. 2017 оны үеэс С.С*******той ажил, бизнесийн шугамаар танилцсан. Тэрээр хувиараа бизнес эрхэлдэг, бичил уурхай ажиллуулдаг гэж хэлж байсан бөгөөд надад алт тушаадаг байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сард С.С******* нь уул уурхайн ажилд машин техник, бензин тос их ордог учраас мөнгө их хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавьсан юм. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж С.С*******д 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай өгсөн юм. Мөнгийг түүний Хаан банкны ******* тоот дансанд 13 удаагийн шилжүүлгээр өгсөн. Мөн тэр өдрөө буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний барьцаа болгон С.С******* өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** байрны **** тоот 153 м2 6 өрөө орон сууцыг барьцаанд авах гэрээ байгуулсан. Ингээд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч С.С******* нь зээлээ төлөөгүй байсан учраас өөрийн барьцаанд тавьсан дээрх орон сууцыг надад худалдахаар мөн л худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд зээлийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл дахин нэг жилээр сунгах, энэ хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд нийт төлөх зээлийн төлбөр 248,000,000 төгрөг, орон сууцны худалдах үнэ 306,000,000 төгрөг байхаар тус тус тохиролцсон. Гэрээг сунгасан хугацаанд С.С******* нь зээлээ мөн л төлөөгүйн дээр барьцаанд тавьсан орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлж банканд тавьж, надаас авсан зээлээ төлье гэдэг хүсэлтийг тавьсан. Би зээлээ хурдан төлүүлэх зорилготой байснаас гадна түүнд итгээд байрыг нь барьцаанаас чөлөөлж өгсөн. Гэтэл С.С******* нь барьцаанаас байраа чөлөөлүүлж авсан мөртлөө авсан зээлээ төлөөгүй, зээл төлөх талаар шаардахад элдэв шалтаг, шалтгаан тоочиж, өдийг хүрсэн. С.С******* нь үргэлжлүүлээд надаас зээл авах хүсэлт тавьсан. Тухайн үед С.С******* нь ажил овоо бүтэмжтэй байна гэж надад алт авчирч тушааж, удахгүй зээлээ төлж барагдуулна, хүү өгнө гэж байснаас гадна байрыг нь барьцаанд авсан байсан учраас итгэж би С.С*******д үргэлжлүүлэн зээл өгч байсан. Үүнд: 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд түүний Хаан банкны *******, , тоот данснуудад 28 удаагийн шилжүүлгээр 123,200,500 төгрөгийг шилжүүлсэн. С.С******* нь энэ хугацаанд надад 30,000,000 төгрөг буцааж өгснийг нэхэмжлэлээс хасаж тооцсон болно. Иймд С.С*******ос зээлийн төлбөрт нийт 371,200,500 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 371,200,500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч И.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг тохиролцсон ёсоор бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үүнд: Хариуцагчийн орон байр руу ямар нэг хэлбэрээр халдахгүй байх, шүүхийн албадан гүйцэтгэх захирамж гаргуулахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхгүй байх, хариуцагчийн эрүүл мэндийн байдал хүндрэлтэй байгааг ойлгосон тул хариуцагчид сэтгэл санааны дарамт учруулахгүй байх, олон жилийн хамтын үйл ажиллагааны итгэлцлийг харгалзан үзэж харилцан тохиролцсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлөө. Барьцаанд байсан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Хилсайд хотхон, **** байр, **** тоот байрыг буцаан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж М*******ын барьцаанд бүртгэж бариулахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч И.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийн журмаар шийдэж өгнө үү гэх тайлбарыг ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.М******* нь хариуцагч С.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 371,200,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.С******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. И.М*******ын нэхэмжлэлтэй, С.С*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 371,200,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,013,950 төгрөгөөс 1,006,975 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 1,006,975 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч И.М*******т олгож, хариуцагч С.С*******ос улсын тэмдэгтийн хураамжид 1,006,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ